Увс аймгийн Дугуйн холбооны ахмад тамирчин, өдгөө 81 настай Б.Жанчиг багийнхаа долоон тамирчны хамт 1350 км замыг дугуйгаар туулсан юм. Тухайлбал, аймгаасаа Улаанбаатар хүртэл ес хоног дугуйгаар аялж, эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах талаар залууст сурталчилсан билээ. Хол замыг бие, сэтгэлийн хүчээр ажрахгүй даван туулж, зорилгоо биелүүлсэн түүнтэй ярилцлаа.
-Хэр баргийн залуучуудаас дугуйгаар хол зам туулах эр зориг гарахгүй шүү дээ. Багийнхантайгаа Увс аймгаас Улаанбаатар хүртэл аялсныг тань хараад бахархсан. Энэхүү аяллаа ямар шалтгаанаар эхлүүлсэн бэ?
-Би 2000 онд гавьяаныхаа амралтад гарсан. Одоо 81 настай. Мотоцикл унадаг байснаа болиод, тэтгэврийнхээ анхны мөнгөөр дугуй худалдан авч байлаа. Ид залуудаа олон суурь өвчинд нэрвэгдсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарахын тулд дугуй унахаар шийдсэн юм. Түүнээс хойш 20 гаруй жил дугуйтай нөхөрлөлөө. Ингэснээрээ өөрийгөө ч эмчилсэн гэж боддог. Цар тахал намжсаны дараа хөшиж байснаас хөдөлсөн нь дээр гэж бодоод хот руу дугуйгаар аялах санаа төрсөн юм. Тухайн үед ганцаараа явах гэтэл хүүхдүүд, орон нутгийнхан, Дугуйн холбооныхон зөвшөөрөөгүй. Ингээд олуулаа, дэм дэмэндээ хол замыг амжилттай туулж чадлаа. 80 гаруй настай намайг дугуйгаар ийм хол зам туулсан гэдэгт зарим хүн огт үнэмшээгүй. Гэсэн ч нүд үнэнч, чих худалч гэдгийг баталж, залуучуудад үлгэр дуурайл болохыг зорьсон юм. Үүндээ хүрсэндээ сэтгэл өндөр байна.
СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭР БҮХНИЙГ ДАВАН ТУУЛДАГ
-Замдаа хэр их ядрав?
-Сэтгэл санаа өөдрөг байсан тул ядарснаа ч мартсан шүү. Хүмүүс баяр хүргээд, “Ядрав уу” хэмээн асуухад “Үгүй” гэж хариулсан. Харин ч аялж ирсний дараа бие хөнгөрөөд сайхан байна. Хүний сэтгэлийн хүч бүхнийг даван туулж чаддаг гайхамшигтай гэдгийг өөрийн биеэрээ харуулахыг хүсдэг. Зорилгоо ч биелүүллээ. Ганцаараа явсан бол амаргүй л байсан болов уу. Аяллын сүүлийн хоногт Улаанбаатараас хоёр залуу угтсанаар сайн явж ирсэн.
-Цаг агаарын байдал аялалд тань хэрхэн нөлөөлсөн бол?
-Биднийг нийслэлийн зүг хөдлөхөд нутгийн салхи араас “Сайн яваад ирээрэй” гээд үдэж өгөх шиг үлээж байлаа. 200-гаад км зам туулахад салхины хүч ихсэж, өөдөөс шуурч эхэлсэн. Зарим өдөр наранд ч түлэгдлээ. Хамт явсан залуучууд урд орж салхи халхлан, сэтгэлээрээ дэм өгөх нь үнэхээр сайхан санагдсан даа.
-Ярианаас тань зориг тэвчээртэй, өөдрөг бодолтой хүн гэж ойлголоо. Ийм өөдрөг байдгийн нууц нь юу вэ?
-Хөдөлмөр намайг хүн болгосон. Хөдөлж байж хүнээс хөлс, амжилт бүтээл гардаг. Багадаа ядуу зүдүү амьдрал туулж, олон бэрхшээлийг давснаар хатуужил, зориг, тэвчээр суусан байна. 2009 онд ханиа алдчихаад нэг үе бусдаас зугтаж, аль болох ганцаараа байхыг хүсдэг болсон. Үүнээс шалтгаалан ганцаардаж эхэлсэн юм. Одоо бол ганцаардлаасаа ангижирч, олны дунд орж, нээлттэй болсон шүү.
-Өдөр бүр дасгал хийдэг үү?
-Дугуй унахын зэрэгцээ найман тоот дасгал хийдэг. Хөгшин хүн өглөө босоход хөшсөн байдаг юм. Тиймээс дасгал хийхгүйгээр шууд дугуй унахад хэцүү. Залуудаа уул хадаар гүйдэг байв. Одоо бол өдөрт 20-30 км замыг дугуйгаар тогтмол туулдаг. Намайг бага байхад орос дугуй л байлаа. Тэр нь их ховор. Хүний биеийг хөгжүүлж, эрүүл мэндийг бүх талаар нь дэмждэг зүйл бол дугуй. Наанадаж гар, хөлийн булчин жигд хөгжинө. Тамир тэнхээтэй болгож, цэвэр агаараар амьсгалах боломж олгодог. Дугуйны ач холбогдлын тухай яривал их. Байгаль орчинд ээлтэй, газар талхлахгүй, дуу чимээгүй, эдийн засагт хэмнэлттэй, утаа гаргахгүй, 70-80 кг ачаа даана гэх мэт. Залуучуудад эрүүл мэндээ хамгаалах талаар ойлгуулахыг хүсэж явдаг. Миний зорилго ерөөсөө л энэ. Их энгийн байгаа биз дээ.
ХЯЗГААР НУТГИЙН ЗАМЫН ХӨГЖИЛД ОРОЛЦСОН
-Та ямар мэргэжилтэй вэ. Хаана ажиллаж байв?
-Би замчин, бас нефтьчин, энергийн багш. Зам, барилга ашиглалтын трестэд 17-тойгоосоо 56 нас хүртлээ ажиллаж, нормчин, мастер, хэсгийн ахлагч хүртэл хийсэн. Хүнд амьдралын улмаас IV ангиа төгсөөд, сургуулиасаа гарч, ажил хийж эхэлсэн юм. Ингээд л хязгаар нутгийн замын хөгжилд оролцох болсон.
Баян-Өлгий аймгийн Хоолой хавцалын замын ажилд 1959, 1968-1970 онд Ховдын зам, гүүрийг барихад оролцсон. Мөн Увс аймгийн төвийн зам, Баруунтурууны хоёр гүүрний далан, 1986 онд Улаанбаатар хотын нисэх буудал орчмын замын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явлаа. Тэр үед техник хэрэгсэл ховор тул бүх зүйлийг гараараа хийдэг байв. Одоогийнх шиг экскаватор байгаагүй. Замын ажил хүнд шүү дээ. Замчид хээрээр гэр хийж, хэцээр дэр хийдэг. Бидний техник хэрэгсэл гэвэл долоон кг-ын хүрз, жоотуу л байлаа. Эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө хөлсөө дуслуулан, жилийн дөрвөн улирлын турш шантрахгүй зүтгэж байсан хүмүүс бол замчид гэж хэлнэ. Гэвч ажилчин ангийн эдгээр хүн ямар ч үнэ цэнгүй, бараг хоосон шахам хаягдсан даа. Ардчилалтай залгав уу, үгүй юү Зам, барилга ашиглалтын трестийг татан буулгасанд гомддог. Энэ талаар ярих зүйл олон бий. Удирдлагуудын буруугаас замчдын хөдөлмөр, дурсамж, итгэл найдвар нь бүдгэрч бөхсөн. Замчдын түүх үгүй болсон. Үүнийг залуус мэдэж байх хэрэгтэй.
...Хүний биеийг хөгжүүлж, эрүүл мэндийг бүх талаар нь дэмждэг зүйл бол дугуй. Наанадаж гар, хөлийн булчин жигд хөгжинө. Тамир тэнхээтэй болгож, цэвэр агаараар амьсгалах боломж олгодог...
-Эх орондоо ингэж хөдөлмөрлөсөн таныг шагнасан уу?
-2003 онд тэтгэвэрт гарсныхаа дараа “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Надад одоо шагнал хэрэггүй ээ. Тухайн цаг үед нь өгөөгүй шагнал дараа нь ямар ч үнэ цэнгүй. Төр, засаг замчдаа хайхраагүй олон жил болсон. Ганцхан би биш, олон хүн бий. Зам бол хөгжил дэвшлийн тулгуур. Тэр хөгжлийг замчид бүтээн байгуулсан. Гэтэл тэр ажилд оролцож, хөлс дуслуулаагүй хэдэн зальтай хүн төрийн шагнал авдаг цаг иржээ. Манай улсад гавьяат замчин нэг ч алга. Миний үед хамт ажиллаж байсан хүмүүс одоо бараг бүгд мөнх бусыг үзүүлсэн. Бүтээсэн гавьяатай хэрнээ нэг ч удаа шагнуулаагүй тэдгээр хүний өмнөөс би гомддог юм.
-Хүүхдүүддээ юуг захиж хэлдэг вэ?
-Манайх долоон хүүхэдтэй. Миний хүүхдүүд бор зүрхээрээ хөдөлмөрлөдөг. Тэдэндээ “Худал битгий хэл. Хүнд тусалж яв. Хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Муу үгийг битгий хэлж бай” гэж захидаг. Бидний үед иргэдээ боддог, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм байж. Одоо цагт мөнгөтэй хүмүүс нь сайхан, мөнгөгүй нь ядруухан амьдарч байна. Улс орноо авч явах хойч үе минь л хэцүүдэх нь. Үүнд санаа зовдог. Залуустаа захиж хэлэхэд “Аливаа зүйлийг санаачилж хийдэг болоосой. Хүнийг хөдөлмөр л бий болгодог юм шүү. Архи, тамхинд битгий дурла. Худал битгий хэл, хулгай бүү хий. Эх орон, газар шороо, хүнээ, эд хөрөнгөө ч хайрлаж байгаарай. Нэгдүгээрт эв найрамдал, хоёрдугаарт үүрэг хариуцлага, гуравдугаарт цааз. Монгол Улс ийм гурван зүйл дээр зогсох хэрэгтэй. Эрх баригчид сүүлийн 30 жилд юу ч хийгээгүй. Тэд улсаа хөгжүүлдэггүй атлаа ил, далд завшиж байна шүү дээ. Үйлдвэр бариад, хүнээ хөгжүүлэхэд анхаарахгүй юм.
БАЙГАЛЬ, ХӨДӨЛГӨӨН ХОЁРООР ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭДЭГ
-Өөрийгөө эмчилсэн гэж та өмнө дурдсан. Хэрхэн эмчилсэн бэ?
-Би 76 настайдаа энергийн сургалтад сууж, 500 гаруй хүн эмчлэн, 40-өөд шавь бэлтгэсэн багш хүн. Миний ээж бариач хүн байсан. Энэ нь надад өвлөгдсөн болов уу. Би цар тахлыг эмчилж чадна. Хүний эрүүл мэндийг хамгаалахаар бариа засал хийдэг. Монгол гэр энергитэй. Тиймээс гэр барьсан. Миний хөл, гар өвддөг, шөрмөс татдаг, бараг алхаж чаддаггүй, арьсны өвчтэй байлаа. Энэ бүгдийг энергээр эмчилж эдгээсэн. Байгаль, хөдөлгөөн хоёроор өөрийгөө цэнэглэж, энергийн буянд эрүүл саруул явна.
-Гараа хумхиж, зүгээр суудаггүй, идэвхтэй хүн гэж таныг л хэлэх юм байна даа. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Залуу байхад чөлөөт цаг бараг гардаггүй байлаа. Харин одоо чөлөөт цагаараа волейбол, хөлбөмбөг тоглодог. Урлаг, спортод дуртай. Дуу, хөгжим хүний сэтгэлийг өөдрөг, эрч хүчтэй болгодог. Дугуйгаа унахдаа цоглог дуу сонсоод явах гоё. Хааяа аймгийн ахмадын бүжигт ч оролцоно. Дугуйгаар 60 настнуудтай уралдаж, III байр эзэлж байлаа. Аймгийнхаа сургуулийн сурагчдад эх орноо хайрлаж, хамгаалах, хэрхэн хөгжүүлэх талаар лекц сайн дураараа уншдаг юм. Мөн “Ахмадын сургаал алт. Ахмад үеэсээ суралцаж, алдаагаа зас, дахин бүү алд” гэсэн сэдвээр лекц уншдаг.
-Орчин үед техник, технологи хөгжөөд бүх зүйл хялбар болсноор хүмүүс хөдөлгөөний дутагдалд орох нь ихэссэн. Үүнээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөгөө өгнө үү?
-Өнөө үед миний үзэж буйгаар таван өвчин хамгийн элбэг байна. Тэдгээр нь, эрх чөлөөтэй байх, стресстэж бухимдах, хөдөлгөөний дутагдал, баталгаагүй хоол хүнс хэрэглэх, нэгнээсээ гоё харагдах гэж гангарах юм. Эдгээрээс сэргийлэхийн тулд дугуй унаж, гимнастик, бүжиг хийх хэрэгтэй. Бүжиг ганцаардлаас ангижруулна. Мөн бусдад тус хүргэж яв. Сэтгэлээ ариун, зөв байлгаарай. Хар муу санаа битгий гарга, биеэ хайрлаж байгаарай гэж залуустаа захья.