Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнгөрсөн баасан гарагт “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн албан тушаалтан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, “Алтжин групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч, шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон хэрэгт хяналт тавьсан прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд очоод 10 жил нааш цааш болсон, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаалж их хэмжээний зээл авч мөнгийг нь завшин эл үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан, хуучнаар “Хадгаламж” банк буюу өнөөгийн Төрийн банкийг хохироосон гэх хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд хэлэлцээд тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан бол Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан юм.
Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримт хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож 10 жил хорих ял оноосон юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 14 сая төгрөгөөр торгохоор болсон.
Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оноогоод байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй, Ш.Батхүүд холбогдох хэргээс нотлох баримт хуурамчаар үйлдэж, шүүхэд өгсөн үйлдлийг нь мөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эдлэх ялыг нь есөн жилийн хугацаагаар тогтоосон. Харин Улсын дээд шүүх Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүйд тооцож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан дахин шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн давж заалдах шатны шүүх Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгасныг хүчингүй болгов. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэр гаргасан юм.