Улаанбаатар хотод нүүрлээд буй гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, усны инженер, доктор Б.Аюурзанатай ярилцлаа. Тэрбээр Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хоймор нутагт ажиллаж байгаа юм.
-Нийслэлийн төв болон зуслангийн бүс гээд Сэлбэ, Дунд гол дагуух газрууд үерт автчихлаа. Та аль эртнээс л ийм аюул, эрсдэл тохиох магадлалтайг анхааруулж, байр сууриа илэрхийлж байсан юм билээ.
-Сэлбэ, Туул гол дагуух бүс өндөр эрсдэлтэй, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг судлаач, мэргэжилтнүүд, усны инженерүүд жил болгон л ярьдаг. Сэлбийн хамгаалалтын даланг 1966 оны үерээс улбаатайгаар төлөвлөж, байгуулсан юм шүү дээ. Яг тэр үеийнхээрээ л байна. Тухайн үед үүнийг төлөвлөхдөө хотын хүн ам, газар ашиглалт зэрэг олон хүчин зүйлд тулгуурласан бөгөөд ийм хэмжээний үерийн усыг төвөггүй өнгөрүүлэх боломжтой гэж тооцоолсны үндсэн дээр байгуулсан. Харин одоо олон зүйл өөрчлөгдсөн. Голын ойр орчмын газрыг хоёр талаас нь түрж тэгшлээд, өчнөөн барилга, байгууламж босгочихлоо. Гэр хороолол тэлэхийн хэрээр голын ойролцоох бүсэд төвлөрөл ихсэж байна. Үүнээс болоод үерийн ус богино хугацаанд, их хэмжээгээр тархах нөхцөл бүрдчихлээ. Үерийн хамгаалалтын далан, сувгуудыг одоогийн нөхцөлтэй уялдуулан шинээр төлөвлөж, сайжруулах шаардлагатай. 50 гаруй жилийн өмнө барьсан далан нийслэлчүүдийг үерээс хамгаалж чадахгүй.
-Үерийн хамгаалалтын барилга, байгууламж гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ?
-Голын усны түвшин байнга нэг хэмжээнд байдаггүй. Их, бага устай үе ч байна. Зарим үед хальж үерлэнэ, хэвийн түвшиндээ ч очно. Энэ бүх нөхцөлд тохирсон орон зайг хадгалан авч үлдэж, үертэй үед хот руу ус оруулахгүй байх үүднээс далан, хана байгуулдаг юм. Голд өөрийн гэсэн орон зай үлдээж, төлөвлөлт хийгээгүй нь өнөөдрийн үр дүнд хүргэлээ. Сэлбийн хувьд Их тойруугаас Туул гол хүртэл хэсэгт төлөвлөлтийн дагуу барьсан үерийн хамгаалалтын далан бий. Харин үүнээс дээших хэсэгт ямар нэг хамгаалалтгүй, байгалийнхаа голдирлоор явж буй. Голын татамд нь олон айл суурьшчихсан, зуслангийн бүсийн нэг хэсэг болчихсон байдалтай байгааг уншигчид мэдэж буй нь лавтай.
-Энэ удаа гамшиг болох хэмжээнд ширүүн, усархаг бороо ороогүй атал Улаанбаатар үерт автсан нь манай улс хотоо анхнаас нь зөв төлөвлөж, зохион байгуулж чадаагүйн, нөгөөтээгүүр, авлигад живсний үр дүнгэж олон нийт үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Долдугаар сарын 1-4-нд орсон хур тунадаснаас үүдэлтэй үерийн хэмжээг инженерүүд тооцоолоход 10 жилд нэг удаа тохиодог, жирийн л нэг үзэгдэл байсан. Иймэрхүү үер 10 жил тутамд нэг удаа болдог. Эрсдэл дагуулахаар хэмжээний хүчтэй биш. Цаг уурын байгууллагаас гаргасан хур тунадасны прогнозод үндэслээд Сэлбэ, Туул голын усны түвшин хэр нэмэгдэж, үерлэхээр байна, үүний эсрэг ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгийг урьдчилан тооцоолоод, бэлэн байдлаа хангах боломж байсан. Тооцоолж чадсангүй. Бэлтгэлгүй байж байгаад л нийтээрээ хохирлоо. Тиймээс борооноос биш, бэлтгэлгүйгээс үүдэлтэй гамшиг гэдгийг хүлээн зөвшөөрнө.
-Сэлбэ, Туул голд тулгуурлан хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээ, дорвитой судалгаа байдаг уу?
-Бий. Улаанбаатарын үерийн хамгаалалт, борооны ус зайлуулах системийг 2040 он хүртэл яаж төлөвлөх вэ гэсэн чиглэлээр мастер төлөвлөгөө боловсруулсан байдаг. Үүний хүрээнд аюулын зураглал, эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Одоогийн нөхцөлд ямар арга хэмжээ авах тохиромжтой, шаардлагатайг тэнд нэг бүрчлэн тусгачихсан. Энэ дагуу ажлаа зохион байгуулбал эрсдэлүүдийг шат дараатай бууруулах бололцоотой.
-Сэлбэ гол доод хэсгээрээ буюу “Алтай” хотхон, Сонсголонгийн гүүр орчимд боогдчихсон учраас ийм байдалд хүрлээ гэж албаны хүмүүс “оношилж” байна. Үүнээс үндэслээд стандартын шаардлага хангахгүй гүүрүүдийг буулгахаар төлөвлөж байгаагаа ч танилцууллаа. Энэ хэр оновчтой дүгнэлт, шийдэл вэ?
-Үерийн ус халиад урссаар байвал ямар хэмжээний хохирол учрах, гүүрээ сэтэлбэл дараа нь хэр хөрөнгөөр дахиж босгох вэ гэдэг зардлын харьцаанаас хамааруулаад ийм шийдвэр гаргасан болов уу. Албан ёсны тооцоо, судалгаанд үндэслэж, зураг төслийн дагуу барьсан гүүр Улаанбаатарт ховор. Сэлбийн дагуу барьсан жижиг гүүрүүд бүгд зураг төсөлгүй. Тухайн гүүр хэр хэмжээний ус өнгөрүүлж байж иргэдийг аюулгүй зорчуулах боломжтойг тооцоололгүй, хоёр талын эргийн түвшнийг холбоод л тавьчихсан дүр зураг түгээмэл харагддаг. Ялангуяа “Натур” худалдааны төв орчмын, “Алтай” хотхоны урд талын гүүр стандартын шаардлага хангадаггүйгээс үерийн эрсдэлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлдэг юм. Хэт намхан учраас тухайн хэсгийн гүүрт голын ус боогдож, тулдаг. “Сэлбэ” хотхон орчимд их хэмжээний үер буусан нь “S outlet” дэлгүүрийн хэсэг дэх голын хөндлөн огтлолыг хэт нарийсгаад, олон тооны барилга, байгууламж барьсантай холбоотой. Гол шахагдсанаас ус нь хальж байгаа дүр зураг ажиглагдлаа.
-Хотын төвөөр урсаж байгаа голыг хүний, дэд бүтцийн нөлөөллөөс хамгаалж, үер усны аюулаас сэргийлэхийн тулд олон улсад ямар арга, туршлага хэрэгжүүлдэг юм бэ?
-Хот дундуур урсгалтай голуудын дагуу үерийн хамгаалалтын барилга, байгууламж зайлшгүй барьдаг. Үүнийг хийхдээ 100 жилд нэг удаа тохиох үерийн магадлалыг нь авч үздэг юм. Олон орон энэ тооцооллыг хот төлөвлөлтөд ашигладаг.
-Эхнээсээ төлөвлөлтгүйгээр олон барилга, байгууламж бариад, голынхоо голдирол, татмыг чинээнд нь тултал “хумсалчихсан” энэ тохиолдолд бид цаашид эрсдэлээс хэрхэн сэргийлбэл тохиромжтой бол?
-Үерийн эрсдэлийг үүсгэсэн хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, бодлогогүй хот төлөвлөлт. Хоёрдугаарт, хамгаалалтын барилга, байгууламжгүй байдал. Голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд ямар үйл ажиллагаа явуулж, юу барьж болохгүйг Усны тухай хуульд тодорхой тусгасан байдаг. Харамсалтай нь, үүнийг өнгөрсөн хугацаанд ер мөрдөөгүй. Мөн 50 жилийн өмнөх Улаанбаатарт тааруулан барьсан далангаа сайжруулж, шинэчлэлгүй, улам дордуулсан. Цаашдаа үерийн далан, сувгуудаа сайжруулахад анхаарах шаардлагатай.
-Барилга, байгууламжууд үерт автсан тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Юуны түрүүнд усыг нь зайлуулна. Дараа нь хагарал, цууралт үүсэж үү, цаашид яахаар байна вэ гэдгийг тогтоох зорилготой үзлэг, оношилгоо хийх болов уу. Үүндээ тулгуурлаад зохих арга хэмжээг авах нь үр дүнтэй.
-Туул голын хувьд их хэмжээний үер дагуулах эрсдэл хэр ойрхон бэ?
-Сэлбээс ялгаагүй. Үерийн хамгаалалтын далан нь насжилт өндөртэй. Зарим хэсэгт нь байгалийн нөлөөгөөр суулт үүссэн, заримыг нь хэргээр сэтлээд, үгүй хийгээд, хороолол босгочихсон. Мастер төлөвлөгөөнд тусгасны дагуу арга хэмжээ авах хэрэгтэй.
Төв цэвэрлэх байгууламжийг аваарын горимд шилжүүлэв
Үерийн улмаас Төв цэвэрлэх байгууламжийг аваарын горимд шилжүүлсэн талаар УСУГ-аас мэдээллээ. Уг байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авч, цэвэршүүлэх хүчин чадалтай бол сүүлийн өдрүүдэд байнга 200-гаас давж, өчигдөр хамгийн дээд түвшиндээ буюу 220 мянган шоо метрт хүрсэн гэнэ. Иймд УСУГ-аас нэмэлт хүч ажиллуулж, шаардлагатай зохицуулалтуудыг хийж байгааг Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Ш.Ганзориг хэллээ. Ахлах инженер Н.Бадамханд “Цэвэрлэх байгууламж хоёр станцаар дамжуулан бохир ус хүлээн авч, 7-8 шат дамжлагаар цэвэрлэдэг. Сүүлийн өдрүүдэд бохир ус болон механик хог хаягдлын хэмжээ нэмэгдсэнээс шат дамжлага бүрт доголдол үүсэж болзошгүй нөхцөл үүслээ. Хүлээн авах станцуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж буй ч зарим үед ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс эрсдэлийн бэлэн байдалд шилжүүллээ. Нэмэлтээр хийн шахуургууд ажиллуулж эхэлсэн. Мөн УСУГ-ын мэргэжилтнүүдийг дайчлан, албан хаагчдыг шөнийн ээлжид ажилуулж байгаа” гэсэн юм.
“Бороо намжсаны дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ”
Хотын гудамж, талбай үерт автсанаас олон нийтийн дунд халдварт өвчин тархах эрсдэл нүүрлэснийг мэргэжлийн байгууллагынхан анхааруулаад буй. Тэгвэл нийслэлээс энэ чиглэлээр юу хийж байгаа, цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газрын дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм. Тэрбээр “Бороо намжиж, үерийн аюул буурсны дараа ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Мэргэжлийн байгууллагуудад бодис, бэлдцийн нөөцөө хангаж, техник хэрэгслээ зэхэхийг үүрэг болгосон. Үерийн эрсдэл буураагүй үед гудамж, талбайг ариутгаад ямар ч нэмэргүй. Үр ашиггүй зардал гаргахын нэмэр. Иймд тохиромжтой нөхцөлд шаардлагатай арга хэмжээ авах бэлтгэлээ базааж байна” гэсэн юм. Харин “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхан Туул, Сэлбэ голын ойролцоо байрладаг нийтийн ариун цэврийн байгууламжуудын бохирыг соруулах, хальж урсахаас хязгаарлах арга хэмжээ авч байгаагаа мэдээллээ.