“Монфемнет” үндэсний сүлжээ төрийн бус байгууллагын зохицуулагч Д.Энхжаргалтай шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, нэр дэвшигчдийн 40 хувиас багагүй нь эмэгтэйчүүд байх санал анх удаа оруулан дэмжлэг авлаа. Квотыг энэ хэвээрнь батлах магадлал хэр байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд анх 2005 онд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот тусгаж баталсан ч хэрэгжүүлэхээсээ өмнө буюу 2007 онд цуцалсан байдаг. Дараа нь 2011 онд 20 хувийн квот оруулж, үр дүнд нь 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдож байлаа. 2016, 2020 онд тус бүр 13 эмэгтэй сонгогдсоноор парламентын гишүүдийн 17 хувийг бүрдүүлсэн. Эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаад олон хүчин зүйл нөлөөлж буй ч хамгийн гол нь тогтолцооноос хамаарч байна. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүйгээр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмж чадахгүй гэдгийг өнгөрсөн 30 жилд харлаа. Хүн амд эзлэх төлөөллийн зарчмаар бол квот 50:50 хувь байх ёстой. Дэлхийн зарим оронд суудал хадгалах квот гэж бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн эмэгтэйчүүд нэр дэвших тойрог хуваарилж, Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Тэгвэл бид зөвхөн хаалга нээх буюу нэр дэвшүүлэх квотын тухай ярьж байна. Гэвч эрх мэдлээ хадгалахыг хүссэн зарим эрэгтэй гишүүний хүчтэй эсэргүүцэлтэй тулсаар байгаа. Тэд “Хэрэв эмэгтэйчүүдэд 40 хувийн квот өгөх юм бол намын жагсаалтаар 1:1 харьцаатай нэр дэвшүүлэх саналыг унагана” гэж барьцаж эхэлсэн. Үндсэн хуульд “Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна” гэж заасан атлаа 50 хувь нь төлөөллөө оруулж чадахгүй, нэг хүйс давамгайлсан улс төр өрнөж байна шүү дээ. Тиймээс бид ч бас хүчээ нэгтгэж, зохион байгуулалтад орж, анхааралтай ажиглаж байгаа. Хэрэв эрэгтэй гишүүд одоо энэ 40 хувийн квотоос ухрах юм бол бид дараагийн шатны эсэргүүцлийн арга хэмжээ авах болно. Гэхдээ тэр түвшинд хүрэхгүй болов уу гэж найдаж байна. Ер нь ард түмэн юу хүлээж, хүсэж буйг эрэгтэй гишүүд мэдрэх хэрэгтэй. Эрчүүд давамгайлсан парламенттай байсан өнгөрсөн 30 жилд бидний амьдрал өөрчлөгдсөн үү гэдгийг иргэд өөрсдөөсөө асуух цаг болсон. Хэрэв өөрчлөгдөөгүй, нөхцөл байдал бүр дордох тийшээ хандсан бол яагаад өөр замаар яваад үзэж болохгүй гэж. Бидний амьдралд ойрхон, нөхцөл байдлыг дээшлүүлсэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм бол эрэгтэй, эмэгтэй гишүүд нь тэнцүү хувьтай парламент бүрдүүлээд үзэх тухай яагаад бодож болдоггүй юм бэ.
-“Квот тогтоох нь өөрөө ялгаварлал” гэдэг байр суурийг эсэргүүцэгчдийн зүгээс байнга хэлдэг, одоо ч энэ яриа идэвхжих боллоо. Нэр дэвшигчдийн тодорхой хувь нь эмэгтэйчүүд байх квот тогтоох нь яагаад чухал вэ?
-Олон зуун жилийн турш эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхгүй явсаар 100 жилийн өмнөөс л ийм боломж бүрдсэн. Улмаар сүүлийн 60 жилд сонгогдох эрхийнхээ төлөө тэмцэж байна. Улс төрийн шийдвэр гаргах түвшнийг зөвхөн эрчүүдийн талбар гэж харах соёл, хэвшмэл хандлага арилсангүй. Тиймээс дэлхийн 160 гаруй оронд төр тусгай арга хэмжээ буюу нэр дэвшүүлэх квотын зарчмыг хэрэгжүүлж буй. Эрчүүд хаалгаа цоожилчихоод “Та нар чадлаараа сонгогдоод гараад ир” гэдэг. Хэрэв хаалгаа нээчихвэл бүсгүйчүүд чадлаараа өрсөлдөж болно. Гэтэл одоо бид хаалттай хаалганы цаанаас хашхирахаас өөр аргагүй л байна.
Скандинавын орнуудад хүн эрүүл байх орчноо илүү сайжруулах тухай ярьж байхад монголчууд бид агаар, хөрсний бохирдол, ийм нөхцөлд хэрхэн амьд гарах талаар л бодож байна шүү дээ. Дэлхийн жишиг болсон тэр орнууд эрэгтэй, эмэгтэй хүний дуу хоолой, эрх ашиг, өнцгийг тэнцүү байлгаж чадсан учраас л хөгжсөн. Тийм түвшинд хүрэх үүд хаалгыг нээж, нэр дэвших гарааны тэгш боломжийг бий болгохгүйгээр эмэгтэйчүүд УИХ-д сонгогдож чадахгүй гэдгийг нотолчихлоо. Сонгуулийн зардал, мөнгөний босго хэт өндөр байна. Тиймээс гарааны ижил нөхцөл бий болгоход квот нэг хөшүүрэг нь болно. Бүсгүйчүүд хүүхэд төрүүлж, хэдэн жил гэртээ суудаг, орлогогүй, карьергүй болдог учраас тэгш бус нөхцөлд эрчүүдтэй өрсөлдөх боломжгүй. Үүнийг харгалзаж төр тусгай арга хэмжээ гэж квот тогтоодог.
-Олон улсад жендерийн тэгш оролцоог хангах нь хөгжлийн тулгуур гэдгийг нотолчихоод байдаг. Эрэгтэй улстөрчдийн сэтгэлгээг хэрхэн өөрчлөх вэ?
-Эрэгтэйчүүд улс төрийн эрх мэдлээ хэзээ ч зүгээр өгөхгүй. Үүнийг зөвхөн бодлогоор өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд нэр дэвших, эсэхийг эрчүүд шийдэж байна, намын гишүүдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа ч гол удирдах албан тушаалуудад ажилладаггүй. Тиймээс Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийгөөрчилж, эмэгтэйчүүдийн нэр дэвших баталгаа, зохицуулалтыг тогтолцоогоор суулгах ёстой. Үүнийг дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх нотолж байна. Руанда улсад гэхэд суудал хадгалах квоттой болсны дараа парламентынх нь 61 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж эхэлсэн. Одоо тус улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд дээгүүр байгаа 10 орны нэг болж, цойлоод гараад ирлээ.
Амьдралын чанар их чухал. Бид нэг л амьдарна, үр хүүхдийнхээ амьдрах орчныг сайн сайхан байлгахыг бүгд хүсдэг. Гэтэл нөгөө талдаа тэр сайн сайхан амьдрах боломжийг Сонгуулийн хуулиар хаагаад байж болохгүй. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүчээ нэгтгэх ёстой. Дассан замаараа сурсан дуугаа дуулаад яваад байгаа атлаа өөр үр дүн гарахыг хүлээгээд байж болохгүй. Тиймээс тэр замаа өөрчилж, хүн амын тал хувийг эзэлдэг бүсгүйчүүдийнхээ төлөөллийг ирэх сонгуулиар дэмжээд үзье. Үүний дараа өөр үр дүн хүлээе.
-Квотын хэмжээнд хүрч нэр дэвшүүлэх эмэгтэй боловсон хүчин байхгүй гэсэн нэг тайлбар бас хэлдэг. Бүсгүйчүүдээ намууд хангалттай бэлдэж чадсан уу?
-Дээд боловсролтой болон магистр, докторын зэрэгтэй хүмүүсийн олонх нь эмэгтэй байдаг. Засаг захиргааны анхан, дунд шатны нэгжид болон гэр бүлдээ ч ачааны хүндийг эмэгтэйчүүд л үүрч, нугалж яваа. Тэгсэн атал улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцоо нь бага байдаг. Бид сүүлийн гурван жилийн турш 1600 эмэгтэйг үе шаттайгаар, бүх шатны сонгуульд бэлдлээ. “Эмэгтэйчүүдийн манлайлал сүлжээ” 21 аймагт орон нутгийн дугуйлантай. Нэр дэвших сонирхолтой, улс төрийн шийдвэр гаргах албан тушаалд ажиллах хүсэлтэй, карьераа ахиулах гэсэн эмэгтэйчүүдэд зориулсан цогц хөтөлбөр ч хэрэгжүүлж байгаа. Бид нэг цогц хөтөлбөрөө намуудад санал болгоод, тус бүр 300 эмэгтэйг сургахаар ажиллаж эхэлсэн. Зөвхөн энэ сүлжээ ч биш, бусад төрийн бус байгууллагаас ч эмэгтэйчүүдийг дэмжсэн олон арга хэмжээ зохион байгуулж, бодлого, асуудал ярьдаг болгохын төлөө идэвхтэй ажиллаж байна.
Нөгөө талаар эмэгтэйчүүдийг парламентад олноор сонгох тухай ярихаар зарим нь “Одоо сонгогдсон 13 эмэгтэй чинь юу хийсэн юм бэ” гэдэг. Эмэгтэйчүүдэд хүч дутаад байна. Байнгын хороо тус бүрт 1-2 л эмэгтэй гишүүн харьяалагддаг. УИХ-ын 17 хувийг л бүсгүйчүүд эзэлж байна. Энэ хувийг ядаж 30 хүргэчихвэл өөрчлөлт гаргаж чадна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үед нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байх заалт нэг хүний саналаар дутаад дэмжигдээгүй.
-Хууль, эрх зүйн зохицуулалтаас гадна нийгмийн хэвшмэл хандлага, дарамтаас эмэгтэйчүүд эмээдэг нь нууц биш. Энэ хандлагыг өөрчлөх, сонгогчдыг боловсруулахад “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” юу хийж байна вэ?
-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилготой “Захидлын аян”-ыг бид зохион байгуулж, сонгогчдоос 3000 орчим захидал ирүүлээд байна. Энэ долоо хоногт УИХ-ын гишүүдэд эдгээр захидлыг гардуулна. Саяхан зохион байгуулсан өдөрлөгийн үеэр бүсгүйчүүдийг эрэгтэй, эмэгтэй олон сонгогч дэмжихээ илэрхийлсэн.
-“Тогтвортой хөгжлийн зорилт”-оор Монгол Улс 2030 он гэхэд шийдвэр гаргах түвшиндэх эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгох үүрэг хүлээсэн. Олонулсынөмнөхүлээсэнэнэтом амлалт манай улстөрчдөдхөшүүрэгболж чадах болов уу?
-Улс төрийн шийдвэр гаргах түвшний оролцоогоор манай улс Ази тивийн дундаж түвшинд ч хүрэхгүй байгаа. Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн хувь 17 байгаа нь БНАСАУ болон Африкийн зарим улстай ижил түвшин юм. НҮБ-аас 2000-2015 онд хэрэгжүүлсэн “Мянганы хөгжлийн зорилт”-оос шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгох заалтыг бид биелүүлээгүй үлдээсэн. Уг нь манайд социализмын үед хүйсийн төлөөллийг тэнцвэртэй авч явдаг уламжлал байсан. Үүнийгээ сэргээх зайлшгүй шаардлагатай. Засгийн эрхийг барьж байгаа МАН бол социал демократ үзэл баримтлалтай нам. Энэ үзэл баримтлалын нэг гол агуулга нь “Нийгмийн бүлгийн төлөөллийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангана” гэсэн байдаг. Герман Улсын Социал демократ намын дарга өнгөрсөн долоо хоногт манайд айлчиллаа. Ийм үед манай гишүүд Сонгуулийн хуулийнтөслөөс40 хувийн квот олгох саналыг унагачихсан байсан бол шившиг болох байлаа. Юутай ч УИХ-ынчуулганаартөслийнэхний хэлэлцүүлгийгхийхдэээнэ саналыг дэмжлээ. Хэвээр хадгалаад батлаасай гэж хүсэж байна.
-Хэрэв УИХ 40 хувийн квотоосухрах юм болта бүхэн дараагийн алхмаа хийнэ гэж өмнө хэлсэн. Тэр алхам нь юу байх вэ?
-Бид эмэгтэйчүүдийг санал өгөхгүй байж, ирцээр бойкотлохыг уриална. Ийм нөхцөлд дахин сонгууль зохион байгуулахад төсвөөс нэмэлт зардал гарна. Боловсролын зээлийн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн гэх мэтээр эрчүүд тоноогүй сан үлдсэнгүй. Төсвийн мөнгөнөөс хулгайлдаг энэ байдлыг болиулахын тулд нэг удаа дахин сонгуульд зардал гаргаж, булхайг зогсоох нь гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрчлөлт хийх алхам юм. Хүүхдэд ээлтэй, зөв бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдээ дэмжих цаг нь болчихоод байна.