Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг энэ удаа “Скин энтертайнмент” продакшныхан ахлан зохион байгуулах юм. Бэлтгэл ажил үргэлжилж байна. Тус хүрээлэнд уржигдар очиход хүмүүс бороон дунд ажиллаж л байлаа. Цэргүүд эгнэн зогсоод, дасгал хөдөлгөөн заалгаж байсан юм. Баяр наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэгчдийн “Coca Cola” ундаа үйлдвэрлэгчдийн төлөөлөл ирчихсэн сурталчилгааны самбараа байршуулахаар шавар, ус туучин байв. Төв асрын өмнө цув, хүрэм өмссөн залуус хуралдаж байгаа бололтой харагдахаар нь хэсэг хүлээгээд, болзсон хүнтэйгээ уулзлаа. Тэр бол баяр наадмын нээлт, хаалтын ёслолын тайзны найруулагч Б.Батцэрэн юм. Олон өдөр гадаа гандсан нь илт, хүдэр чийрэг залуу “Би ч ярихдаа тааруухан даа” гэсээр асуултад хариуллаа.
-Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслол өвөрмөц болно гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Нээлтийн ёслолын утга, агуулгын талаар ерөнхий мэдээлэл өгч болох уу?
-Хүмүүс хүлээх тусам урьтаж ил болгохгүй байх нь дээр болов уу. Наадмыг бүхэлд нь “Эв мөнхийн тусгаар Монгол” агуулга, нэрийн дор зохион байгуулах юм. Нээлт, хаалтын ёслолыг ч энэ чиг шугамд захируулан зохиомжилж байгаа. Ерөнхий найруулагч нь “Скин энтертайнмент” продакшны захирал, продюсер Б.Анар. Доктор С.Дулам, Төрийн шагналтнайруулагч Н.Наранбаатар, найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд, Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар зөвлөж байна.
-Энд харагдаж байгаа хэсэг, хэсэг, доороо дугуйтай хавтангуудыг нийлүүлэхээр ерөнхий том тайз болох юм уу?
-Тийм ээ. Та ингээд бүхний талаар асуугаад байх юм бол хариулах аргагүй болно шүү. Нээлтээр л бүгдийг харуулъя л даа, тийм ээ.
-Ойлголоо. Продюсер Б.Анар олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах туршлагатай юу?
-“Скин”-ээ 2007 онд байгуулсан юм билээ. Би бол 2008 онд кинонд тоглох үеэрээ танилцсан. Харин 2013 оноос хойш хамт ажиллаж байна. Ийм олон жил хамтажиллах хугацаандаа түүнийг таньсан. Мэдлэг, мэдрэмж сайтай залуу. Тэр бол эрдэмтэн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Оюуны ач хүү. Эмээ нь зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналыг анхлан хүртсэн хүн юм билээ. Урлагийн гэр бүл, сэхээтэн айлд төрж, өссөн болохоор тэр байх, ямар ч ажлыг их урлагтай гэх үү, маш нухацтай харж, хандаж хийдэг. Бид хамтдаа олон ажлын ард гарсан. Цэргийн амьдралын тухай өгүүлдэг адал явдалт “Зүрх зогсохгүй” уран сайхны киноноос авхуулаад хүмүүсийн дурлан үзэж, сонсдог олон клип хийсэн.
-Жишээ нь, ямар клип вэ?
-Цаг хугацаа их зарцуулж, нүсэр ажлын үрээр бүтээсэн нь “Тоонот” юм даа. Бид уран бүтээлчдийн тоглолт зохион байгуулдаг. Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга”, “Татар, “Ice top”, “A sound” ” хамтлагийн тоглолтуудыг хийсэн.
-Тайзны найруулагч ямар ажлуудыг хариуцдаг вэ?
-Энтертайнмент ертөнцийн тоглолт, арга хэмжээний найруулга драм, дуурийн бүтээлийнхээс арай өөр л дөө. Ерөнхий найруулагчийн өгсөн үүргийн дагуу уран бүтээлчдийн гараа, байрлал зэргийг минут, секундийн зөрүүгүйгээр яв цав байлгах ажлыг хариуцдаг. Тайзан дээр дуучин дуулаад буухдаа аль хаалгаар гарах вэ, ард нь бүжиглэсэн уран бүтээлчид хаачих вэ гэх зэргийг зохицуулдаг. Заримдаа нэг тайзны ард 200- 300 дуучин болон бусад уран бүтээлч байдаг. Стадионы томоохон шоуны үеэр 40 гаруй хамтлаг цугласан байсан нь ч бий. Тийм олон хүнийг зохицуулна л гэсэн үг. Хугацаа минут, секундээр алдагдахад гэрэлтүүлэг бас алдагдана. Тэгэхээр ерөнхий найруулагчтайгаа нэг хүн шиг байж хамтран ажилладаг нь тайзны найруулагч юм. Яг энэ ажил дээр бол би тайзны зураг болон чимэглэлийг хариуцаж байна. Нэг зүйлийг тодруулахад, бид дараа, дараагийн жилүүдэд бусад хүн наадмын нээлт зохион байгуулахдаа ашиглах боломжтойгоор тайзыг хийж байгаа. Хэсэг хэсгээр нь салгаж, хаана ч хэрэглэж болно. Улсын хөрөнгөөр хэдэн жилийн настай зүйл хийхийг зорьсон л доо.
-Наадмын нээлт, хаалтын ёслолыг зохион байгуулъя гэдэг саналыг та бүхэн тавьсан уу?
-Тендерт өрсөлдөж, ялаад эрх авсан. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр шийдвэр гаргаад, тэр даруйгаас материал бэлдэж эхэлсэн юм. Юу хийж чаддагаа сайтар танилцуулсны зэрэгцээ наадмын нээлтийн ёслолыг ингэж хийнэ гэсэн төсөөллөө төсөл болгож танилцуулж байлаа. Бүтэн гурван сар ажилласны үр дүн гарсан. Бид сонгогдсон. Одоо наадамчдад харуулах л үлдлээ. Хаалтын арга хэмжээ гэж бий. Төрийн есөн хөлт цагаан тугаа үдэн гаргаснаар цэнгэлдэхийн ёслол дуусахгүй, сонирхуулах зүйл олон бий.
-Та тайзны найруулагч мэргэжлээ хаана сурч эзэмшсэн бэ?
-“Харцага” кино урлагийн дээд сургуулийг тайз, дэлгэцийн бүтээлийн жүжигчнээр, “Их засаг” их сургуулийг тайзны найруулагч мэргэжлээр төгссөн юм. 2013 онд “Скин энтертайнмент”-ийн бүтээлд зургийн даргаар ажилласнаас эхлээд энэ хамт олонтойгоо цугтаа явна. Бид олон хүнээр гэхээс илүүтэй, бие биеэ сайн ойлгох, зангидсан гар шиг цул цөөн мэргэжилтний нөөцөөр ямар ч ажлыг хийж сурсан хүмүүс гэж боддог. Анх удаа төрийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд бид таван сарын хугацаанд бүтэн нойртой хоноогүй явна. Наадамчин олны сэтгэл ханамжаар бидний хичээл зүтгэлийн үр дүн харагдах тул хичээж байна аа.
-Та бүхэн үндсэндээ анх удаа төрийн наадамд “зодоглож” буйюм байна.
-Тийм ээ.