“Монгол Улсын туслах технологийн хэрэгцээг ойлгох нь” үндэсний хэмжээний, өрхөд суурилсан судалгааны үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр /2023-07-05/ ЭМЯ-ны хурлын танхимд боллоо.
Энэхүү “Туслах технологийн түргэвчилсэн үнэлгээ”-г ДЭМБ-ын санхүүжилт, аргачлалаар ЭМЯ, ҮСХ-ны дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн хөгжлийн төв үндэсний хэмжээнд хийлээ. Судалгааны бэлтгэл ажлыг дэлхийн түвшинд 2019 оноос эхлүүлсэн бөгөөд сургагч бэлтгэх мастер сургалтыг мөн ондоо зохион байгуулж байв. Манай улсын хувьд 2021 онд судалгааг эхлүүлсэн.
Эрүүл мэндийн хөгжлийн төв өрхөд суурилсан, үндэсний хэмжээний энэхүү судалгааг олон байгууллагын хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр цар тахлын үед амжилттай зохион байгуулж чадсан бөгөөд судалгаанд ЭМЯ, ҮСХ мэргэжил арга зүйгээр хангаж, тоон мэдээллийг “Тэгш нийгэм холбоо” ТББ, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр цуглуулсан байна.
Судалгааны үйл ажиллагааг зохион байгуулахад ДЭМБ-аас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Зөвлөхийн үйлчилгээг Италийн АИФО төрийн бус байгууллага гүйцэтгэсэн юм.
Судалгааны цаг хугацаа КОВИД-19 цар тахлаас болж нэлээд удааширсан бөгөөд товлосон хугацаандаа амжиж бүрэн хийсэн 35 улс Дэлхийн тайланд багтсаны нэг нь Монгол Улс юм.
Уг судалгаа нь Монгол Улсын хувьд суурь судалгаа болж байгаа бөгөөд 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилт болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд харьцуулах тоо баримттай болно гэсэн үг.
2021 оны жилийн эцсийн байдлаар манай улсын нийт хүн амын тоо 3 250 000, хүн амын 11.5 хувь нь буюу 373 мянган хүн ямар нэг туслах технологи / бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Туслах технологи/бүтээгдэхүүн хэрэгцээтэй 15.1 хувь (490 мянган хүн), хэрэгцээ нь хангагдсан 7.5 хувь (243 мянган хүн) байгаа бол хангагдаагүй хэрэгцээтэй 7.7 хувь (247 мянган хүн) байна гэсэн дүн гарлаа.
Харааны шилийг хасаж тооцсон үед нийт хүн амын 4.5 хувь нь (146 мянган хүн) ямар нэг туслах технологи/бүтээгдэхүүн хэрэглэж байна. Харааны шилнээс бусад туслах технологи/бүтээгдэхүүн хэрэгцээтэй 7.5 хувь (243 мянган хүн), хэрэгцээ хангагдсан нь 2.1 хувь (68 мянган хүн) байгаа бол хангагдаагүй 5.4 хувь (175 мянган) байна.
Судалгаанд хамрагдсан хүн амыг суурьшлаар нь авч үзвэл 43 хувь нь хотод, 57 хувь нь хөдөө амьдардаг. Хүйсийн хувьд 48.5 хувь нь эрэгтэй, 51.5 хувь нь эмэгтэй. ТТ-ийн бүтээгдэхүүний ашиглалтыг хүйсээр нь авч үзвэл нийт эмэгтэйчүүдийн 13.6 хувь, эрчүүдийн 9.4 хувь нь ашиглаж байна.
Энэхүү судалгааг ДЭМБ 2026, 2030 онуудад дахин хийж, ахиц дэвшлийг үнэлэх бөгөөд сүүлийн судалгаагаар улс орнуудын хүрсэн зорилгыг хэмжих боломжтой болно хэмээн тооцож буй аж.