“Монголын нууц товчоо”-г украин хэлээр орчуулсан инженер, түүхч Ц.Цогтсайхантай холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.
-Танд баяр хүргэе. Их ажлын ард гарчээ.
-Баярлалаа. Арав гаруй жил нухлаа.
-Та нисэхийн инженерийн дээд сургууль төгссөн юм байна. “Түүхч” хэмээх тодотгол Монголынхоо түүхийг бие даан судалсных уу?
-Тийм ээ. Залуу байхаасаа Монголын түүх судалсан. “Монголын нууц товчоо”-г украин хэлээр орчуулж эхлэх үедээ хэт гэнэн, бас зоригтой байж. Сонирхолдоо хөтлөгдсөн юм. Бас нэгэнт эхэлсэн тул дуусгахыг хүссэн. Арваад жил орчуулах ажил нухах хугацаандаа маш их судаллаа. Бэлэн болгоод украин хэлний мэргэжилтнээр хянуулсан. Хавтасны болон бусад зураг бол зураач З.Уянгын бүтээл. Би түүнд хандсан юм. Агуулгыг тодотгох маш гоё зургууд гаргаж өгсөнд баярлаж байгаа.
-Орчуулсан бүтээлээ Монгол руу илгээх бодолтой байна уу?
-Явуулна аа. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Үндэсний номын санд илгээнэ. Эрдэмтэн, судлаачдаас үг, шүүмж сонсохыг хүсэж байна.
-Та мөн Чингисийн залуу насны тухай зохиол бичсэн байна. Түүний амьдралын, “Монголын нууц товчоо”-нд огт дурдаагүй долоон жилийн түүхийг таамаглаж, зохиол бичсэн гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Зарим мэдээлэл олдсон. Эдгээрийг “Монголын нууц товчоо”-той холбож эргэцүүлэхэд Тэмүжиний амьдралын зам харагддаг. Уран зохиолын ном бичсэн л дээ. Нэр нь “Дэглийн зам”. Тайлбар нь буюу тодотгол нь “Чингисийн залуу нас”. Тухтай ярилцвал “Монголын нууц товчоо”-нд огт дурдаагүй долоон жилд Тэмүжин яаж амьдарч байсан тухай маш олон жишээгээр тайлбарлаж болно. Сонирхолтой таавар гаргаж, адал явдалт ном болгосон юм. Нарийн авч үзвэл Тэмүжиний төрсөн он нь ч эргэлзээ, маргаантай. Ойролцоогоор долоон жилийн зөрүүтэй юм шиг. Одоо би “Дэглийн зам”-ынхаа хоёрдугаар боть дээр ажиллаж байна. Хэд хоногоос англи хэлээр “Амазон” болон бусад талбарт гаргана.
-Англи хэлээр та орчуулаа юу?
-Тийм ээ.
-Сайхан байна шүү. “Дэглийн зам”-ын уншигчдын сэтгэгдлээс сонирхож болох уу?
-Фэйсбүүкээс харж болно. Уншигчид хүсээгүй бол англи хэлээр орчуулах нь бүү хэл, хоёрдугаар ботийг бичих сэтгэгдэл төрөхгүй байсан болов уу.
-Та үндсэн мэргэжлээрээ хэзээ Монголдоо ажиллаж байсан бэ?
-1989-1994 онд МИАТ-т инженер, багш, төслийн мэргэжилтнээр ажиллаж байлаа. Тэр үед “Буянт-Ухаа” нисэх буудлыг шинэчлэх олон улсын төсөл хэрэгжүүлж байсан юм. Украинд 1995 оноос хойш амьдарч байна. Манайх Киевийн ойролцоо байдаг. 2001 онд украин бүсгүйтэй гэрлэсэн. Долоо, 12 насны хоёр хүүтэй. Хааяа Монголдоо очдог. Хүүхдүүд бага байгаа болохоор эндээсуурин ажилладаг.