Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудын шагналт, тенор Д.Дагвадоржтой ярилцлаа. Тэрбээр хойд хөршийн Буриад улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан юм. Эдүгээ Орхон аймагтаа суурин амьдарч, чуулгадаа хүчин зүтгэж байгаа аж. Дуучин өөрийгөө хөгшин уралдаанч гэсэн. “Сити” их сургуулийн дуулаачийн анги төгссөн, “Эрдэнэт”-дээ 13 дахь жилдээ ажиллаж буй тэрбээр олон улсын уралдаанд 2019 оноос эхэлж оролцсон юм билээ. Хожуухан гарсан ч, ширүүхэн дайрч яваа уран бүтээлч өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Москвад цойлсон. Тэнд болсон И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XII уралдаанд эстрад, эх орны сэдэвт дууны, мэргэжлийн, “С.Рахманиновын романс”, “И.Дунаевскийн бүтээл” гэсэн таван төрөлд нь түрүүлсэн.
Үүнээс хэдхэн хоногийн дараа мөн тус хотод сонирхолтой уралдаанд оролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан соёлын сайн санаачилгыг дэмжих сангаас зохион байгуулсан дуулаачдыг ажил олгогчидтой шууд холбох зорилго бүхий “Ангажемент” хэмээх олон улсын дуучдыг хамруулсан уралдаанд тэрбээр тэргүүн байр эзэлсэн. Уг нь мань хүн томоохон театрт дуурьт тоглох, дүр бүтээх тусгай шагналыг нь авах хүсэлтэй оролцсон юм билээ. Тэгээд ч уралдааны журамд нь ОХУ-д амьдарч, сурах эрхтэй, тийм ангиллын визтэй хүнд тусгай шагнал олгоно гэж заасан байжээ. Бид ийнхүү ярилцсан юм.
-Орон нутгийн театруудад ажилладаг уран бүтээлчдээс олон улсын уралдаанд өндөр амжилт гаргадаг нь цөөн. Таныг ДБЭТ-т ажиллах түвшний ур чадвартай дуучин юм биш үү гэж бодлоо.
-Сургуулиа төгсмөгцөө ДБЭТ-т ажиллах хүсэлтээ өгдөг юм бил үү гэж бодож байгаад больсон юм. Цалин нь арай л бага.
-Та хойд хөршийн Буриад улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт хэр удаан ажиллав?
-Бараг гурван жил болсон. Сүүлийн үеийн амжилтуудыг минь үнэлсэн юм болов уу, Дарима Линховоин багш ажиллахыг санал болгосон л доо.
-Олон улсын уралдаануудын амжилтынхаа тухай тодруулж яриач.
-Дуурийн дуулаачдын олон улсын “Байкальский” уралдааны 2019 оныход түрүүлсэн. Үүний анхны буюу 2011 онд зохион байгуулсан уралдаанд одоогийн Ардын жүжигчин Э.Амартүвшин, 2015 онд Г.Ариунбаатар гавьяат нар тэргүүн байр эзэлсэн юм. Буриадын төдийгүй Оросын дуурийн урлагийн алдартан Л.Линховоины нэрэмжит олон улсын уралдаанд гран при шагналтан болж, Л.Линховоины нэрэмжит шагнал авсан. Дараа нь Ким Базарсадаевын нэрэмжит уралдаанд тэргүүн байр эзэлсэн. 2020 онд Итали улсад болсон “Венчеро” гээд 54 орны 800-гаад дуучин оролцсон олон улсын уралдааны “Шилдэг 20”-ын нэг болсон. Тэр олон дуучнаас эхлээд 60-ыг нь сонгоод, тэдэн дундаас 20-ыг өрсөлдүүлэхэд амжилт гаргасан юм. Түрүү жил Ким Базарсадаевын нэрэмжит уралдаанд оролцсоныхоо дараа Болгар улсад болсон тенор хоолойтнуудын олон улсын уралдаанд оролцож, IV байр эзэллээ. Түүнд олон орны 112 дуучин өрсөлдсөн.
Энэ оны эхээр Оросын дуурийн алдартан Хибла Герзмавагийн нэрэмжит уралдааны “Шилдэг 16”-гийн нэг болсон. Манай улсаас баритон Э.Очирсайхан, тенор Отгонболд бид гурав оролцсон. Би 2019 онд уралдаанд түрүүлсэн амжилтаараа Владивосток хот дахь Мариинский театрт ажиллах урилга авсан юм. Гэсэн ч Дарима Линховоин багшийн “Буриадын театрт хоёр жил ажиллаад явбал ямар вэ” гэсэн саналын дагуу үлдсэн. Тэнд дажгүй л байлаа. Гэтэл хоёр жилийн өмнө тус театрын удирдлагын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөр хөтөлбөр бага зэрэг өөр болсон. Дэлхийн сонгодог гэхээс илүүтэй Оросын хөгжмийн зохиолчдын дууриудыг түлхүү тоглох шинжтэй. Италийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлүүдэд тоглох, дүрүүдийг өөрийн болгох хүсэлтэй надад нэг л тиймхэн санагдаад байхаар нь ажлаас гарсан.
-Буриадын театрт олон жил ажилласан монгол дуучид бий. Тэд тэнд байгаа юу?
-Басс Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн хавраас Владивосток хот дахь Мариинский театрт ажиллаж байгаа. Буриадын Ардын жүжигчин Н.Мөнхзул, сопрано С.Батчимэг нар театртаа ажиллаж байна. Нэг үе дөрвөн монгол гоцлол дуучинтай байв.
-Владивостокийн театр аятайхан бололтой.
-Санкт-Петербургт байдаг Мариинский театрын Приморын хязгаарын тайз гэдэг юм билээ. 2012 онд Дуурийн театр, концертын танхимын цогцолбор гэж байгуулсан, Ази, Номхон далайн бүсийн хамгийн том, орчин үеийн театр. Санк-Петербургийн төв театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач В.Гергиев уран сайхны удирдагчийнх нь албыг давхар хашдаг.
-Та Эрдэнэтэд төрж, өссөн үү?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын буюу Зүүнхараагийн уугуул.
-Дуучны мэргэжил яагаад сонгов?
-Багаасаа дуулах дуртай байсан болохоор хүсэлдээ хөтлөгдсөн. СУИС-ийн шалгалтаас хоцроод гэртээ байж байтал “Монголжингоо” дээд сургууль дуулаачаар сургана гэсэн мэдээлэл сонсоод, ирж шалгуулсан юм. ДБЭТ-ын гоцлол дуучнаар олон жил ажилласан С.Оюунчулуун, А.Сайнбаяр багш нараар заалгаж төгссөн. Анхны багш минь Г.Гэрэлбаатар.
-Одоо “Эрдэнэт” чуулгадаа сэтгэл ханамжтай ажиллаж байна уу?
-Анх ажилд орсон, намайг хүлээж авсан байгууллага минь болохоор би маш дуртай ажилладаг. Өдгөө чуулгаа өргөжүүлэх, хөгжүүлэх шаардлага тулгамдаж байна гэдэгтэй уран бүтээлчид маань бүгд санал нийлж байгаа. Манайх бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын соёл урлагийн цогцолборын дэргэдэх дуу, бүжгийн чуулга юм. Энэ үйлдвэрийн 7000 шахам ажилчны соёл, урлагийн чиглэлийн бүхий л үйлчилгээг хариуцдаг. Үйлдвэрийн зүгээс зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд дуулж, хөгжимдөнө. Ажилчдад дуу, хөгжим, бүжиг заана. Нэгжүүдийн дунд уралдаан, наадам зохион байгуулна. Ажилчдын соёл, боловсрол, хөгжилд чиглүүлсэн үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Үүний зэрэгцээ Орхон аймгийнхаа 110 000 гаруй хүн амд бас үйлчилдэг. Ачаалал ер нь их.
-“Уурхайчин” соёлын ордонд байрладаг уу?
-Тийм ээ. Уран бүтээлчид одоо 29-үүл. Найман дуучин, 10 бүжигчин, есөн хөгжимчинтэй. Найруулагч, хормейстер гэсэн уран бүтээлийн удирдлагууд бий. Бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болохоор сонгодог бүтээл тавих боломж байдаггүй. Өөрөө хэлбэл, уран бүтээлчид чадвараа тултал ажиллах боломж байхгүй. Томоохон дуурийн театрт ажиллаж байгаад ирсэн болохоор тэр биз ээ, чуулгыг цаашид ийм байлгаж болохгүй гэсэн бодол салахаа байсан. Чуулгыг оркестртой болгох цаг болжээ. Манай улсын бүх аймаг биш юм гэхэд томоохон суурин газрууд цөөхөн ч болов бүрэлдэхүүнтэй оркестртой байж яагаад болдоггүй юм бэ. Иймэрхүү бодол тээж, судалж явна. Хүний нөөц дутагдалтай нь хэцүү. Гэхдээ сайн зохион байгуулбал уран бүтээлчид аль ч аймгийн театр, чуулгыг зорьж очих байх гэж боддог. Монгол Улс хөгжмийн ганцхан театртай. Улсын хоёрхон оркестр байдаг. Тэдгээр нь орон нутагт тоглох боломж байхгүй. Хэдий болтол ийм байх вэ.
Цаашид уран бүтээлээ гэх үү, хувиа бодоод хаа нэгтээ тууштай ажиллаж болох байх. Гэтэл ядаж “Эрдэнэт” чуулгаа өргөжүүлж, дор хаяж 18-20 хөгжимчний бүрэлдэхүүнтэй жижгэвтэр оркестртой болгочихмоор байна. Эрдэнэтэд оркестр байгуулъя гэж зохих хүмүүст хэлж, танилцуулж эхэлсэн. Зарим нь нааштай хүлээж авсанд баяртай байгаа. Хэрвээ бүтвэл бүхий л чадлаараа ажиллана. Түрүү жил болсон 21 аймгийн театр, чуулгуудын уран бүтээлийн уралдаанд манайх түрүүлсэн. Тэр үед Соёлын яамныханд “Эрдэнэтийн чуулгыг оркестртой болгож өгөөч” гэсэн санал тавьсан л даа. Тэгэхэд манайхыг сонгодог чиглэлд уран бүтээл туурвидаг тул боломжтой гэж байна лээ. Яам, орон нутаг хамтраад зүтгэвэл болохгүй юмгүй мэт.
-Есөн хөгжимчинтэй гэлээ. Ямар, ямар зэмсэг байна?
-Морин хуур, ятга, хуучир, лимбэ, их хуур, эвэр, ёочин, шанз бий. Цохивор хөгжим байхгүй. Хөгжимчид, дуучид, бүжигчид морин хуур тоглож сурцгаасан. Монголын хөгжмийн зохиолчдын “Сэрсэн тал”, “Монгол аялгуу” гэх зэрэг бүтээлийг тоглочихдог. Би морин хуур, тимпан тоглодог.
-Та бүхний хөрвөх чадвар сайн байна шүү. “Сумын эмч бүхнийг хийж чаддаг” гэдэгтэй агаар нэг юм байна.
-Нөхцөл байдал аргагүй шаардах юм. Соёл урлаг орон нутагт үнэхээр хаягдсан байгаа биз. Сонгодгийг барахгүй бол уран бүтээлчдийн нөөцдөө түшиглээд үндэсний хөгжмийн оркестр байгуулчих юм сан.