Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 27-ны өдөр 14.50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийг бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна.
Тодруулбал, "Баян хаябуса" ХХК-ний жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэх үед жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцож, улмаар гудамж, талбайд хутга гаргаж танхайрсан байна. Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт 4 удаа ял шийтгэгдэж байсан аж.
Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр автомашин ачилтын компанийн ажилтан иргэд рүү хутга гаргаж танхайрсан гэх дүрс бичлэгт холбогдох хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ачилтын компанийн ажилтан иргэд рүү хутга барьж дайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас холбогдох албан тушаалтан очиж шалгалтын ажиллагаа явуулсан. Зөрчил гаргагч Ц-д холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна" гэлээ.