Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 75 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэхүү түүхэн үйл явдлын талаар Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүхийн секторын дарга, доктор, хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
-Баруун хилийн үймээн самуун, байлдааны талаар та судалж, эрдмийн зэрэг хамгаалсан. Тиймээс энэ үйл явдлын талаар Монголын түүхэнд хэр зэрэг тусгасан байдгийг юуны өмнө тодруулъя.
-Баруун хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө явуулсан тэмцэл бол Монгол Улсын оршин тогтнохуйн баталгаа, монголчууд бидний мартаж болохгүй түүх юм. Харамсалтай нь, манай улсын түүхийн ном зохиолуудад баруун хилийн үйл явдлын талаар бүлэг байтугай хэсэг ч оруулаагүй. Хамгийн сүүлд 2008 онд гаргасан Монгол Улсын албан ёсны түүх болох таван боть номд “Баруун хязгаараар өнгөлзөж байсан хасгийн зэвсэгт дээрэмчдийн эсрэг Тэгшээ, Даваадорж, Гиваан нар эрэлхэг зоригтойгоор тэмцэж алтан амиа өргөцгөөв” гэсэн утга бүхий ердөө 2-3-хан өгүүлбэр л тусгасан байдаг. Түүнчлэн Монголын түүх бичлэгт “Зэвсэгт тулгаралт”, “баруун хилийн тулгаралт” хэмээн янз бүрээр л тэмдэглэдэг буюу нэгдсэн нэр томьёо байдаггүй юм. Зүй нь баруун хилд 1930-1950-иад онд болсон үйл явдлыг тэмдэглэн үлдээхдээ бид ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа зүтгэлийг өндөрт өргөн, түүхэндээ хүндэтгэлтэй хандах үүднээс “Зэвсэгт тулгаралт” бус, “Байлдаан, байлдааны ажиллагаа” хэмээн томьёолох ёстой. Түүнчлэн уг үйл явдлыг цэргийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл “байлдаан” хэмээх категорид багтдаг. Энэ мэт жижиг зүйл, нэр томьёог хойш тавилгүйгээр ул суурьтай хандвал Монголын түүх бичлэг дэх цагаан толбыг засаж залруулах эхний алхмуудыг хийх боломжтой. Ер нь баруун хязгаарын 1930-1950-иад оны үймээн самуун, дээрэм тонуул, зэвсэгт халдлагын эсрэг орон нутгийн засаг захиргаа, ард иргэд бүхий л хэлбэрээр татагдан орж байсан тул уг үйл явдлыг байлдаан гэж үзэхээс өөр аргагүй. Цаашид Монголын түүх бичлэг дэх хоосон орон зайг нөхөн бүрдүүлэхийн тулд тагнуулын архивын сан хөмрөгт буй, 1920-1950-иад оны баруун хязгаарт холбогдох зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргах шаардлагатай. Мөн баруун хязгаарын аюулгүй байдлын талаар тусгай захиалгат судалгааны төсөлт ажлыг мэргэжлийн судлаач, эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэх шаардлага бий.
-Энэ түүхэн үйл явдлын талаар их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд туссан байдаг уу?
-Харамсалтай нь, боловсролын системийн аль ч шатны сургалтын байгууллагын Монголын түүхийн хичээлийн хөтөлбөрт уг түүхэн үйл явдлын талаар огт тусгаагүй. Энэ нь 1990-ээд оноос өмнө Монгол, Зөвлөлтийн ард түмний эв найрамдал, цэргийн хамтын ажиллагааг зөвхөн 1939 оны Халхын голын дайнаар төлөөлүүлэн авч үзэж байсантай холбоотой. Үүнийг сургалтын хөтөлбөр боловсруулдаг, баталдаг мэргэжлийн байгууллагынхан засаж залруулах хэрэгтэй.
-Тухайн үед баруун хязгаарын нөхцөл байдал хүндрэх болсон шалтгаан нь чухам юу байв?
-Монгол орны баруун хязгаар нэг л өдөр гэнэт үймээн самуун, дээрэм тонуул, байлдаан болоогүй. Үүнд хөрш зэргэлдээ улсын цэрэг, улс төрийн байдал, БНМАУ-ын дотоод нөхцөл байдал голлох нөлөө үзүүлсэн юм. Тухайн үед Хятадын Шинжаан мужид үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, дайн дэгдсэн. Гоминданы эрх баригчдаас хасгуудын шашин шүтлэг, зан заншилд бүдүүлгээр халдаж, бослогод оролцсон хүмүүсийг олон мянгаар нь баривчлан хорьсон, албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн, оршин суугчдыг Хятадын өмнөд муж руу татан суулгах болсон зэрэг олон үйл явдал өрнөсөн байдаг. Энэ мэт шалтгааны улмаас 1933 оны эхээр Шинжаанаас 2200 гаруй дүрвэгч отог омгоороо БНМАУ-ын хил рүү цөмрөн орж иржээ. Тэд гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд Монголын хилийг зөрчин, орон нутгийн иргэдийг дээрэмдэн тонох, хилийн застав харуулыг устгах зэргээр балмад үйл ажиллагаа явуулах болсон.
Энэ үетэй давхцаад Монголын эрх баригчдаас социализм байгуулах ажлын эхлэл болгож, чинээлэг иргэд, сүм хийдийн хөрөнгийг хурааж, албан татварыг нэмэгдүүлж, хилс хэрэгт гүтгэн, залхаан цээрлүүлж эхэлсэн юм. Үүнийг эсэргүүцэн 1932 онд лам нарын бослого тэмцэл баруун хязгаарт өрнөсөн боловч цэргийн хүчээр нухчин дарсан. Үүний улмаас 1933-1935 онд БНМАУ-ын баруун ба баруун өмнөд чиглэлээр Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгийн ард олон дүрвэх үйл явцад хамрагджээ. Тодруулбал, 9800 гаруй айл өрхийн 41 200 орчим хүн эд хогшил, мал, хөрөнгөө аван хилийн чанад руу дүрвэн гарсан байна. Тухайн үед хилийн шугам, овоо тэмдэг тодорхойгүй, хязгаарын цэргийн анги, салбарууд дөнгөж байгуулагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, улсын хил хамгаалалтын арга, хэлбэр төгөлдөржөөгүй, цэрэгт татагдан ирсэн шинэ дайчид газар орны байдлаа гүйцэд судлан таниагүй байв. Үүний зэрэгцээ хилийн чанадаас хасгийн зэвсэгт бүлэглэлүүд дээрэм тонуулын үйл ажиллагаагаа Алтай, Ховд аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт өргөжүүлж байсан. Хасгийн зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа нь БНМАУ-ын үндэсний аюулгүй байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд шууд заналхийлсэн үйлдэл байсан юм.
-Баруун хязгаарт өрнөсөн байлдааны үйл ажиллагааны гол онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Гол онцлог гэвэл маршал Х.Чойбалсангийн санаачилгаар 1944 онд хилийн сумуудын ард иргэдийг зохион байгуулалттайгаар зэвсэглэн, Ардын сайн дурын долоон хэсгийг 20-100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт байгуулж, тусгай үүрэг гүйцэтгүүлсэн явдал. Үүнээс үзвэл, Гоминдан, Оспаны зэвсэгт түрэмгийллийн эсрэг БНМАУ зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус, орон нутгийн ард иргэдийн хүч, хэрэгслээр хамтран тэмцжээ. Тэд харийн түрэмгийлэгчдийн эсрэг дуслах хөлс, урсах цус, хэлтрэх амиа үл хайрлан тэмцсэний үр дүнд баруун хил хязгаарын байдал тогтворжиход чухал хувь нэмэр оруулсан. Үүнийг нотлох ганцхан баримт дурдахад, Ардын сайн дурын группийн гишүүдээс Б.Бадам, Э.Шилэг нар Монгол Улсын баатар цол хүртсэн байдаг. Бас байлдааны ажиллагаа явуулсан цаг хугацаа, газар орны хамрах хүрээгээрээ онцлогтой. Тодруулбал, ХХ зуунд Монголын түүхэнд болж өнгөрсөн 1939 оны Халхын голын дайнтай харьцуулахад хамгийн олон жил үргэлжлэн сунжирч, хамгийн том нутаг дэвсгэрийг хамарсан байдаг. Тухайлбал, он цагийн хувьд 1930-аад оны эхнээс 1950-иад оны эхэн хүртэл 20 гаруй жил үргэлжилсэн. Хамарсан газар орны хувьд Баян-Өлгий аймгийн Алтай сумаас Баянхонгорын Баян-Өндөр хүртэлх 1500 орчим км бүс нутаг дэвсгэрт өрнөжээ. Үүнээс үзэхэд гадаадын зэвсэгт түрэмгийлэл манай улсын Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн 20 гаруй сумын нутаг дэвсгэрийг хамарсан гэсэн үг.
-Олон жил үргэлжлэн сунжирсан, Монгол орны баруун болон баруун өмнө хязгаарт өрнөсөн байлдаан тулаантай холбоотойгоор тоо баримт, үр дүнг тогтоосон байдаг уу?
-Албан бус мэдээгээр 1930-1950-иад оны хооронд 300 гаруй удаагийн зэвсэгт халдлага, байлдааны ажиллагаа болсон. Аймаг тус бүрээр нь авч үзвэл, Ховдод 110 гаруй, Баян-Өлгийн хил орчмын сумуудын нутаг дэвсгэрт 60, Говь-Алтай, Баянхонгорын хилийн хэсэгт 150 орчим том, бага хэмжээний байлдааны ажиллагаа явуулжээ. Хохирлын хувьд манай талаас нийт 1000 гаруй цэрэг, орон нутгийн иргэн амь үрэгдэж, шархадсан юм. Түүнчлэн хил орчмын иргэд ч цөөнгүй өртжээ. Тухайлбал, Оспан, Гоминданы талаас 100 гаруй энгийн иргэний амийг бүрэлгэж, 40 орчим охид, эмэгтэйчүүдийг олзолсон байна. Мөн 350 орчим айлын 150 мянга гаруй малыг дээрэмдсэн. Байлдааны үр дүнг ерөнхийд нь авч үзэхэд, одоогийн Баян-Өлгий аймгийн бараг бүх нутаг, Ховдын Булган, Үенч, Алтай, Говь-Алтайн Бугат, Алтай, Тонхил, Цогт, Эрдэнэ сумын газар нутгийг Хятадын Гоминданы болон хасгийн дээрэмчдийн талд алдалгүйгээр хамгаалсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэртээ үлдээж чадсанаар хойч үедээ өвлүүлсэн. Мөн баруун хязгаарт энх тайван, амгалан байдал тогтож, гадаадад дүрвэн гарсан 10 гаруй мянган хүн эх нутагтаа мал, хөрөнгийн хамт нүүдэллэн ирж, амар жимэр амьдрах нөхцөл бүрдсэн юм. Тиймээс бид өдгөө энэ байлдаан тулаанд амь нас, эд хөрөнгөөрөө хамгийн ихээр нэрвэгдэн хохирсон, харийн дээрэмчдийн эсрэг хилчин дайчидтай мөр зэрэгцэн хамтран тэмцсэн орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн гавьяат үйлсийг хойч үедээ таниулж, алдаршуулан мөнхжүүлэх нь чухал.
-Уг түүхэн үйл явдлыг тэмдэглэх ажлын хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байна вэ?
-Засгийн газраас энэ оны 143 дугаар тогтоолоороо баруун хилийн зэвсэгт тулгаралтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс хил хамгаалах байгууллагаас ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, байлдаан тулаанд оролцсон орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлах зорилготой хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 12-нд ХХЕГ-ын Соёлын төвд “Баруун хилийн зэвсэгт тулгаралт-75” эрдэм шинжилгээний хурлыг ШУА, ДХИС, ҮБХИС, Олон улс судлалын хүрээлэн, тагнуулын болон эрдэм шинжилгээний бусад байгууллагынхан, эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь зэвсэгт тулгаралтад харийн дээрэмчдийн эсрэг элгэн садан, эх нутгаа өмгөөлөн тэмцсэн орон нутгийн засаг захиргаа, ард иргэдийн явуулсан тэмцэл нь баруун хязгаарт ялалт авчрахад шийдвэрлэх нөлөө үзүүлснийг архивын эх сурвалж, судалгааны баримтад үндэслэн гарган тавих байв. Ингэснээрээ Монголын түүхийн цагаан толбыг нөхөхийг зорьсон. Мөн 1930-1950-иад он хүртэл 20 гаруй жил үргэлжлэн сунжирсан баруун хилийн үймээн самуун, дээрэм тонуул, байлдааны ажиллагааны үеэр орон нутгийн иргэд амь нас, гэр бүл, үр хүүхэд, эрт дээр үеэс нутаглаж ирсэн, хүй дарсан газраа өмгөөлөн хамгаалахын төлөө зэвсэгтэй нь зэвсгээ, зэвсэггүй нь муна, шийдмээ барин, харийн дээрэмчдийн эсрэг боссон тэмцлийг нотолсон түүхэн эх сурвалжид тулгуурлан баримтат кино бүтээн, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна. Мөн Ховд аймгийн Булган сумд баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчид, орон нутгийн ард иргэдийн алдар гавьяаг хойч үедээ мөнхжүүлэх зорилгоор Эх орончдын хөшөө барих, орон нутгийн засаг захиргаа, ахмад дайчдыг төрийн одон, медалиар шагнан урамшуулах зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.