Боловсролын ерөнхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж буйтай холбоотойгоор англи хэл тренд сэдэв болоод буй. “Өнөөдөр” сонин энэ цаг үед гадаад хэлний хичээлийн хөтөлбөр, багшлах боловсон хүчний хүрэлцээ, улсын, хувийн сургуульд суралцагчдын ялгаатай байдлыг хөндсөн нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хөдөө, орон нутгийн сурагчдын сэтгэлд оч бадрааж буй “Spark” хөтөлбөр хэрэгжүүлэгч хүүхдүүдийг онцоллоо. Эл хөтөлбөрийг санаачилсан “Улаанбаатар элит” сургуулийн IX-XI ангийнхан зуны амралтаараа орон нутгийн сурагчдад сайн дураараа, үнэ төлбөргүй англи хэлний хичээл заагаад таван жил болжээ. Тэдний төлөөлөл болох 17 настай М.Энхжин, 15 настай А.Даваажаргал нарыг уншигчидтайгаа “уулзуулж” байна. М.Энхжин ирээдүйд мэдээллийн технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй, А.Даваажаргал дизайнер болох зорилготой.
-“Spark” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
А.Д: -Манай багийнхан хамгийн анх Архангай, Өвөрхангай аймгаас хөтөлбөрөө эхлүүлсэн. Түүнээс хойш нийт 300 гаруй хүүхдэд гадаадын хэлний хичээл заасан байна. Цаашид Монгол орныхоо өнцөг булан бүрт очих хүсэлтэй. Багийн ахлагчид сурагчдад хөтөлбөрөө танилцуулахад маш баяртайгаар хүлээж авдаг.
М.Э:-Бид үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхдүүдэд ямар нэг байдлаар шахалт үзүүлж, хүчилдэггүй. “Өмнөх төгсөгчид ингэсэн шүү”, “Бүгдээрээ ийм зүйл хийе” гэх зэргээр ярилцаж, хамтран ажилладаг. Хөтөлбөрөө эхлүүлэхээс гурван сарын өмнө сонгон шалгаруулалт зарлаж, хүсэлт гаргасан хүүхдүүдийн ярилцлагад үндэслэн элсэгчдээ сонгодог. Би дараа жил сургуулиа төгсөнө. Тиймээс есдүгээр ангийнхныг үүнийг залгамжлаасай гэж хүсдэг.
-Хөтөлбөрөө яагаад орон нутаг руу чиглүүлэх болсон бэ?
А.Д: -Хөтөлбөрийн нэр “Spark” буюу оч гэсэн үг шүү дээ. Бусдын ирээдүйд оч бадраая гэсэн утгатай. Миний анзаарснаар Улаанбаатар хотын сурагчдын англи хэлний түвшин харьцангуй сайн. Тиймээс орон нутагт хэрэгжүүлэх нь илүү тохиромжтой гэж үзсэн.
М.Э: -Миний бодлоор орон нутгийн хүүхдүүд англи хэл хэцүү, сурахад хүндрэлтэй гэж боддог юм шиг санагдсан. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Тэдэнд “Өөртөө итгээрэй”, “Энэ бол хүсэл эрмэлзлээр сурдаг зүйл шүү” гэдгийг ойлгуулмаар байдаг.
-Энэ жил та бүхэн Булган, Баян-Өлгий аймаг, Сэлэнгийн Мандал сумд ажиллалаа. Баян-Өлгий аймгийг сонгосон нь сонирхол татаж байна.
А.Д: -Тэнд тавдугаар ангиас нь эхлэн монгол, казах, орос, англи хэлний хичээл заадаг юм байна лээ. Баян-Өлгийн Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирал бидэнд “Англи хэлээр ЭЕШ өгсөн хүүхдүүд X ангийнхантай ижил түвшинд байдаг” гэсэн. Багш минь “Хүн өөрийн сурч, мэдсэнээ бусдад түгээх нь хамгийн чухал” гэж хэлсэн нь сайхан санагддаг.
М.Э: -Бид хоёр сурагчдад ярианы хичээл заасан. Тухайн ангийн сурагчдаас нэг, хоёр нь л монгол хэлээр чөлөөтэй ярьж байсан. Тэдний дунд орос хэлтэй нь ч бий. Би орос хэлтэй учраас тэдэнтэй төвөггүй ойлголцож байлаа. Манай багт казах хэлтэй хүүхдүүд байсан тул бидэнд их тусалсан.
А.Д: -Орчуулж өгсөн. (инээв)
-Ерөнхий боловсролын сургуулийн тэддүгээр ангийн сурагчийн англи хэлний түвшин ийм байх ёстой гэсэн чиг баримжаа байдаг болов уу. Орон нутгийн хүүхдүүд тэр жишигт хүрч чадаж байна уу?
А.Д: -Тухайн хүүхдээс хамаардаг. Хэдийгээр бид зөвхөн Нэгдүгээр сургуулийн сурагчдыг хамруулсан гэж буй ч тэр дунд өөр сургуулиас шилжин ирсэн нь ч байсан. Харин аль сургуульд сурч байснаас нь хамаараад тэдний англи хэлний түвшин ялгаатай ажиглагдсан. Тэгэхээр тухайн сургуулийн хичээлийн хөтөлбөр маш чухал нөлөөтэй.
М.Э: -Өөрийн хүслээр сурч байгаа, эсэх нь шууд мэдрэгддэг. Надад VIII-XII ангийн хүүхдүүдийн түвшин нэг их ялгаагүй санагдсан.
-Орон нутагт хичээллэхийн тулд интернэт, сурах бичиг, компьютероос эхлээд олон зүйл хэрэг болдог уу?
А.Д: -Хүүхдүүдээ сурах бичиг зэргээр сайн хангаж чадаагүй л дээ. Эхлээд бид сурагчдаар эсээ бичүүлсэн.
М.Э: -Тэр нь англи хэл яагаад чухал вэ, үүнийг яагаад сурахыг хүсдэг вэ гэсэн сэдэвтэй байсан. Тэдгээрийг уншихад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд цаанаасаа л мэдрэгддэг юм билээ. Эсээ бичүүлэх нь хамгийн зөв арга. Манай сургуулийн захирал биднийг явахаас өмнө “Хүүхдүүдтэй ингэж харьцаарай”, “Хөтөлбөрөө ийм байдлаар бэлдээрэй” гэж захиж, зөвлөсөн юм. Үүний дагуу төлөвлөөд очиход бэлдсэн хичээлээ үзүүлэх ямар ч боломж байгаагүй. Тэгээд самбарт бичээд, хэвлээд л заасан.
-Хувийн болон улсын сургуульд сурдаг ижил ангийн хоёр хүүхдийн англи хэлний түвшин эрс тэс ялгаатай байдаг. Хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл боловсролын асар их зөрүү үүсэх юм шиг санагддаг.
А.Д: -Сургалтын хөтөлбөр л маш чухал. Жишээ нь, манай сургууль Кэмбрижийн хөтөлбөртэй. Улсын сургуульд тусдаа англи хэл гэж хичээл ордог бол манайд хими, биологи, математикаас эхлээд цөөнгүй хичээлийг англиар заадаг. Тэгэхээр англи хэлийг өдөр тутамдаа ашиглах шаардлагатай болдог гэсэн үг. Орчноос шалтгаалаад тухайн хэлийг ашиглах хэрэгцээ өөр байдаг нь энэ ялгааг үүсгэдэг болов уу.
М.Э: -Би хувийн болон улсын сургуулийн англи хэлний сурах бичгийг харьцуулж судалж үзсэн юм. Улсын сургуулиудад ашигладаг сурах бичигт ярианы дасгал бараг байдаггүй. Голдуу дүрэм багтаасан байдаг. Хүн зөвхөн дүрмийн дагуу ярьдаггүй. Хэл сурах гэж байгаа хүн ярианы чадвараа хөгжүүлэх нь маш чухалд тооцогдоно. Ярианы чадвар сайн бол дүрэм сурахад амархан шүү дээ. Тиймээс сурах бичгээ өөрчлөх хэрэгтэй байх. Бас багш нарын сурагчдадаа хандах хандлага чухал санагддаг.
-Багш нарын хандлага гэхээр чухам юуг хэлж байна вэ?
М.Э: -“Чи ингэвэл сайн сурна шүү” гэж чиглүүлэхгүйгээр бүх хүүхдэд ижил арга барилаар хичээл заадаг. Дан дүрэм заагаад байвал хэл сурах хүсэл хэнд ч төрөхгүй. Үүнээс болоод л сурагчид англи хэл хэцүү гэж халширдаг. Яг үнэндээ тэд хичээхгүй байгаадаа биш, бусад зүйлийн нөлөө бий гэсэн үг. Энэ хандлага нийслэлд ч, орон нутагт ч бий. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй гэж боддог.
А.Д: -Хүүхэд багшаас илүү найз нөхөд, хүрээлэл, тухтай, аюулгүй орчноос үр дүнтэй суралцдаг байх. Хүүхэд хүүхдийнхээ үгийг илүү сайн сонсож, хүлээж авдаг гэх юм уу.
-Сурагчид багштайгаа нээлттэй харилцдаггүй юм болов уу ?
А.Д: -10 жилийнхээ багштай нээлттэй харилцана гэдэг маш хэцүү. Нээлттэй байх гэж хичээвэл хүндэтгэлгүй харьцлаа гэж хэлж ч магадгүй. Ангийнхныхаа өмнө эвгүй байдалд орохыг ч үгүйсгэхгүй.
М.Э: -Бид тийм лаг англи хэлтэй биш л дээ. Жирийн л сурагчид. Хүн бусдад зааж байхдаа давхар суралцдаг юм билээ. Багшлах, хүүхдүүдтэй ажиллах маш хэцүү гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрлээ. Сайн багш болох, эсэх нь тухайн хүний хүслээс л шалтгаалдаг байх.
-“Spark” төслийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ ?
А.Д: -Бидэнд очоогүй аймаг олон байна. Аймаг бүрт хүрлээ гэхэд өмнө нь очоогүй сургуульдаа ажиллахыг зорино. Олон хүнтэй танилцах нь чухал. Яагаад өөр сургуультай хамтарч, тэднийг “туршлага солилцъё” гэж уриалж болохгүй гэж.
М.Э: -Тийм шүү.
Бэлтгэсэн: Д.Хүслэн