Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
2008 оноос хойш ашиглалтад оруулсан 8677 барилга байгууламжийн комиссын дүгнэлтийг улсын хэмжээнд нэгтгэн 2023 оны зургадугаар сарын 1-ний өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн. “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2023/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан 7631 /аймаг–5787, нийслэл–1844/ олон нийтийн зориулалттай барилга, байгууламж байгаагаас сургууль-513, цэцэрлэг-447, эмнэлэг-493, дотуур байр-307, нийт 1760 барилга байгууламжийг эхний ээлжинд паспортжуулах шаардлагатай байна.
Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар арматур импортлогч 15 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд импортлогч 2 ААНБ, дотоодын гурван үйлдвэрийн борлуулж буй арматур нь/ 1 тн тутмаас 80 орчим кг дутуу зөрчил илэрч, үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн 600тн арматурыг дахин боловсруулах албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулаад байна.
Улсын хэмжээнд өргөх байгууламжийн угсралт, ашиглалт, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор хоёр үе шаттай урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, 238 объектыг хамруулан 84 албан шаардлага, 27 дүгнэлт, 17 мэдэгдэл хүргүүлж, 543 өргөх механизмыг улсын бүртгэлд бүртгэн, техникийн магадлал баталгаажуулалтад хамруулан аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авч ажиллав. Өндөр барилгад суурилагдсан 227 аж ахуйн нэгжийн 241 цамхагт кранд хяналт шалгалт хийж, техник ашиглалт аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор 115 аж ахуйн нэгжийн 139 өргөх байгууламжид улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар, дүгнэлт, зөвлөмж хүргүүлж, долоон цамхагт краны үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөвшөөрлийн хугацаа дууссан 50 цамхагт кран болон олон жил ажиллаагүй зогссон, шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд аюултай нөхцөл үүсгэсэн 3 цамхагт краныг технологийн дагуу буулгах ажлыг зохион байгууллаа.
Улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжид хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 295 объектыг хамруулан шалгав. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг хувиар гаргавал зураг төсөлгүй /72/ 15%, зураг төслөөс өөрчилсөн /112/ 23%, норм, дүрэм, хууль зөрчсөн баримт бичгийн бүрдэлгүй /241/ 50%, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй /58/ 12%-ийг эзлэж, нийт 483 зөрчил дутагдал илэрснээс 52%-г арилгуулж, 92 эрх зүйн баримт бичиг гаргаж, 66.900.000 төгрөгийн торгууль шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна. Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 133 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 33 барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч бусад аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, зөрчлийн 10 хэрэг үүсгэн ажилласан.