Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад удаагүй байна. Үүгээр УИХ сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй байхаар шийдсэн. Ингэхдээ “Цаашид УИХ-ын гишүүн дарга биш төлөөлөгч байх болно” гэсэн сурталчилгаа хийсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д танилцуулахдаа “Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна” гэж байв.
Мөн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталлаа. Энэ хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л “Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай” хэмээсэн. Түүнчлэн “Энэ хууль батлагдсанаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд,УИХ-ын гишүүн, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа. Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна УИХ-д суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон УИХ болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно” гэж тайлбарласан.
Энэ нэмэлт өөрчлөлтийн төслийн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нэгдсэн чуулганд танилцуулж байв. Тэгвэл Ш.Адьшаа нэгэнт батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн өөрчлөлтийн дагуу хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, хуулийн дагуу “амьдрах” шаардлагатай тулаад байна.
Ш.Адьшаатай холбоотой нэг асуудал яригдаад удаж байгаа юм. Дам утгаараа нүүрсний хулгайн нэг эд эс болохуйц үйлдлийнх нь талаар нэр бүхий хэвлэлүүд ч нэг бус удаа хөндөж байв. Тодруулбал, Ш.Адьшаа нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын V багийн нутаг дахь Олон овоо өртөөний “Наймдугаар зам”-д нүүрсний ачиж буулгах талбайтай болоод гурван жил гаруй болжээ. Мэдээж, тэрбээр энэ талбайг “Ш.Адьшаа” гэдэг нэрээрээ эзэмшээгүй. Гэхдээ “Монгол жижигхэн”, “Монголд юуг ч нуух аргагүй” гэдэг дээ. Олон овоо өртөөний “Наймдугаар зам” дагуу ачаа ачиж буулгах зориулалттай нийт 9416 м кв талбай бүхий 152 м ачилтын фронттой, нийт 286 м урт төмөр замыг ашиглах гэрээг “УБТЗ” ХНН, “Шинэ ази ложистик” компани хооронд 2020 оны гуравдугаар сарын 31-нд байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурсан “Шинэ ази ложистик” компанийн захирал Б.Энхсайхан нь Ш.Адьшаагийн төрсөн дүүгийн хүү аж.
Харин “УБТЗ”ХНН, “Шинэ ази ложистик” компанийн хооронд байгуулсан дээрх гэрээ 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд дуусжээ. Гэтэл үйл ажиллагаа явуулсаар байгаа юм байна. Тэр ч байтугай өөрийн хамаарал бүхий “Шанд ложистик” компаниараа дахин гэрээ байгуулахаар янз бүрийн аргаар “ажилласаар” байгаа аж. Тус компани ч бас ачиж буулгах явц буюу нүүрсний тээвэртэй холбогддог. “Шанд ложистик” компанийн нэг эзэмшигч нь дээр хэлсэн Ш.Адьшаагийн дүүгийн хүүхэд Б.Энхсайхан байгаа нь анхаарал татна.. Түүнчлэн энэ компаниуд нь Улсын ерөнхий прокурор асан нэгэн эрхэмтэй ч холбогддог. Энэ талаар дараа тодруулна.
Ш.Адьшаагийн гэх энэхүү “Шинэ ази ложистик” компанийн ашиглах талбай нь 40 000 тн нүүрс хадгалах даацтай. Анх 1000 тн-ыг буулгахаар талбайтай байснаа өргөтгөсөөр ийм болгожээ. Эх сурвалжуудын мэдээллээр тус талбайн түрээсэнд сард ердөө 7 сая гаруй төгрөг төлдөг. Харин 700 саяас дээш төгрөгийн ашиг олдог байна.
Хамгийн гол нь “Ш.Адьшаагийн олдог мөнгө, ашиг хэд вэ” гэхээс илүү “УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Монгол Улсын хууль үйлчилдэг үү” гэж асуумаар байгаа юм. Нэгдүгээрт, Ш.Адьшаа нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үндсэн зарчимд нийцүүлж, бас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж энэ үйл ажиллагаанаас ашиг сонирхлоо салгах ёстой. Ер нь Төрийн ордонд суучихаад төмөр замын талбайн түрээс “зооглоод” сууж байх нь яаж ч бодсон хуулийн маш том зөрчил юм.
Хоёрдугаарт, “УБТЗ” ХНН нь өөрийн мэдлийн ачиж буулгах талбайн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг шингээдгээ таслан зогсоох хэрэгтэй.
Уг нь “УБТЗ” ХНН гэрээ нь дууссаныг байтугай гэрээний үүргийг зөрчсөн компанийг ч цуцалдаг аж. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 10-нд “Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн Гуравдугаар талбайн 114.432 мкв бүхий талбайг түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан “Сауд гэйт” ХХК нь түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн тул “УБТЗ” ХНН-ийн зүгээс гэрээг цуцалж, тус талбайг нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар бусад иргэд, аж ахуй нэгжүүдэд нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэлээ” гэж байв. Харин “Шинэ ази ложистик” компанийг яаж ч чадахгүй байгаа нь тун ойлгомжгүй байгаа юм. Улмаар “...“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү” гэж асуухад хүргэж байна.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ