- Цахим тоглоом тоглохын тулд хүнд гэмт хэргүүд үйлдэх болжээ -
БАРИМТ 1
Би анх гурав, дөрвөн сая төгрөгөөр мөрийтэй тоглодог байлаа. Эхэндээ өгөө, аваатай л байсан. Хоёр жил орчим зөвхөн цахим орчинд тогложээ. Сүүлдээ тоглоомдоо донтох болов. Бооцоогоо 10 сая төгрөг хүртэл өсгөж тоглоод алдсан. Нийт 38 орчим сая төгрөгөө салхинд хийсгэчихлээ. Хашаа, байшин, машин, байрны гэрчилгээгээ хүртэл банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, бэлэн мөнгө авч тоглоод алдчихсан. 70 гаруй сая төгрөгийн үнэ бүхий байрныхаа гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагад 20 сая төгрөгөөр барьцаанд тавиад авч чадаагүй. Одоо орох оронгүй, ойр дотнын ч хүнгүй үлдлээ. Цахим мөрийтэй тоглоом бол залилан гэдгийг сүүлд мэдээд дахиж тоглохгүй байхаар шийдсэн. Хууль хяналтын байгууллагад хандсан ч би өөрөө хууль бус тоглоом тоглосон гэдгээрээ бурууддаг юм билээ. Эхлээд бага хэмжээний мөнгөө өсгөөд байгаа мэт боловч сүүлдээ авахаасаа илүү алдсаар дуусдаг. Цахим тоглоомыг цаанаас хэн хожихыг нь тохируулдаг юм билээ.
БАРИМТ 2
Иргэн Ц анх найзтайгаа хамт мөрийтэй тоглох болжээ. Тэрбээр гурван жил мөрийтэй тоглосон бөгөөд энэ хугацаанд нийт 1.2 тэрбум төгрөг алдсан байна. Эхлээд өөрт байгаа бэлэн мөнгөөрөө тоглож хожигдоод хадгаламж руугаа орсон гэнэ. Үүгээр ч зогсохгүй өөрийн болон эцэг, эхийнхээ орон байр, машиныг барьцаанд тавиад алдчихжээ. Их хэмжээний мөнгөө алдсан учраас тэр хэрээр олохын хүслэн болж, найз нөхөд, эргэн тойрныхноосоо мөнгө зээлээд эргүүлж төлж чадаагүй аж. Тэр ч бүү хэл бусдыг залилан мэхэлж, олсон мөнгөөрөө дахин тоглосоор их хэмжээний өрөнд орсон байна. Тэрбээр 30 гаруйхан насандаа буруу замаар будаа тээсний гайгаар эхнэрээсээ салж, эцэстээ залилан мэхлэх гэмт хэрэгт буруудаад байна.
БАРИМТ 3
Хэсэг хугацаанд тоглохоо болихоор эрх чөлөөг мэдэрдэг байлаа. Зарим үед согтуудаа, сэтгэлээр их унасан үедээ, эсвэл уурлаж бухимдахаараа тоглочихдог. “Миний тоглох, эсэх нь хэнд хамаатай юм” гэж өөрийгөө зөвтгөж, тайвшруулдаг байв. Харамсалтай нь, ингэж амиа бодсоноор хамгийн хайртай хүмүүсээ маш их гомдоосон байсан. Үүнийг сэтгэлийнхээ гүнд мэдэрч байгаа ч тоглох хүсэлдээ дийлддэг. Өөрийн мэдэлгүй өнөөхөө тоглочихсон суудаг байв. Бүхнээ алдаад эхлэхээр гэр бүлд хэрүүл тасрахаа больж, эцэстээ болчимгүй үйлдэл хийхээс ч буцахаа байсан. Залуустаа хандаж хэлэхэд, энэ донтолтоос ангижирч, тоглохоо больсон цагт л гэр бүлийнхэн чинь “эдгэрч”, эргээд чамд итгэх болно. Тиймээс “Миний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ” гэж өөрөөсөө асууж, түүндээ үнэнч байвал мөрийтэй тоглоомыг хаяж чадна шүү гэж хэлье.
Эдгээр баримт, жишээ нь мөрийтэй тоглоомд амьдралаараа дэнчин тавиад алдсан олон мянган хүний харамсал, харууслын нэгээхэн хэсэг юм.
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ НЬ МӨНГӨ УГААХ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН НӨГӨӨ ТАЛ
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт их хэмжээний мөнгө эргэлддэг бөгөөд гэмт этгээдүүд нь хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан авах, мөн тоглогч нарыг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулдаг юм байна. Эл үйлдэл нь мөнгө угаах, залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулдаг аж. Манай улс мөрийтэй тоглоом тоглохыг хуулиараа хориглодог. Тэр ч бүү хэл, мөрийтэй тоглосон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу 100 000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг нь хураадаг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.17-д “Олон нийтийн газар, эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 000-14 000 000 төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Харин мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан тохиолдолд 27 сая хүртэлх төгрөгөөр торгохоос гадна 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ. Ингэж мөрийтэй тоглосон иргэн, олон нийтийн газар болон цахим орчинд зохион байгуулсан, ажиллуулсан газарт хуулийн хатуу арга хэмжээ авсаар атал яагаад энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байна вэ. Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглуулдаг залилан мэхлэгчдийн арга улам нарийсаад байна уу, эсвэл энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох сонирхол эрх мэдэлтнүүдэд алга уу.
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 204 хэргийг мөрдөн шалгаж байгааг холбогдох газраас нь хэлсэн. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 30 гаруй вэб сайтын 300 гаруй домэйн хаягийг хаасан байна. Тухайлбал, “MGM.Casino”, “Online777” зэрэг мөрийтэй тоглоомын аппликэйшний клубийг хяналтад авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Эдгээр нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Үүний цаана нууцаар үйл ажиллагаа явуулж буй хэчнээн газар, байдгаа барсан хэдэн хүн байгааг хэлэх боломжгүй юм. Хэдийгээр хууль хяналтын ажилтнууд эл гэмт хэрэгтэй тэмцсээр байгаа ч иргэд хохирсоор байна. Цахим орчинд өрнөж буй мөрийтэй тоглоомыг хууль бус гэдгийг мэдсээр байж залуус эд хөрөнгө, элэг бүтэн амьдралаа мөрийд тавиад эцэс сүүлд нь “араатан” болж хувирч байгаа нь харамсалтай. Үнэгүй бяслаг хавханд байдаг гэдэг. Үүн шиг мөрийтэй тоглож, амар хялбар аргаар мөнгө олох нь өөрөө гүйгээд хавханд орчихож буйтай агаар нэгэн гэдгийг эл төрлийн тоглоомд толгойгоо мэдүүлж, бүхнээ алдсан хүмүүс хэлдэг юм билээ.
ЦАХИМ ОРЧИНД “АВРАЛ” ЭРСЭН ХҮН ОЛОН БАЙНА
Мөрийтэй тоглоом нь архи, хар тамхи шиг донтуулах чадалтай. Нэгэнт донтсон хүнийг эмчлэхээс өөр сонголтгүй аж. СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын тасагт мөрийтэй тоглоомд донтсон хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Донтсон хүмүүс эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлохдоо хүртэл тулдаг гэнэ. Тоглохын тулд гэмт хэрэг үйлдэхээс ч сийхгүй байна. Тухайлбал, бусдыг дээрэмдсэн, залилсан, хүний аминд хүрсэн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Мөрийтэй тоглоомчид өнөөдөр алдсан ч маргааш хожно гэсэн чимхийн төдий итгэлээр өөрсдийгөө хуурч, ирээдүйгээ сүйтгэсээр. Их мөнгө алдах тусам өндөр бооцоотой руу нь шунахайрч улам ихийг алдаж, гүн ангал руу унадгийг мөрийтэй тоглогчид хэлдэг. Аливаа мөрийтэй тоглоом нь хүн амд бодит аюул учруулдаг нийгмийн маш ноцтой асуудал гэж сэтгэл судлаачид үзэж байна. Тоглоомын үр дүнд тухайн хүн тайвшрах, сэтгэл хөдлөлийн дарамт буурах зэргээр донтох нь улам нэмэгддэг гэнэ. Эрүүл мэнд талаасаа гар нь салганах, зүрх чичрэх зэрэг шинж тэмдэг ч илэрдэг аж.
Байнга мөрийтэй тоглохыг бодох, тоглох хугацаагаа нэмэгдүүлэх, хяналтаа алдах, бооцооны хувь хэмжээгээ нэмэгдүүлэх, тоглоомыг эсэргүүцэх чадваргүй болох зэрэг шинж тэмдгээс хэд хэд нь илэрч байвал мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатайг сэтгэлзүйчид зөвлөсөн. Мөрийтэй тоглоом нь олон хүний амьдралыг сүйрүүлж байна. Ээжүүд, эмэгтэйчүүдийн нэгддэг цахим группт нөхрөө, найз залуугаа, хүүгээ, дүүгээ, ахыгаа гайтай тоглоомоос хэрхэн яаж гаргах вэ гэсэн асуулт хэдэн зуугаараа байдаг. Манай нөхөр, найз залуу онлайн покерт донтчихлоо, цалингийн болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад тоглочихлоо, машин, орон байраа алдчихлаа гэсэн харамсаж халагласан, сэтгэлзүйчээс зөвлөгөө тусламж хүссэн мэдээлэл маш их бий. Үүний хариуд “Мөрийтэй тоглож л байгаа бол эртхэн салсан нь дээр”, “Ийм хүмүүс хэзээ ч засардаггүй”, “Надад бас ийм асуудал тулгараад байна. Миний нөхөр мөрийтэй тоглоод хэдэн хоног гэртээ ирсэнгүй”, “Мөрийтэй тоглоомчны гарыг нь тасалсан ч хөлөөрөө тоглодог юм” гэх мэт аргаа барсан сэтгэгдэл ар араасаа хөвөрч байдаг. Та, бидний эргэн тойронд ч ийм асуудалд орсон ах, дүү, найз нөхөд бий л байх. Цахим орчинд залуус хараа хяналтгүй олноороо тоглох болсныг хэн хүнгүй ярьж, хэлж байна. Энэ нь эл төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, хууль хүчний байгууллагынхан хараа хяналтаа улам чангатгах, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллага нь анхаарал тавих цаг болсныг илтгэнэ.