Орон нутгийн замд осолдож, онхолдсон нэг бус тээврийн хэрэгслийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээд буй. Тухайлбал, “УАЗ-Фургон” загварын автомашин мөргөлдсөн зургийг нийтлэн жуулчид сууж явсан байж болзошгүй хэмээн бичсэн. Уг осол Төв аймгийн Аргалант сумын нутагт болжээ. Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 авто замын 96 дахь км-т энэ сарын 01-ний 12.35 цагт гарсан бөгөөд цагдаагийнхан үзлэг хийхэд “Тоёота вангуард” загварын эмэгтэй жолоочтой автомашин Өмнөговь аймгийн харьяат 61 настай Ш.Т-ийн жолоодож явсан тус аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрөөд мөргөлдөж, “Фургон”-ы жолооч гэмтсэнийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн Гүнтийн даваанд ачааны машин онхолдсон ослын зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээд байсан. Гүнтийн даваа уруудаж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт харьяалагддаг хэсэгт явж байсан “Хьюндай стон” загварын ачааны автомашин онхолдож, жолооч 62 настай Ц.О гэх эмэгтэй гэмтсэн аж.
Эдгээрээс гадна Өмнөговь аймгийн Ханбогд сумд нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэджээ. Нүүрс тээврийн авто замын 211 дэх км-т өнгөрсөн бямба гаргийн 15.30 цагт “Хово” загварын 45-25 ӨМЭ, “Шанси” загварын 23-19 УАЕ дугаартай автомашиныг мөргөснөөр 52 настай Ч.Б гэдэг жолооч нас баржээ.