Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны нэхэмжлэлтэй, “Номинхолдинг” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ш.Баярсайхан нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. СЗХ-ноос “Улсын их дэлгүүр” (УИД) хувьцаат компанийн ТУЗ-ийн тогтоолыг хүчингүй болгуулах, буруутай албан тушаалтнаас компанид учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд манай сонин 2017 онд энэ асуудлыг сөхөн уншигчдадаа хүргэж байсан юм. Өөрөөр хэлбэл, СЗХ-ны шалгалтын дүнд УИДХК-ийн томоохон хувьцаа эзэмшигчид буюу Ш.Баярсайхан, А.Шагдарсүрэн, Р.Содном, С.Хосбаяр, А.Норсмаа, Б.Ариунжаргал, Н.Батцацрал, Д.Дашцэдэн, Л.Чулуунбаатар тэргүүтэй хүмүүс нэгдмэл сонирхолтой этгээд болох “Номин холдинг”, “Номин реалтор”, “Номинтав трейд” ХХК-д хэт доогуур ханшаар Улсын их дэлгүүрийн барилгыг түрээслүүлсэн, улмаар ерөнхий түрээслэгч болох “Номин холдинг” болон нэгдмэл сонирхолтой компаниуд нь зах зээлийн ханшаар гуравдагч этгээдүүдэд дамжуулан түрээслүүлсэн, УИД ХК-д өндөр хүүтэй зээл олгосон нь компанийг алдагдалд оруулж, төлбөрийн чадваргүй болгох үндэслэл болжээ” гэсэн байдаг.
Олон жилийн өмнөөс маргаж буй эл асуудлыг Улсын дээд шүүх өчигдөр эцэслэн шийдвэрлээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид “Компанийн эрх бүхий албан тушаалтан болох Ш.Баярсайхан, А.Шагдарсүрэн, Р.Содном, С.Хосбаяр, А.Норсмаа, Б.Ариунжаргал, Н.Батцацрал, Д.Дашцэдэн, Л.Чулуунбаатар нар нь Компанийн тухай хуульд заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, үндэслэлтэй шийдвэр гаргах, сонирхлын зөрчилтэй хэлцлийн үнийг хуульд заасны дагуу зах зээлийн үнээр тодорхойлох үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн” гэж дүгнэсэн юм. Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан УИД ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгож, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Компанийн тухай хуулийн 84.6, 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч дээрх есөн хүн тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, УИД ХК-д олгохоор болсон байна. Ингэснээр уг компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж буй юм.