Монголын дартсын спортын талбарт өсвөр үеийн тамирчдаас цахиур хагалж, хүч түрэн орж ирсэн тоглогч бол Б.Хулан. Тэрбээр энэ спортоор хичээллэн, богино хугацаанд амжилт гаргаж, тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг татсан юм. Дартстай нөхөрлөсөн цагаасаа аавынхаа удирдлагад бэлтгэл хийж, 2021 онд болсон УАШТ-данх удаа оролцохдоо хосын төрөлд алтан медаль хүртэн баярласан гэдэг. Түүнд урам хайрлаж, эрч хүч өгсөн жил 2022 он байв. Тэр жилээ УАШТ-д мөн тэргүүн байрт шалгаран, амжилтаараа эмэгтэйчүүдийн чансааг хошуучилж эхэлжээ. Британийн харьяа Гибралтар улсад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зохион байгуулсан өсвөр үеийн дартсын ДАШТ-ий багийн төрөлд тэрбээр Монголынхоо баг тамирчидтай оролцож, хүрэл медальтай ирсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хавар өмнөд хөршийг зорьж, Бээжинд болсон “9th capital darts tournament 2023” олон улсын нээлттэй тэмцээний ганцаарчилсан төрөлд удаалсан. Манай улсад эл спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ой тохиосон жил дартсын эмэгтэй аваргуудаас тэрбээр анх удаа “The Khulan” нэрийн брэнд сумтай болж, албан ёсоор гардсан нь Монголын дартсын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. Түүний нэрийнх нь брэнд сум олон улсын худалдааны цахим хуудсанд тавигдан худалдаж эхэлжээ.
-Та энэ жил олон улсын томоохон тэмцээнүүдэд улсаа төлөөлж оролцлоо. Хамгийн сүүлд БНХАУ-ы Фү динг хотод зохион байгуулсан “Mixed double open” дартсын чансаа олгох тэмцээнээс “Шилдэг эмэгтэй тамирчин” шагнал гарджээ.
-Тэндээс “Шилдэг эмэгтэй тамирчин” шагналтай ирсэндээ сэтгэл өндөр байгаа. Анги дэвших шалгалтын үеэр хичээлээсээ чөлөө авч, гадаад, дотоодод зохион байгуулсан тэмцээнд оролцож, нэг хэсэгтээ л амрах завгүй явсан. Тус тэмцээний дараа эх орондоо болсон “Mongolia open”, “Ulaanbaatar open” олон улсын тэмцээнд II байр эзэллээ. Дэлхийн мэргэжлийн дартсын холбооноос манай улсад “Asian tour 13-15” цуврал тэмцээнийг зохион байгуулахад тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг 16-д шалгарсан. Энэ удаа 13 дахь цувралд эрэгтэйчүүдээс ОУХМ М.Алтантүлхүүр ах аваргын төлөө өмнөд хөршийн тамирчинтай тоглож удаалсан. 14 дэх цувралд Хятад, 15 дахь цувралд нь Энэтхэгийн тамирчин түрүүлсэн юм. Азийн аваргуудын ур чадвар, шидэх техник, гал гарсан тоглолт гайхалтай санагдаж, өөрийн эрхгүй бишрэн “Хэзээ нэгэн цагт тэдэн шиг болчихоод олонд хүндлэгдсэн, үлгэр дуурайл авдаг тамирчин болох сон” гэж их бодсон шүү. Дартсын аваргуудаас Ш.Ган-Эрдэнэ ахыг түрүүлчихээсэй гэж дэмжиж, тоглолтыг нь сонирхож үзсэн. Бид тэмцээн эхлэхийн өмнөх өдөр хол зам туулж ирсэн тул аян замын алжаал тайлж амжилгүй шууд оролцсон. Тухайн үед ядарснаа мэдэхгүй хүчилж тоглоод санасандаа хүртэл амжилт гаргаагүй. Ямарваа тэмцээнд амралгүй оролцох нь амжилтад сөргөөр нөлөөлдгийг их ойлгосон.
- “9th capital darts tournament 2023” тэмцээнд шилдгүүдтэй ширүүхэн өрсөлдсөн. Бээжинд аварга болох боломж байгааг тань олж хараад баярлаж суусан даа.
-Миний хувьд хилийн дээс алхсан олон улсын чанартай хоёр том тэмцээний нэг нь “Beejin 9th capital darts tournament 2023” байлаа. Тэр тэмцээнд манайхаас Ш.Ган-Эрдэнэ ах эзэн орны тамирчныг 6:4-аар хожиж, алтан цом гардсан. Би бас шилдэг эмэгтэй тамирчинд нь онооны хол зөрүүгүй хожигдож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэнд хөл тавиад өөрийгөө аваргын төлөөх тоглолтын тайзан дээр гарна гэж огт төсөөлөөгүй. Хятадын тамирчин надаас эгч тул туршлага чамгүй хуримтлуулсан нь тэмцээний явцад анзаарагдаж байв. Бидний өрсөлдөөн улам ширүүсэж, оноо хол зөрүүгүй болоход үзэгчид шуугилдаад эхэлсэн. Өмнө нь их чимээ, шуугианд тоглож байгаагүй болохоор сандарч, анхаарлаа төлөвлөрүүлэх амаргүй байлаа. Тэр тэмцээний дараа бид Фү динг хотод дахин таарч, “Mixed double open” чансаа олгох тэмцээнд өрсөлдсөн юм. Тэмцээн өрсөлдөөнтэй болж, манайхаас таван тамирчин үлдсэн байв. Түүнтэй тоглох үед Ш.Ган-Эрдэнэ ах медалийн төлөө өөр самбарт тоглож харагдав. Монгол Улсын хошой аварга Б.Болдбаатар ахынхаа зөвлөснөөр тоглож, хүчтэй өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авсан даа. Түүнтэй өмнө нь тоглохдоо арга барил, техникийг нь сайтар ажигласан тул ялагдахгүйг хичээж, даагаа нэхсэн. Бид хойшид цөөнгүй таарах байх. Үүнээс өмнө Британийн харьяа Гибралтар улсад өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон дартсын өсвөр үеийн ДАШТ-д тамирчидтайгаа оролцож, багийн төрөлд хүрэл медальтай ирсэн юм.
-Таны хувьд 2023 он шагналын хур буусан жил байна. ДАШТ-ээс хүртсэн хүрэл медаль амжилтын тань буухиаг үргэлжлүүлэх эхлэл байж.
-Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, түүхэн амжилт гаргасан минь бидний амьдралд сайхан дурсамж үлдээсэн. Тэр дундаа ДАШТ-д сойх тамирчнаар сонгогдож, багийн гишүүдээ ахалж оролцсондоо баяртай байдаг. Тэмцээнд оролцох тамирчдын танилцуулгад намайг багийн ахлагч гэж бичсэнийг нь хараад гайхахад “Чамайг тэднээс эгч болохоор сонгосон юм” гэж билээ. Тэр үед гадаадын тэмцээнд дүү нараа ахлах тул өндөр үүрэг, хариуцлагатай байх ёстой гэдэг бодол юу юунаас илүү төрсөн.
-Гибралтарт хөл тавьсан эхний өдөр тэмцээн болох уур амьсгал хэр мэдрэгдэв?
-Тэндхийн бүх зүйл сайхан санагдаж байлаа. Манайхан тэмцээний салхи хагалж, Английн B багийнхантай, дараа нь Гибралтарын шигшээтэй тоглож ялагдсан юм. Хоёр удаа хожигдсон болоод ч тэр үү өөрийн эрхгүй сэтгэлээр унасан. Тэгтэл багийн гишүүдээс Г.Ананд “Эгч ээ, та битгий бухимд. Бид чадна, хожино” гэж хэлэхэд нь урам орж, “Би ахлагч шүү дээ. Дүү нартаа эрч хүч өгөх байтал өөрөө сэтгэлээр унаж, гонсойж хэрхэвч болохгүй” гэж бодсон. Гурав дахь тоглолтдоо Шотланд, дараа нь Африкийн багийг хожиж, хэсгээсээ гарав. Хасагдах шатны тоглолтод Уэльсийн баг тамирчдыг 4:3-аар буулгаж авсныхаа дараа бид “Хэсгээсээ гарчихлаа. Өөр хүсэх зүйл байхгүй” гээд ярьж байв. Гэсэн ч медаль руу тэмүүлэх хүсэл төрж, өрсөлдөх багуудаа хожмоор санагддаг юм билээ. Ялах тусам дүү нарын минь нүд гялалзаж, ямар ч багтай таарсан хожих бодол төрүүлсэн. Тэднээсээ би тааруухан оноо авсан ч аль болох бухимдахгүйг хичээж “Эгчийнхээ оноог нөхөөрэй” гэнэ. Манайхан оноо тааруухан авч эхлэхэд “Намайг сэргэвэл тэд ч бас сэргэнэ” гэж бодоод өөрт байгаа бүх зүйлээ шавхсан. Учраа таарсан багаа хожих бүртээ бид баярлаж, бүр хашхирч байлаа. Шөвгийн наймд Ирландын багийг мөн 4:3-аар илүүрхэж, Английн В багийнхантай дахин таарахдаа 1:4-өөр ялагдсан ч хүрэл медалийн болзол хангасан. Хэрвээ тэднийг хожсон бол аваргын төлөө тоглох байв. Одоо ДАШТ-ээс хүртсэн хүрэл медалиа харахаар Уэльсийн багийг хожчихоод орилж байсан баярт агшин нүдэнд харагдах шиг болдог. Тэмцээнд тааруухан оролцож, сэтгэлээр унасан үедээ медалиа харж урам авах дуртай. Бид дасгалжуулагч М.Эрдэнэ, Х.Одбилэг багшийн удирдлагад оролцож, амжилт гаргасандаа их баярладаг. Тэд тоглолтын үед аав, ээжээс минь дутахгүй түшиг болж, сайтар зөвлөсний хүчинд медалиас атгасан даа.
-Европын тамирчид өндөр, биерхүү болохоор дарстын тэмцээнд Азийнхнаас илүү амжилт гаргаад байх шиг санагддаг юм.
-Азиас эх орноо төлөөлж оролцсон бид өрсөлдсөн багуудаас нас, биеэр хамгийн бага нь байсан. Английн багийнхан ДАШТ-д шилдэг гэдгээ баталж, түрүүлсэн. Европын тэмцээний зохион байгуулалт өндөр, өрсөлдөөнтэй, тоглолтын уур амьсгал нь өөр болдог юм билээ. Хичээвэл медалийнхаа өнгийг хувиргах боломж байгааг ч тэнд мэдэрсэн юм. Дараагийн ДАШТ арваннэгдүгээр сард болно. Миний хувьд өсвөрийн ангилалд оролцох сүүлчийн тэмцээн тул түрүүлэхийг хичээж байгаа.
-Хүмүүс тэр үед өсвөрийн дартсчид ДАШТ-ээс медальтай ирэх нь гээд баярлаж байлаа шүү дээ.
-Биднийг онгоцноос буухад “Тамирчны алдар” дуу эгшиглэж огшоосон шүү. Би хүрэл медаль хүртэхдээ баярын нулимс унагаагүй хэрнээ хадаг, сүүтэй угтах аав, ээжийгээ хараад л уйлчихсан. Өмнө нь манайхан намайг онгоцны буудлаас үдэж өгөхөд дүү нар гэрийнхэнтэйгээ ээлжилж зургаа авхуулаад байв. Ээж “Гурвуулаа ч гэсэн зургаа авхуулъя” гэхэд аав “Охиноо ДАШТ-ээс медальтай ирэхээр нь хамт авхуулна” гэсэн юм. Монголд ирэхэд аавын хэлсэн үг санаанд орж, медалиа зүүгээд гурвуулаа зургаа даруулсан даа.
-Аав тань “Хулан” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Охиныхоо нэрээр клубээ нэрлэсний учрыг одоо л мэдэж байна.
-Аав намайг бага байхад клубээ нээж, нэрээр минь нэрлэсэн юм. Манай клуб 50 гаруй тамирчинтай. Дартсын тэмцээнд “Хулан” клубийн тамирчин гэж зарлуулаад оролцох надад сайхан санагддаг. Аавыг минь Б.Баянмөнх, ээжийг З.Олонзаан гэдэг. Өвөө ээжид минь энэ нэрийг бэлгэшээж хайрласан гэдэг. Монголд ийм нэртэй хүн ховор. ДАШТ-д оролцсон хүүхдүүдийн аав, ээж нь дарстаар олон жил хичээллэсэн, туршлагатай. Тухайлбал, Г.Анужин, Г.Ананд нар Ш.Ган-Эрдэнэ аваргын хүүхэд. Х.Тэргэл түүний төрсөн эгч Г.Эрдэнэтуяагийн хүү. Бид удам дамжсан тамирчин. Би дартсыг эхэндээ сонирхдоггүй байлаа. Бүжгээр хичээллэдэг өөрийгөө спортод дурлана гэж хэзээ ч бодоогүй. Одоо миний хамгийн дуртай спорт дартс болсон. Нэг тэмцээнд оролцсон бол дараагийнхыг нь тэсэн ядан хүлээдэг. Хайртай спортоор нь удам залгаж хичээллэхэд аав, ээж минь их баярласан.
-Спортын талбарт хөл тавиад тамирчны амьдралыг хэр мэдэрч байна вэ?
-Спортын талбар, тамирчны амьдрал аль аль нь амаргүй санагддаг. Тэр их өрсөлдөөнөөс ур чадвараараа цойлж гарах хэцүү. Би өмнө нь хожигдчихоод шарандаа уйлчихдаг байв. Одоо бол ялагдлаа туршлага болгож хуримтлуулдаг. Тэр хэрээр алдааг өөрөөсөө хайж, давтахгүйг хичээдэг болсон байна.
-Та “Монгени” сургуулиас төрсөн шилдэг тамирчдын нэг юм билээ.
-Тус сургуулийн 12б ангид сурдаг. Манай сургууль дамжилт гаргасан тамирчин олон бий. Ангийн багш, хамт олон минь намайг сайн ойлгоно. Тэд тэмцээнтэй өдрүүдэд хичээлээс чөлөөлж, оролцуулдаг юм. Би ДАШТ-д оролцохдоо хэнд ч мэдэгдэхгүйг их хичээсэн. Тэр үед шилдгүүдтэй өрсөлдөж, медальтай ирнэ гэсэн итгэл төрөөгүй. Медаль хүртэх хүсэлтэй ч чадахгүй бол яана гэсэн айдастай байв. Явахын өмнөх өдөр “Ангийн нөхөд тань чамд бяцхан хандив өргөж байна” гэж багшийг хэлэхэд их баярласан. Ангийнхан “Сайн яваад ирээрэй. Амжилт хүсье” гээд урам хайрласан нь надад итгэл хүлээлгэсэн даалгавар байв.
-Та спортын сэтгэлзүйч мэргэжилтэй болохыг хүсдэг гэл үү?
-Миний хүсэл, мөрөөдлийг гэрийнхэн минь дуртай дэмждэг. Би спортоор хичээллэснээс хойш олон зүйл ойлгодог болсон. Тамирчдыг амжилт гаргахад сэтгэлзүй их нөлөөлдөг. Монголд спортын сэтгэлзүйч цөөхөн юм билээ. Энэ мэргэжлийг эзэмшиж, ирээдүйд дасгалжуулагчаар ажиллан улсынхаа нэрийг дэлхийд гаргах шилдэг тамирчид бэлтгэнэ гэж боддог.
-Аварга болох сайхан ч хамгаалж явах амаргүй гэх үг бий. Үүний утга, учрыг өрсөлдсөн тэмцээн бүрээсээ мэдэрдэг биз?
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд энэ жилийн УАШТ-ий дан хосын төрөлд ОУХМ Ш.Эрдэнэчимэг эгчтэй оролцон түрүүлж, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн. Надад ганцаарчилсан төрөл илүү таалагддаг. Шагналынхаа олонхыг энэ төрлөөс гардсан байдаг юм. ДАШТ-ээс хүртсэн хүрэл, “Beejin 9th capital darts tournament 2023” тэмцээнээс гардсан мөнгөн медалиа шагналынхаа хамгийн дээр залсан. Монголд дартсаар хичээллэдэг залуус өндөр амжилт гаргаж байна. Тэдний авьяас, ур чадвар энэ спорт хэрхэн хөгжиж буйг илэрхийлдэг. Дартстай нөхөрлөсөн хүүхдүүдэд “Тууштай хичээллэвэл улсдаа, цаашлаад тив, дэлхийд амжилт гаргах боломж ойрхон бий. Зорьж хичээллэсэн бол зорилгоо заавал бодоорой. Зүрх, сэтгэлээ зориулж, зүтгэвэл та ч бас аварга болж чадна” гэж хэлье.