Барилгын салбар цалин хөлсөө өгдөггүй гэдэг ойлголтоос болж, залуус бүтээн байгуулалтад оролцох сонирхолгүй болжээ. “Адил тэнцүү хөдөлмөр” ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Ням-Эрдэнэтэй дээрх сэдвээр ярилцлаа
-Танай ТББ-д хэчнээн хохирогч хандав. Цалингаа авч чадаагүй, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн талаар мэдээлэл өгөөч
- Одоогоор З00 гаруй хүн манайд хандсан байна. Барилгын салбарын ажил бригадын системээр явдаг. Гол нь гэрээ байгуулаагүй аман тохироогоор ажилд ордог. Үүнээс болоод хохирсон тохиолдолд шүүхэд хандаж асуудлаа шийдүүлье гэхээр хэрэгжих боломжгүй. Гэрээ хийсэн ч нөгөө газрынх нь удирдлага олдохгүй, ажил дээрээ байдаггүй, эсвэл захиалагч компани нь мөнгөө өгөөгүй гэдэг тайлбар хэлдэг. Өрөөр хэлбэл, бодит үр дүнд хүрдэггүй, хугацаа алддаг.
Манайх Хөдөлмөрийн тухай хуулийн аль аль заалтуудыг ямар компани зөрчсөн гэдгийг нарийн судалдаг, хуульд нийцсэн эсэхийг хардаг. Тусад нь дата үүсгээд баримтжуулдаг. Газруудын захирлуудтай уулзахаар, тэдэнд бас нэг зовлон байна. Энэ нь ажилчид нэгдүгээрт, ажлаа хийж чадахгүй байна. Хоёрдугаарт, мөнгөө аваад “алга болж” компаниа хохироодог гэдэг.
Тэгэхээр ажил олгогч, ажилчин хоёрыг хуулийн хүрээнд тэнцвэржүүлж ажиллах шаардлага байна. Гуравдагч, дөрөвдөгч оролцогч буюу бодлого хэрэгжүүлдэг төрийн байгууллагууд хаана юу хийгээд яваад байна аа.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гэж албан тушаал өмнө нь байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуй, Хөдөлмөрийн харилцааны асуудлыг анхаарах чиг үүрэгтэй байв. Одоо яамдууд руу хуваарилагдсан. Өмнө нь тэд “нэг байцаагч 480 объект дээр ажилдаг” хэмээн зовлон ярьж байсан. Одоо юу хийж байгаа нь бүр ч тодорхойгүй болсон.
-Иргэд барилгын салбарт ажиллахдаа юуг анхаарах ёстой вэ?
- Шулуухан хэлэхэд нэгт, хуулийн мэдлэгтэй байх, хоёрт, тухайн ажил ямар технологийн дарааллаар бүтдэг, түүнийг нь мэдэх шаардлагатай.
Яг үнэнийг хэлэхэд өмнөх ажлаа хийгээд завгүй байгаа хүн, бусад зүйлийг судлах цаг байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хүн ажилд авсан бол мэдлэг дутмаг байгааг түрүүлж хараад эрх ашгийг нь хамгаална гэж заасан. Тэднийг мэдэхгүй байна гэж шүүмжлэхийн оронд хамгаал. Хамгаалах гэж хууль зохиосон. Тухайн хүнийг сурга гээд хуульд заагаад өгсөн. Дээрх хууль тийм муу биш. Гол нь хоёр талаасаа хэрэгжүүлж, ажил болгохгүй байна. Зав байхгүй гэдэг ганц шалтгаан хэлдэг. Сэтгэл гаргаад, хэрэгжүүлээд эхэлчихвэл энэ олон залуу ажилгүй, барилгынхан мөнгөө өгдөггүй гээд хэвтэхгүй. Бүгд ажил хийх байх. Цахим орчинд маш олон групп байдаг. Ороод харахаар “Туслах ажилтан авна өдрийн цалин 75 мянга” гээд зар байна. Доор нь ганц ч коммент байхгүй. Энэ хандлага юуг харуулаад байна вэ гэхээр, ийм зар оруулжээ эднийх мөнгөө өгөх үү, өгөхгүй юу гэсэн хардлага юм. Залуусын итгэл алдарсан нь харагдаж байна. Барилга гэхээр хүмүүс айдаг болчихоод байна. Барилга ерөөсөө мөнгөө өгдөггүй бас аюултай салбар гэж боддог. Гэтэл ажил даалгаад бүрэн хийлгээд, оройд нь мөнгөө өгдөг компани зөндөө. Хажуугаар нь зар тавьж дуудаад “Ажил яваагүй байна, чи бараг юм хийсэн юм уу, мөнгийг чинь өгөхгүй, ажил хийж чаддаггүй” гээд муу зүйлдээ гаршчихсан компаниуд ч байна.
-Барилгын салбарт ажиллах хүч олдохгүй байна гэсэн үг үү
- Компаниуд, бригадууд аргаа барахдаа оройд нь цалингаа өгнө гэх зар байнга оруулдаг. Ингээд ч ажиллаж байгаа хүн алга. Ажиллалаа гэхэд ажлаа бүрэн хийж чаддаг хүн ховор болсон.
Эргээд хүмүүсийн нүдэнд ил тод харагдаж, бүтээн байгуулалт хийх ажиллах боловсон хүчингүй болсон гэсэн үг.
Барилгын компанийн нэг захирал “Улсад, хотод баригдаж байгаа барилгыг барилгачид биш малчид бариад байна шүү дээ” гэж хэлсэн. Үнэн байхгүй юу. Хөдөө малаа маллаж байгаад зундаа барилга дээр ажиллаж хэдэн төгрөг хийж аваад буцдаг, Судлаад үзэхээр нөхцөл байдал үнэхээр тийм.
Аймшигтай гэмээр процесс болдог. Юу гэхээр барилгын краны доор нь хүүхэд явж байхад, дээр нь ачаа нь савлаад байж байдаг. Тэрийг хараад, ажиглаад хамгаалах зурвас, тууз татаад, ачаа өргөөд дуустал хяндаг хүнээ, тэр компани гаргаж болно оо доо. Хүн бэртэж, үхсэний дараа ийм юм болчихлоо бид нар яах уу гэж гарч ирдгээ болимоор байна.
-Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ ?
- Их хэцүү, бүдүүлэг шийдэл бий. Гомдол гаргасан иргэнийг төлөөлөөд тухайн компанид очиж хууль, дүрэм журам яриад, гомдол гаргана, танай байгууллага торгууль шийтгэл хүлээнэ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацна гэж бүдүүлэг арга хэрэглэж байж хохирогчийн мөнгийг авч өгдөг. Энэ ч бас хууль, дүрэм байхгүй бол хэцүү асуудал. Хоорондоо маргалдаад хүн амины хэрэг гарвал яах вэ.
Тиймээс хохирогчдод эхлээд холбогдох хуулийн заалт хэлж өгдөг. Тухайн иргэнд цаад байгууллагатайгаа бичгээр харилц гэдэг. Яагаад гэвэл шүүхэд хандаад амаар мянга тайлбарлаад хүлээж авах боломжгүй. Өргөдөл заавал бич хэмээн зөвлөдөг. Тэгэхээр тэр компанидаа ч нэг хүнээс болоод элдвийн шалгалтад ороод, шүүхээр явснаас хэл амгүй мөнгийг нь өгсөн нь амар л даа
-Залуус юун дээр алдаад байна вэ?
-Барилгын компанид ажиллахаасаа урьтаж ХАБ-ын сургалт авмаар байна. Ном журмын дагуу зааварчилгаа ав гэж хэлэх хэрэгтэй. Дээрээс нь үнэнээ хэл л дээ. Өөр салбарт ажиллаж байсан, мужааны ажлыг мэдэхгүй, заагаад өгөөч, заавар нь юу юм сураад би хийе гэдэг юм уу. Эсвэл мэргэжлийн сургалтад сууж, мэргэжлийн үнэмлэхтэй болъё. Хаана сургадаг вэ, аль сургалтын төв сайн гэдгийг зааж, сургаад өгөөч гэдэг. Ер нь хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээ байгуулъя. Тэдэн төгрөгийн цалин авна, татвараа тэгж төлнө гэдгээ хэлээд хоорондоо ойлголцоод явах хэрэгтэй.