Сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг АН-аас боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж буй аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа.
-“Сонгуулийн луйвар” гэдгийг хэрхэн тодорхойлж, юу юу хамаатуулж байгаа бол. Жишээ нь, манай улс төрчид, нам, эвслээс явуулж байгаа ямар ямар үйлдлийг сонгуулийн луйвар гэж хэлэх вэ. Энэ нь сонгогчдын дунд байдаг“ хар машин”-ыг хакердах, өгсөн саналыг нь өөр хүнд хамаатуулан тоолох зэргээс илүү өргөн ойлголт гэж бодож байна. Ер нь олон улсад сонгуулийн луйвар гэдгийг юу гэж авч үздэг юм бол?
-Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламент ид хэлэлцэж байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөөд шударга, сайн сайханд хүрнэ гэж найдаад байх шиг. Гэтэл ямар ч тогтолцоотой байсан, нэр дэвшигч нь шударга бус аргаар ялаад, сонгогдчихвол яах вэ. Ийм арга замаар сонгогдсон хүнийг шударга ажиллана гэдэгт найдалтгүй. Тиймээс эхлээд сонгуулиа шударга явуулах хэрэгтэй. Эрх баригчид сонгуулийн тойргийг өөртөө ашигтайгаар “зурах”, нэрийн жагсаалтыг будилуулж, нэг хүнийг хэд хэдэн тойрогт давхар бүртгүүлэх, эсрэг талаа харлуулахын тулд худал мэдээлэл тараах, сонгогчдод таалагдахын тулд үсийг нь үнэгүй засуулахаас авхуулаад маш олон аргаар сонгуулийг луйвардаж, будилаантуулдаг явдлыг хаахын тулд улс орнууд хууль баталдаг. Энэ талаарх зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульдаа тусгахаас гадна тусдаа хууль баталдаг нь ч бий.
-Сонгогчдын саналыг худалдан авах гэж нэг ойлголт бий. Жишээ нь, энэ нь сонгуулийн луйвар мөн үү?
-Ер нь бол “election fraud” гэж олон улсад тогтсон ойлголт бий. Сонгогчийн саналыг худалдан авах нь өөрөө олон арга, хэлбэртэй. Мөнгө, эд зүйл тараана. Янз бүрийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлнэ. Уг нь сонгуульд нэр дэвшиж байгаа хүн чинь улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өрсөлдөх ёстой биз дээ. Гэтэл ингээд санал худалдан аваад байхыг “сонгууль луйвардах” гэдэг юм.
-Бие даасан хууль шинээр батлах шаардлага нь юу вэ. Одоо мөрдөж буй сонгуулийн хууль тогтоомжид үүнд холбогдох зохицуулалт хангалтгүй байгаа бол одоо нэмж, сайжруулж болохгүй юу?
-Эрх баригчдын боловсруулж, өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэх заалт байхгүй. Манайд уг нь Сонгуулийн тухай хууль гэж бий. Үүгээр УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг хэрхэн явуулахыг ерөнхийд нь зохицуулсан. Гэхдээ бүх заалтыг нь УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулсан гээд хүчингүй болгочихсон. “Хүчинтэй” нэртэй ч хүчингүй хууль гэж хэлж болно. УИХ-ын сонгуулийн тухай хууль нь ингэж, тэгж болохгүй гэсэн хэдэн хориглосон заалттай. Гэхдээ тэдгээрийгээ хэрхэн хаах, сонгууль зохион байгуулж байгаа албан тушаалтнууд урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ямар арга хэмжээ авах вэ гэсэн зохицуулалт алга. Тиймээс сонгуулийн кампанит ажлын үеэр зүгээр л хууль зөрчөөд, хориглосон зүйлс хийж, сонгогчдод мөнгө тараан, худал мэдээ түгээгээд байдаг. Хууль бус үйл ажиллагаа явууллаа гээд гомдол гаргахаар хуулийн байгууллага нь шалгаж байна хэмээн хэдэн сар таг болчихдог. Ингээд нэгэнт сонгууль болоод өнгөрчихсөн, дүн нь хэдийн гарч, ялсан хүн нь УИХ-ын гишүүний тангараг өргөөд, бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэлчихдэг шүү дээ. Иймд бид нэгдүгээрт, сонгуулийн кампанит ажлын үеэр булхай, луйвар гаргахаас аль болох сэргийлж, хааж, хамгаалдаг болмоор байна. Хоёрдугаарт, сонгууль болоод өнгөрсөн ч хууль зөрчсөн хүнд заавал хариуцлага хүлээлгэдэг, бүр УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авдаг байх шаардлагатай.
-Таны хэлсэнчлэн сонгуулийн тухай хууль тогтоомжид зааснаар сонгуулийн жилд сонгогчдын саналыг худалдан авах ямар нэг үйлдэл, арга хэмжээг хориглодог. Гэхдээ сонгуулийн бус гурван жилд улс төрчид тойргоо тултал “усалдаг”. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Харин тийм, яг энэ мэтээр сонгууль тойрсон булхай луйвар улам бүр бохир, хортой болсоор байгаа. Зөвхөн зохион байгуулах, сурталчилгаа явуулах, санал хураах, тоолох үйл явцаар хязгаарлагдахгүйгээр сонгуулийг луйвардаж байгааг тусгайлан авч үзэж, энэ асуудалтай тэмцэх дагнасан хууль батлах хэрэгтэй.
-АН-ынхан төслөө хараахан УИХ-д өргөн бариагүй байна. Өргөн мэдүүллээ ч цөөнхийн санаачилсан төслийг хэлэлцүүлгээс хойш тавьж, хойрго ханддаг нь нууц биш. Иймд одоо хэлэлцэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэх явцад одоогийн зохицуулалтыг сайжруулаад явбал цаг хожихгүй юу. Цаг хугацааны хувьд амжихгүй, аль ч үгүй болох вий гэж бодоод байгаа юм. Уг нь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар бас УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ.
-УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд шинэ зүйл, заалт оруулах боломжгүй.