Сунравын Хөхөө багшийн удирдлагад бэлтгэл хийж, тив, дэлхийн тэмцээнд оролцсон олон туйванч бий. Тэрбээр 1989 оноос хүндийг өргөлтийн спортод эмэгтэй тамирчдыг бэлтгэж, 2003 оноос хүч тамирын өргөлтийг анх санаачлан хөгжүүлэхэд оролцсон нэгэн.Түүний эрэгтэй шавь нараас Д.Энхбаатар Болгарт 1977 онд зохион байгуулсан Дэлхийн залуучуудын АШТ-ий 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд давтагдаагүй амжилт байв. Эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Н.Баярмаа Турк улсад 2001 онд болсон ДАШТ-д 58 кг-д, түлхэлттэй өргөлтөөр 110 кг, нийлбэр дүнгээр 192.5 кг-ыг өргөж, 15 орны тамирчдаас VII байрт шалгарсан юм. С.Хөхөө дасгалжуулагч өнөөг хүртэл ажиллах хугацаандаа УАШТ-ээс 140 гаруй, пауэрлифтингийн ахмадын Азийн АШТ-д 2003, 2004, 2010 онд оролцож, аварга болохдоо нийт 12 медаль гардсан байдаг. Түүний эл спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, 2016 онд Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2018 онд 70 насных нь ойгоор МҮОХ-ны “Алтан од”-одонгоор шагнажээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Гавьяат дасгалжуулагч цол хүртсэн түүнийг зочноор урилаа.
-Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид сурдаг байсан хүүгийн сэтгэл энэ спортод соронз шиг татагдсан нь сонирхолтой санагддаг юм.
-Би энэ спорттой 60 жил нөхөрлөлөө. 1963 онд 15 настайдаа анх хичээллэсэн. Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангид Г.Жамъян багшийн шавь байлаа. Багш намайг спорт луу гүйх болсныг нэг өдөр мэдээд хаалгаа дотроос нь түгжиж, цаг гаруй морин хуур тоглов. Намайг урлагт үлдээх гэж тэр шүү дээ. Түүнийг “Чи хөгжмөө орхих уу, эсвэл спортоор явах уу” гэж асуухад нь юу ч хэлж чадахгүй зогсоод байлаа. Багшийг“За яв даа” гэхэд нь Спортын төв ордон руу хар хурдаараа гүйчихнэ. Тэр жилийн аравдугаар сарын 17-нд хүндийг өргөлтийн секц байгуулагдахад 20 гаруй хүүхэд хичээллэхээр ирсэн юм. Зун нь бэлтгэл багагүй базаасан тул тэднээс илүү 55 кг-ыг өргөтөл шигшээ багийн дасгалжуулагч Б.Гунгаа багш “Чи аль сургуулийн хүүхэд вэ” гэж асуухад “Хөгжим бүжгийн дунд сургуулийнх” гэтэл “Чамайг авахгүй. Багш нар тань ирж уулзаад та нарын гар хурууг эвдэрчихнэ, манай сургуулийн хүүхдүүд очвол хөөж байгаарай гэж захисан” гээд халгаасангүй. Тэгэхээр нь “Хөдөлмөр”, “Барилгачин”, “Хоршоолол” нийгэмлэгт очиж, жижүүрээс нь бэлтгэлийн өрөөний түлхүүр гуйхад “Чи өргөж даахгүй, ууц нуруугаа хугалчихна” гээд оруулахгүй. Спортын төв ордонд маргааш нь дахиад ирнэ. Өдөр бүр хөөгдсөн ч шантрахгүй. Тамирчдын бэлтгэл хийхийг харсаар байгаад хүндийг өргөлтийн анхны мэдэгдэхүүнтэй болсон доо.
-Өмнө нь таныг өөрийнхөө хүслээр хичээллэсэн гэж боддог байлаа.
-Би 16 настайдаа багшилсан. Түүнээс зургаан сарын дараа 1964 оны дөрөвдүгээр сард хотын АШТ-д оролцохоор шийдлээ. Тэгсэн нэг ах “Чи юу ч идэхгүй дөрвөн кг хасаж, 52 кг-д оролцоорой“ гэв. Жаал дасгал, хөдөлгөөн хийж арай гэж хэлсэн жинд ньхүрсэн. Тэмцээнд шахалттай өргөлтөөр 55 кг-ыг шахаж, огцом өргөлтөд 50 кг-ыг өргөж, түлхэлттэй өргөлтөд 72.5 кг-ыг өргөн II байрт шалгарав. Тэгтэл Д.Дамдин аварга “Чи 72.5 кг-ыг өргөнө шүү” гэж байна. Алдарт аваргын даалгаврыг биелүүлэхгүй бол болохгүй гэж гүрийгээд өргөлөө дөө. Ингэж тамирчин болох гараагаа эхлүүлсэн. Дараа жилийнх нь тэмцээнд 67.5 кг-ын жинд шахалттай өргөлтөд 85 кг-ыг шахаж, огцом өргөлтөд 80 кг, түлхэлттэйд 102.5 кг-ыг өргөж мөн л удааллаа. 1966 онд болсон УАШТ-ий 75 кг-ын жинд шахалттай өргөлтөд 90 кг-ыг шахаж, огцом өргөлтөд 85 кг, түлхэлттэйд 112.5 кг-ыг өргөж, Ц.Эрдэнэчулуун ахыг ялснаар мөнгөн медаль хүртэв. Миний хувьд 1968 он хүртэл оролцсон тэмцээн бүртээ II байраас салаагүй.
-Тамирчны амьдралд хөл тавиад сургуулиа орхисон хэрэг үү. Г.Жамьян багш шавиа спорт сонгоход таатай хүлээж аваагүй л байх.
-Багш “Хэрвээ морин хуурч болсон бол миний шийрийг хатаах хүүхэд байсан юм даа” гэж нагац ах Б.Жамцад миньхэлсэн гэдэг. Хөгжим бүжгийн дунд сургуулиа 1967 онд төгсөж, УБДС-ийн Биеийн тамирын ангид оюутан болохоор элссэн. Түүнээс хоёр жилийн дараа Т.Самбуу багш намайг секцдээ авч, нэг сар бэлтгэл хийлгээд Узбекистан, Монголын уулзалт тэмцээнд оролцуулахаар тамирчидтай хамт цугларалтад гаргалаа. Би тэр тэмцээнд 105 кг-ыг шахаж, 100 кг-ыг огцомдож, түлхэлттэйд 137.5 кг-ыг өргөлөө. Тэр жилийн тавдугаар сард болсон тэмцээнд С.Доржханд, Р.Амгаасэд, бид гурав спортын мастер цолны болзол хангахад Т.Самбуу багш шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон юм.
-Та оюутан байхаасаа хүндийг өргөлтийн сургалт, дасгалжуулалтын талаар эрдэм шинжилгээний бүтээл цөөнгүй бичсэн юм билээ.
-Оюутан байхдаа хуучнаар Сталины номын санд хааяа очиж, судалгааны ажилд хэрэгтэй зүйл уншина. Нэг өдөр Оросын “Спорт за рубежом” сониныг сонирхож үзтэл булчингаа хөгжүүлсэн тамирчдын зураг хэвлэгдсэн байв. Тэдний тухай бичсэнийг хуулж аваад гэртээ харьж, нэг бүрчлэн уйгагүй орчуулсан. Германы эрдэмтэн А.Мюллер, Т.Хеттингер нар хүчийг хөгжүүлэх хамгийн шилдэг аргын тухай судалгааны бүтээл бичсэнийг уншаад бэлтгэл хийхдээ өөр дээрээ туршсан юм. Дараа нь үр дүнг нь дүгнэж, өгүүлэл болгож бичээд сургуулийнхаа анатоми, физиологийн багш Э.Донгиндоод үзүүлтэл “Пөөх, чи ямар сайхан зүйл бичээ вэ, бараг эрдэм шинжилгээний ажил хийсэн байна. Их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан болно. Хавтсыг нь солиод өг” гэв. Түүний зөвлөснөөр оролцож, III байрт шалгарлаа. Би сургуулийнхаа оюутнуудаас анх удаа дипломын ажил бичсэн. 1979 онд ОХУ-ын эрдэмтэн А.Чернёкийн “Хүндийг өргөлтийн тамирчдын бэлтгэлийг хэрхэн төлөвлөх тухай” номыг орчуулснаар бэлтгэлийг яаж төлөвлөх аргыг сурч, хэрэгжүүлдэг болсон юм. Тамирчид бэлтгэлээ шинжлэх ухааны үндэстэй хийсний үр дүнд амжилт нь эрс өслөө. Миний удирдлагад бэлтгэл хийдэг тамирчдын ур чадвар жилээс жилд ахихад бусад спортын тамирчин, дасгалжуулагчдын дунд “С.Хөхөө сэргээш хэрэглэдэг байх” гэх яриа гарч, нэр хүндийг минь унагах болсон.
-Таныг бэлтгэл хийхдээ өөрийгөө өдөр бүр ажиглаж, тэмдэглэл хөтөлдөг байсныг тань спортын салбарынхнаас сонссон.
-Би өөрийн гэсэн багшгүй тул хийсэн бэлтгэл, идсэн хоол, бие, сэтгэл зүйн байдлаа өдөр бүр ажиглаж, бичихэд таван зузаан тэмдэглэлийн дэвтэр болсон. Польшийн тамирчид 1965 онд багаараа Европын АШТ-д оролцохдоо Оросын тамирчдыг ялж, түрүүлсэн юм. Тэр үед өөрт хэрэгтэй нэг ном олж авав. Тэр номд Польшийн туйванчдыг жин тус бүрээ таван удаа түлхэж өргөдөг тухай бичсэн байлаа. Тэдний арга барилаар бэлтгэл хийхэд миний хөлийн хүч ахидаггүй ээ. Учир нь тэд огцом өргөлтийг маш сайн өргөдөг ч түлхэлттэйг өргөхдөө арай гэж босдог байсан нь миний анхаарлыг их татсан юм. Польшийн тамирчдаас огцом, огцомын таталт, түлхэлт, түлхэлтийн таталт тус бүр таван удаа өргөхөд хөлийн ядарсан булчин хөгждөггүйг анзаарав. Миний дүгнэлтээр тэд үүн дээр алддаг байсныг мэдлээ. Хүч бол ядаргаагүй үед хөгждөг. Оросын эрдэмтэд хүч 80-87 процентонд илүү хөгждөгийг баталсан байдаг юм. Гэхдээ энэ процентод хүрэхдээ булчинг ядраахгүй байх хэрэгтэй. Судалгааны ажил ийм сайхан. Тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зүйлээ нэг өдөр Т.Самбуу багшид “Та үүнийг уншаарай” гээд өглөө. Тэрбээр хэд хоногийн дараа “Баяр хүргэе. Чиний бичсэн зүйл эрдэм шинжилгээний бүтээлээс дутахааргүй болжээ” гэж магтаж билээ. Багшийгаа ингэж урам хайрлахад их баярласан шүү.
-Спорт нийгэмлэгүүдийн хүндийг өргөлтийн дасгалжуулагчдад тамирчдын бэлтгэлийг хэрхэн төлөвлөх талаар та зөвлөдөг байв уу?
-2006 онд шигшээ багийн дасгалжуулагч Б.Гансүх, түүнээс гадна дөрвөн дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлийг хэрхэн төлөвлөх тухай, мөн өргөлтийн техник, дасгал, хөдөлгөөнийг нэг бүрчлэн холбож хичээл заасан. Дасгалжуулагч байх хэцүү. Тамирчдыг амжилтад хөтөлнө гэдэг өндөр үүрэг, хариуцлагатай ажил. Тэдний хувь заяа, карьер, амжилт дасгалжуулагчаас их хамаарна. Тэгэхээр өргөн мэдлэгтэй байж, тамирчнаа зөв техникээр бэлтгэл хийлгэн, тив, дэлхийн тэмцээнд оролцуулдаг. Би 30 гаруй байгууллагад биеийн тамираар хичээллэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, лекц уншсан. Хүмүүс өглөө босоод гүйхийг сайн гэж боддог. Гэтэл буруу гэдгийг мэддэг нь ховор. Үүнийг олон жилийн өмнө Оросын судлаачдын хэвлүүлсэн номноос уншсан юм. Өглөөний таван цагт хүний биеийн хэм нэг градусаар багасдаг. Бодисын солилцоо муу үед зүрхийг албадан ажиллуулж болохгүй. Хүний бие организм өдөрт хоёр удаа сэргэнэ. Өглөө 11- 12, орой 17 цагт биеийн хэм нэг градус нэмэгдсэнээр бодисын солилцоо сайжирдаг. Тэр үед 16-19 цагт бэлтгэл хийхэд хамгийн тохиромжтой.
-Та 1989 оноос хүндийг өргөлтийн спортод эмэгтэйчүүдийг бэлтгэж эхэлсэн гэдэг. Тэднээс шилдэг тамирчин төрсөн үү?
-“Замчин” нийгэмлэгт байхдаа 1989 оноосэмэгтэйчүүдийг хүндийг өргөлтөөр бэлтгэл хийлгэж эхэлсэн юм. Тэр үед хүмүүс намайг “Чи эмэгтэйчүүдээр хүнд төмөр өргүүллээ. Ууц нуруу нь хугарч, үе холбоос нь гэмтээд хүүхэд төрүүлж чадахгүй болбол яах юм бэ” гэж шүүмжлэхэд нь “Олон улсын эмэгтэйчүүд энэ спортоор хичээллэж, тив, дэлхийнтэмцээндамжилт гаргаж байхад хүч, бяр ихтэй Чингисийн охид яахаараа өргөж чадахгүй гэж. Тэдэнд амжилт гаргах ур чадвар бий” гэдэг байлаа.
-Гавьяат тамирчин Н.Баярмаа таны шавь нарын нэг байх аа?
-Тийм ээ. 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд жүдо бөхөөр дөрвөн жил хичээллэсэн Н.Баярмаа хэмээх охин хүндийг өргөлтөөр хичээллэхээр ирсэн. Тэрбээр таван сар бэлтгэл хийж, тэмцээнд амжилттай оролцсоноор Монголын хүндийг өргөлтийн түүхэнд анхны эмэгтэй спортын мастер цолтон болсон юм. Нэг жилийн дараа Грек улсад болсон ДАШТ-д оролцож, 58 кг-ын жинд огцом өргөлтөөр 70, түлхэлттэй өргөлтөөр 100 кг, нийлбэр дүнгээр 170 кг-ыг өргөж, 43 тамирчнаас 27 дугаар байр эзлэв. Турк улсад 2001 онд болсон ДАШТ-д мөн 58 кг-д огцомоор 82.5, түлхэлттэй өргөлтөөр 110 кг-ыг өргөж, 15 орны тамирчдаас нийлбэр дүнгээр VII байрт шалгарсан. Тэгвэл 2008 онд болсон Бээжингийн олимпод 63 кг-д огцом өргөлтөөр 90 кг, түлхэлттэй өргөлтөөр 123 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 20 тамирчнаас X байрт орж, Монголын хүндийг өргөлтийн түүхэнд өмнө нь байгаагүй өндөр амжилт гаргасан юм. Улсдаа 119 удаа дээд амжилт тогтоосон түүний нэг жингийнх нь өргөлт 22 жил эвдэгдээгүй байна. Миний удирдлагад хичээллэсэн шавь нараас Гавьяат тамирчин нэг, ОУХМ 10, спортын мастер 52, спортын дэд мастер цолтон 47 төржээ.
-Таны удирдлагад бэлтгэл хийсэн эрэгтэй тамирчдаас ч гэсэн амжилт гаргасан биз дээ?
-1974 оны долдугаар сарын 5-нд “Хүч” нийгэмлэгийн харьяа Хилийн цэргийн 0164 ангийн байлдагч Д.Энхбаатарыг хүндийг өргөлтөөр хичээлүүлсэн. Тэрбээр нэг жилийн дараа 52 кг-ын жинд огцом өргөлтөөр 80 кг, түлхэлттэй өргөлтөөр 97.5 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 177.5 кг-ыг өргөн спортын мастер цолны норм биелүүлж, улсын рекордыг хоёр удаа эвдсэн юм. 1976 онд бэлтгэл дээр огцом өргөлтөөр 90 кг, түлхэлттэй өргөлтөөр 120 кг, суултанд 150 кг-ыг өргөдөг байхад нь Г.Магванноров дуудаж “Чи Д.Энхбаатарыг шигшээд өг” гэв. Би “Шавиа өгөхгүй. Түүнийг олимп, дэлхийн аварга болгоно” гэхэд “Чамаас бусад нь чадахгүй юм уу. Шигшээ багт өгөхгүй бол чамайг ажлаас чинь хална” гэж сүрдүүлсэн. Д.Энхбаатар шигшээ багт очиж, дөрвөн сарын дараа Болгарт зохион байгуулсан дэлхийн залуучуудын АШТ-д огцом өргөлтөөр 95 кг-ыг өргөв. Тэрбээр Монголын тамирчдаас дэлхийн тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртсэн нь Т.Самбуу багшийн гайхамшигт үр дүн байлаа. 1977 онд тус улсад хамтарсан бэлтгэл хийхэд Д.Энхбаатар 195 кг-ыг сууж босоход Болгарын алдарт дасгалжуулагч Абеджиев харчихаад уулга алдаж “Олимп, дэлхийн аварга болох тамирчин байна” гэсэн гэдэг. Мөн Л.Баярааг (Миний үеэл) 1981 онд 19 настайд нь хүндийг өргөлтөөр хичээллүүлэн, өөрийн удирдлагад 11 сар бэлтгэл хийлгэхэд спортын мастер цол хүртсэн. Түүнийг амжилт ид гаргаж эхлэх үед нь мөн шигшээ багт тамирчнаар авсан юм. Тэнд очоод амжилт нь өмнөхөөсөө буурахад би эргүүлэн авч, ур чадварыг нь байнга ахиулдаг байлаа. Тэрбээр хамгийн сүүлд Монголд 1990 оны зургадугаар сард болсон армийн наадмын тэмцээнд 100 кг-ын жинд огцом өргөлтөөр 147.5, түлхэлтээр 190 кг, нийлбэр дүнгээр 325 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртсэнээр 47 дахь дээд амжилтаа тогтоосон доо. Энэ спортод сэтгэлээ зориулж зүтгэсэн миний ажил, амьдрал дардан байгаагүй. Олон нийгэмлэгийн хаалга татаж, дарамт шахалтаас болж ажлаасаа халагддаг байлаа. Би 50 жил дасгалжуулагч хийхдээ 30 жил цалингүй ажилласан. Улаанбаатарт олон подвал хэсэж, тамирчдаа бэлтгэл хийлгэдэг байлаа.