Нийслэлийн хэмжээнд үерийн дараа нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбooны Удирдах зөвлөлийн гишүүн, эрүүл ахуйн тэргүүлэх зэргийн эмч А.Баасанжавтай ярилцлаа.
-Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хэрэгцээ, шаардлага яагаад үүсдэг вэ?
-Газрын хөрсний өнгөн хэсгийн 8-12 см-ийн гүнд нүдэнд үл харагдах вирус, бактери, нян байдаг. Тэдгээр нь өвөл хөлдөж, зун гэссэнээр гэдэсний халдварт өвчин, сүрьеэгийн савханцар, хоолны хордлого үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс жил бүр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас (УБЗАА)-наас нийтийн эзэмшлийн талбай, гуу жалга, хүүхдийн тоглоомын талбайг ариутган, халдваргүйжүүлдэг. Энэ жилийн хувьд үерийн дараах ариутгал гэдэг утгаараа онцлогтой байна. Үерийн дараах ариутгалыг долдугаар сарын 9-нөөс хийж эхэлсэн. Үүнд автобусны буудлуудын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдийг татан оролцууллаа. Одоогоор 4.3 сая ам метр талбайг ариутгаад байна. Цаашид ч ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилнэ. Хөрсний бохирдол маш их байгаа. Иймээс цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх хэрэгтэй. Мэдээж байгалийн өөрийн цэвэрлэх процесс ч явагдаж байгаа.
-Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-НЭМГ-ын байцаагч нар ариутгал хийсэн талбайгаас шинжилгээ авч, бохирдлын хэмжээ багассан тохиолдолд халдваргүйжүүлэлтийн ажил дуусна. Бохирдлын хэмжээ буураагүй тохиолдолд хэд хэдэн удаагийн давтамжтай ариутгал хийнэ. Давтамжийн хувьд 1-2 хоногийн зайтай байдаг.
-Ихэвчлэн аль байршлуудыг ариутгаж байгаа вэ?
-УБЗАА-наас заасан байршлуудад ариутгал хийж байгаа. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн үерт автсан байршлуудад тогтмол ариутгал хийж буй. Мөн Сэлбэ гол дагуух зуслангийн бүс дэх гуу жалга, нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж байна. Ариутгалын мэргэжлийн компаниуд зориулалтын шүршигч машин, автомат багаж, төхөөрөмж, ариутгалын бодисуудыг ашигладаг. Ариутгалын уусмалд хөндлөнгийн хяналт тогтмол хийж, сорьцын шинжилгээ авдаг.
-Гэр хорооллын иргэд өөрсдөө ариутгал хийе гэвэл ямар бодис ашиглах вэ. Юуг анхаарах хэрэгтэй бол?
-Иргэд тусгай зөвшөөрөлтэй ариутгалын компаниудад хандан, жавелион, длорсепт17 зэрэг бодисыг ашиглах боломжтой. Мөн нүхэн жорлонгууд үерийн усаар дүүрсэн байгаа тул гадна, дотор орчныг ариутган цэвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайн элсийг солих зэргээр дор бүрнээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авах боломжтой.
-Ариутгал хийж буй ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй компанийн ажилчид Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон мэргэжлийн холбоодын сургалтад хамрагдсан байдаг. Мөн хамгаалалтын хувцас, нэг удаагийн хэрэгсэл, багаж төхөөрөмж, тусгай ариутгалын бодисоор бүрэн хангагдсан.
-Ер нь ариутгал, халдваргүйжүүлэлтэд иргэд, аж ахуйн нэгжүүд хэр идэвхтэй оролцож байгаа вэ?
-Нийслэлийн зүгээс үерт өртсөн байршлуудад хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ариутгал хийж байгаа. Гэвч бүх газарт хүрч ажиллах боломж хомс. Иймд хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил, эдэлбэр газраа сайтар цэвэрлэж, ариутгах шаардлагатай. Нэг удаа ариутгаж, цэвэрлээд нян, бактери устахгүйг иргэд ойлгох хэрэгтэй. Олон удаагийн давтамжтай цэвэрлэгээ, ариутгал хийж байж эрүүл орчин бүрдэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын 30 гаруй компани ажилласан. Гэтэл одоог хүртэл ямар ч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эдгээр компанид хандаж, ариутгал хийлгээгүй. Иргэн, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ санаачилга гаргаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, эзэмшил талбайгаа ариутган, цэвэрлэх шаардлагатай.