Иргэн А нь сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч М-тэй бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М-ийн ээж Т-гийн эзэмшлийн “Б” ХХК-тай гэрээ байгуулж, уг компаниар дамжуулан 11.647.780 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн, нүүрс, ариутгалын бодис болон бусад эд зүйлсийг цэцэрлэгт нийлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос иргэн А, М нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А нь нийтийн албан тушаалтан буюу цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч М-ийн хамаарал бүхий хүн болох түүний ээж Т-гийн эзэмшлийн “Б” ХХК-тай гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тухайн компаниар дамжуулан цэцэрлэгт өөрөө хүнсний бүтээгдэхүүн, эд зүйл нийлүүлсэн, нягтлан бодогч М нь ээждээ туслах нэрийдлээр “Б” ХХК-ийн нэрээр цэцэрлэгт гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар цэцэрлэгийн эрхлэгч А-гийн нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг “Б” ХХК-ийн дансаар дамжуулж, цэцэрлэгийн эрхлэгч А болон түүний нөхөр С нарын дансанд тус тус шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогджээ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүргийг гүйцэтгэнэ.” гэж хуульчилжээ.
Иргэн М нь сумын Хүүхдийн цэцэрлэгийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаа боловч ажил, үүргийн дагуу дээрх хуулийн 20 дугаар зүйлд заасан нийтийн албан тушаалд хамаарах ерөнхий нягтлан бодогчийн эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээх учраас түүнийг нийтийн албан тушаалтанд хамааруулан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Иймээс А, М нарыг бүлэглэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрхлэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ял, нягтлан бодогчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6400000 (зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.