Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичлээ.
Тодруулбал, Бэлтэс мөрөн ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2595 иргэнээс 48.484.419.600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Тус шүүхээс хэргийг 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Тэгвэл прокуророос шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.