Өвөр Монголын зохиолч Лхамжав Боржигин гэдэг хүнийг Хятадын цагдаагийн дөрвөн ажилтан хоёр машинтай тусгаар тогтносон Монгол Улсад орж ирж, Улаанбаатараас баривчилж авч явсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд англи хэлээр бичиж буй.
Монгол Улсад гадаадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд орж ирээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, өвөрлөгч хүнийг авч явсан гэх мэдээлэл хэр бодитой вэ. Тагнуул, цагдаагийн байгууллага болон Гадаадын иргэн харьяатын газрынхнаас энэ талаар тодруулахад “Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн англи хэлээр мэдээлэл бичсэн байсныг уншсан. Түүний мэдээлэлд дурдагдсан зүйлс худлаа. Тухайн 80 гарсан өвөр монгол хүнийг ар гэрийнхэн нь буюу хүүхдүүд нь ирж авсан. Эрүүл мэндийн шалтгаанаар явж чадахгүй байгаа талаараа ар гэрийнхэндээ хэлснээр хүүхдүүд нь Монгол Улсад орж ирэх виз аваад түүнийг авч явсан. Энэ талаар холбогдох байгууллагаас удахгүй албан ёсны тодорхой мэдээлэл өгнө. Нутагтаа номын дэлгүүр эрхэлдэг хүн өнгөрсөн гуравдугаар сард манай улсад орж ирээд тавдугаар сарын 3-нд хүүхдүүдийнхээ хамт буцсан. Монгол Улсаас түүнийг албадан гаргаагүй” гэсэн мэдээлэл өгөв.