Зүрх, судасны эмгэг, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын архаг бөглөрөлт зэрэг халдварт бус өвчин нь амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал хэвшлээс үүдэлтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, тамхи, архи, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол нь халдварт бус өвчнөөр өвчлөх анхдагч хүчин зүйл болдог. Тэр дундаа тамхи нь бүх төрлийн хорт хавдар үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг гэдгийгшинжлэхухаанаартогтоосонбилээ. Энэ талаар ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч эмч Б.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр тамхи бидний эрүүл мэндэд хэрхэн заналхийлж байгааг онцлон хэлсэн юм. Монгол Улс өнөөгийнх шигээ агаарын бохирдол ихтэй, тамхины хэрэглээ өндөртэй хэвээр байвал 20 жилийн дараа гэхэд уушгины хорт хавдрын тохиолдол хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гарсныг тэрбээр анхаарууллаа.
-Уушгины хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-Уушгины хавдар нь Монголд зонхилон тохиолддог элэг, ходоодны хорт хавдрын дараа буюу гуравдугаарт бичигддэг. Жилд 500 орчим хүн энэ төрлийн хавдраар өвчилсөн гэж оношлуулж байна. Энэ нь 100 мянган хүн амд 14 орчим тохиолдол бүртгэгддэг гэсэн үг. Дэлхий нийтэд тохиолддог уушгины хорт хавдрын дундаж үзүүлэлттэй харьцуулахад энэ нь тийм ч өндөр биш. Баруун Европ, Хойд Америкт өвчлөл маш их. Гэхдээ манай улсад сүүлийн жилүүдэд уушгины өвчлөл тогтвортой өсөж байгаа нь ноцтой юм.
-ХСҮТ-ийн уушгины хорт хавдрын мэс заслын ачаалал ямар байна вэ?
-Жилд 100 орчим хүн уушгины хорт хавдрын мэс засал хийлгэдэг. Энэ тоо нь хавдар оношлогдсон үе шаттай холбоотой. Харамсалтай нь, нийт хорт хавдрын 90 хувь нь хожуу шатандаа оношлогддог. Ийм үед мэс засал хийх боломжгүй. Хожуу шатандаа оношлогдсон учраас ийм хавдартай хүмүүсийн 90 орчим хувь нь тухайн жилдээ нас бардаг. Өөрөөр хэлбэл, оношлогдсон хүмүүсийн ердөө 10 орчим хувь нь мэс засал хийлгэдэг юм. Манай эмнэлэг энэ төрлийн мэс заслын 60 орчим хувийг хийж байна. Үлдсэн нь хувийн бусад эмнэлэг болон гадаад улсад мэс засал хийлгэдэг.
-Уушгины хавдраар өвчлөгсдийн олонх нь 60 орчим насныхан байдаг гэдэг. Гэвч сүүлийн үед залуус өвчлөх нь нэмэгдсэн гэв үү?
-Уушгины хорт хавдраар өвчлөгсдийн олонх нь 65-69 насныхан. Залуучууд өвчлөх нь бий ч тийм олон биш. Гэхдээ 18 настай хүн уушгины хорт хавдраар өвчилсөн тохиолдол байгаа. Мөн 20, 30 насандаа энэ төрлийн хавдраар өвчилсөн хүмүүс ч бий.
-Энэ төрлийн хорт хавдрыг үүсгэгч шалтгааны нэг нь тамхи. Тамхи уушгинд ямар сөрөг нөлөөтэйг мэргэжлийн хүний хувьд тайлбарлаж өгөхгүй юү?
-Хамгийн ихээр нөлөөлж байгаа хүчин зүйл бол тамхи. Тамхи 7000 орчим төрлийн химийн бодис агуулдаг. Үүний 70 орчим нь хорт хавдар үүсгэгч хортой бодис. Тамхины утаа нь гуурсан хоолой, мөгөөрсөн хоолойн дотор салст бүрхэвчид эргэшгүй өөрчлөлт оруулснаар уушгины хортой хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тамхи нь ганц уушги гэлтгүй олон төрлийн хорт хавдрын үүсэлд шууд нөлөөлдөг юм. Цусны цагаан эс, давсаг, улаан хоолой, бөөр, амны хөндий, нойр булчирхай, ходоод, төвөнхийн хорт хавдар үүсгэх хүчин зүйлийн нэг болдог. Манай улсын эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 15 хувь нь тамхи татаж байна. Тэр хэрээр өвчлөх эрсдэл эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдэд гурав дахин их. Тодруулбал, уушгины хорт хавдраар өвдсөн 10 хүний ес нь тамхи татдаг. Мөн эл хавдраар өвдөхөд удамшил нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
-Дам тамхидалт ч ялгаагүй хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг үү?
-Дам тамхидалт нь хамгийн багадаа 69 төрлийн хорт хавдар үүсгэгч химийн бодист өртөх шалтгаан болдог. Дам тамхидалт нь уушгины хорт хавдрын шалтгаан болно. Мөн зүрхний өвчин, чихний халдвар, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин үүсэхэд нөлөөлдөг.
-Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус электрон тамхи ихээр татах болсон. Үүний улмаас хавдрын өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?
-Электрон тамхийг дэлхий дахинд бүрэн судалж дуусаагүй, хэрэглээнд нэвтрээд гурван жил орчим болж байгаа. Эхэндээ дам тамхидалт үүсгэдэггүй, хажуу дахь хүнд хоргүй гэж ярьж байсан. Гэтэл одоогийн судалгаанаас үзэхэд электрон тамхи нь өвөрмөц хэлбэрийн уушгины үрэвсэл шинээр үүсгэдэг болох нь тогтоогдсон. Энэ өвчин нь залуусын дунд цөөнгүй бүртгэгдэх болсон бөгөөд амиа алдсан хэд хэдэн тохиолдол АНУ-д гарлаа. Тиймээс электрон тамхи хоргүй гэдэг нь ташаа мэдээлэл. Одоогоор хавдар үүсэхэд нөлөөлж буй, эсэхийг хэлэхэд эрт байна. Тодорхой хугацаа шаардлагатай.
Мөн дам тамхидалт үүсгэдэггүй гэх таамаг ташаа болох нь батлагдаж эхэлсэн. Тодруулбал, электрон тамхи үнэр оруулагч бодис агуулсан утаа гаргадаг. Тэр нь капсул үүсгэн, гурван метрийн зайд байгаа хүмүүсийн амьсгалын эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг нь тогтоогдоод байна. Нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүйгээр дам тамхидалт үүсгэдэг гэсэн үг. Одоогоор манайд электрон тамхийг цахилгаан бараа гэдэг ангиллын дагуу хилээр хяналтгүй, татваргүй оруулж ирж байгаа. Тийм учраас хэрэглээ эрс ихэссэн. Нэг янжуур татсан хүн дараагийнхыгаа хэрэглэх хүртэл тодорхой хугацаа зарцуулдаг. Гэтэл электрон тамхийг тасралтгүй, удаан хугацаанд татах боломжтой учраас биедээ хэр хэмжээний хор шингээж буйгаа хянаж чаддаггүй. Хүүхэд, залуус ихээр хэрэглэж буй электрон тамхи нь одоогоор эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй мэт байж болох ч алсдаа эдгэшгүй өвчинд хүргэж болзошгүй.
-Улс орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ өрнүүлсэн. Үзлэгээр хавдартай гэдгээ мэдэж, танай эмнэлэгт хандсан тохиолдол хэр байдаг бол?
-Юуны түрүүнд эрт илрүүлгийг санаачлан хэрэгжүүлж байгааг сайшаах хэрэгтэй. Ямар нэгэн зовуурь илрээгүй ч эрт илрүүлэгт хамрагдсанаар хавдартай гэдгээ мэдлээ гэсэн цөөнгүй хүн манай эмнэлэгт хандсан. Тухайлбал, элэг, ходоод, уушгины хавдрыг эрт үедээ оношлуулж, эмчилгээ хийлгэсэн тохиолдлууд бий. Гэхдээ нөгөө талаас эрт илрүүлгийг илүү чанартай, сайн гүйцэтгэх шаардлагатай байна. Алдаа дутагдал гарч байгаа. Үүнийгээ засаж чадвал бид хавдрыг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авах боломжтой. Сүүлийн үеийн судалгаагаар зөвхөн рентген зургаар уушгины хорт хавдрыг илрүүлэх боломжгүйг нотолсон. Өөрөөр хэлбэл, зүрх, ясны сүүдэртэй давхацвал уушгины хавдар харагдахгүй байх магадлалтай. Тиймээс дэлхий нийтэд бага тунтай томографийн арга хэрэглэдэг. Өртөг илүү өндөр ч найдвартай арга учраас эрүүл мэндийн бүхий л байгууллага хэрэглэвэл илүү бодитой үр дүнд хүрч чадна. Эрт илрүүлэгт бага тунтай томографийн аппаратыг ашиглах шаардлагатай гэсэн үг.
-Уушгины хорт хавдар хожуу шатандаа илэрдэг шалтгаан нь шинж тэмдэг төдийлөн байдаггүйтэй холбоотой гэх юм. Ямар тохиолдолд уушгиа “шалгуулах” хэрэгтэй вэ?
-Шинж тэмдэг илэрсэн хойно нь эмнэлэгт хандвал оройтсон байдаг. Амьсгалын замын өвчний шинж тэмдгээр илэрнэ. Тухайлбал, ханиалгах, цээжээр өвдөх, хоолой сөөх, амьсгаадах, халуурах гэх мэт цээжний хөндийн эрхтний доголдлын шинж тэмдэгтэй адилхан. Цустай цэр гарах нь хамгийн ноцтой шинж тэмдэг. Ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг олон төрлийн өвчний үед илэрч болдог. Тиймээс ялгаж оношлох шаардлагатай. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл уушгиа заавал шалгаж байгаарай.
-Мэс заслын дараа уушги эргэн төлждөг үү?
-Хорт хавдрын тухайд мэс заслын эмчилгээ хамгийн эхний бөгөөд үр дүнтэй сонголт хэвээрээ байгаа. Хавдартай хэсгийг бүрэн авчихвал эмчлэх боломжтой. Уушги бол их том эзлэхүүнтэй, хос эрхтэн. Өөрөөр хэлбэл, хавдар жижиг тусам тайрах хэсэг нь бага хэмжээтэй байна. Тиймээс үлдсэн уушги нь мэс заслын дараа ч хангалттай ажиллах боломжтой. Нэг уушгийг нь мэс заслын аргаар авчихсан байхад нөгөөхөөрөө амьдрах боломж бий. Гэвч нийт уушгины хавдрын эмчилгээний үр дүнг хагалгааны дараах таван жил амьдрах чадамжаар нь авч үзэхэд бусад хавдраас хамгийн бага байдаг. Өөрөөр хэлбэл, таван жилийн дараа гэхэд нийт уушгины хорт хавдартай хүмүүсийн 20 хувь буюу таван хүний нэг нь л амьд байх боломжтой. Дэлхийн жишиг ч ийм. Энэ нь оношилгоотой шууд холбоотой.
-Ирэх жилүүдэд манай улсад элэгний хавдрын тохиолдол буурч, уушгиных нэмэгдэнэ гэх юм. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Монгол Улсад одоогийнх шигээ тамхины хэрэглээ өндөр, агаарын бохирдол их хэвээрээ байвал 20 жилийн дараа гэхэд уушгины хорт хавдрын тохиолдол хоёр дахин нэмэгдэнэ гэсэн олон улсын байгууллагаас хийсэн судалгаа байдаг. Одоо жилд уушгины хорт хавдрын 500 тохиолдол илэрч байгаа бол энэ тоо 1000-д хүрч, огцом өснө гэсэн үг. Ходоодны хавдар бас нэмэгдэх хандлагатай байна. Улс орон ядуу байх тусам хавдрын өвчлөл их байдаг. Би хоёр жишээ байнга хэлдэг. Гэр хороололд, монгол гэрт нялх хүүхдүүдийнхээ дэргэд тамхи татаж болохгүй. Мөн баяр ёслол, амралт зугаалгын үед машиндаа гэр бүлийнхнээ суулгачихаад тамхи татаад явдаг нь буруу. Ингэж хүүхдүүдээ дам тамхидалтад өртүүлж, харшил, амьсгалын замын халдвар, уушгины өвчлөлийн эх суурийг тавьж байгааг хараад эмзэглэдэг. Манай тасгийн эмч нар жилд 100 орчим хүнийг тамхинаас гаргадаг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, мэс засалд орох хүмүүст эхлээд тамхинаас гарах шаардлага тавьдаг. Аминд нь аюул учирсан үед л хүмүүс тамхинаас татгалзаж байгаа нь харамсалтай.
Иргэд хортой гэдгийг нь мэдсээр байж тамхи татаж, дам тамхидалтад нэгнийгээ өртүүлсээр байна. Тийм учраас хууль, эрх зүйн орчныг нь чангатгах, дотоод орчинд тамхи татуулахгүй байх, одоогийн хэрэгжиж буй хуулийнхаа хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Мэс засал хийлгэх хэмжээнд хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх арга нь тамхины хэрэглээг бууруулах, Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхины зохицуулалтыг нэн яаралтай оруулах нь зүйтэй.