Монголын ширээний теннисний үндэсний шигшээ баг, “Оч” клубийн тамирчин Ж.Мөнхзориг Индонез улсын Иогякарта хотод 2019 онд зохион байгуулсан Азийн АШТ-д оролцохдоо ганцаарчилсан болон холимог хосын төрөлд шилдэг 32-т үлдэж байв. Тэрбээр үүнээс өмнө 2017 онд залуучуудын УАШТ-ээс багийн төрөлд алт, холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртэж, хүчтэй өрсөлдөгч болохоо үеийнхэндээ харуулсан. Дараа жил нь Монголын ширээний теннисний холбооны дээд лигийн 12 дахь удаагийн тэмцээнд аваргаар тодорч, тэр жилээ Монголын эрэгтэй шилдэг 12 тамирчны тэмцээнд анх удаа өрсөлдөн хүрэл медаль зүүжээ. Тэгвэл 2020 онд Залуучуудын УАШТ-ий ганцаарчилсан төрөлд удаалж, холимог хосынход түрүүлсэн юм. Өнгөрсөн жил дээд лигийн 14 дахь удаагийн тэмцээнд аман хүзүүдсэн бол залуучуудын УАШТ-ий багийн төрөлд аваргалж, холимог хосын төрөлд II байрт шалгарсан байна. Монголын шилдэг 12 тамирчны АШТ-д түрүүлж, БНСУ-ын дасгалжуулагч Кан Дон Хүний удирдлагад Катар улсын Доха хотод болсон Азийн АШТ-д өрсөлдсөн түүнтэй ярилцлаа.
-Ширээний теннисний шигшээ багийнхныг БНСУ-аас ирсэн шинэ дасгалжуулагч Ким Хён Сео тивийн томоохон тэмцээнүүдэд сойх тухай сонслоо.
-Тийм ээ. Тэрбээр улсынхаа ширээний теннисний ахлах сургуульд олон жил дасгалжуулагчаар ажилласан туршлагатай. Шигшээ багийн тамирчид түүний удирдлагад бэлтгэл хийгээд удаагүй байна. Бид өмнөд хөршид долдугаар сард зохион байгуулах оюутны ДАШТ, есдүгээр сард Азийн АШТ, мөн “Ханжоу 2023” Азийн наадамд өрсөлдөх юм. Монголд ахмадын Азийн АШТ ирэх сард эхэлнэ. Манай холбооныхон төлөвлөгөөний дагуу дотооддоо томоохон тэмцээн зохион байгуулах, гадаадын тэмцээнд тамирчдаа оролцуулах гээд завгүй ажиллаж байгаа.
-Та шигшээ багт хөл тавихаас өмнө өмнөд хөршид сурч байсан санагдах юм.
-Бээжингийн Биеийн тамирын их сургуульд хоёр жил сурахдаа ширээний теннисний II шигшээ багийнхантай нь бэлтгэл хийдэг байлаа. Хятадын тамирчид биеийнхээ онцлог, орчин нөхцөл, цаг агаартаа зохицуулж, Азийнхнаас арай өөр арга барил, техникээр бэлтгэл хийдэг. Тэнд байх хугацаанд тухайн улс спортынхоо салбарт хөрөнгө харамгүй зарцуулж, тамирчдаа бүх талаар нь дэмжиж, томоохон тэмцээнүүдэд оролцуулдаг нь анзаарагддаг байлаа. Миний хувьд үндэсний шигшээ багт 2021 оны аравдугаар сард хөл тавьснаар үүрэг, хариуцлага минь өмнөхөөсөө илүү нэмэгдсэн. БНСУ-ын Кан Дон Хүн дасгалжуулагчийн удирдлагад үндэсний шигшээ багийнхан бэлтгэл хийснээр Монголын ширээний теннисний спортод ахиц дэвшил гарсан гэж боддог. Би одоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг. Сургуулиа энэ хавар төгсөнө, тивийн тэмцээнүүдэд оролцоно гээд ачаалал ихтэй ч бүхнийг хугацаанд нь амжуулахаар хичээж байна. Ширээний теннисний хэрэгсэл өндөр өртөгтэй. Шигшээ багийнхныг БНСУ-аас бөмбөгөөр хангадаг. Тамирчин бүрийн тоглох онцлог өөр тул цохиураа өөр улсаас захиалдаг. Миний цохиур, резин Японы “Butterfly” брэндийнх.
-Өмнөх шигшээ багийнхантай та БНАСАУ-ын Чо Юн Хо багшийн удирдлагад бэлтгэл хийдэг байснаа сонирхуулж яриач. Танд өгүүлэх дурсамж олон бий дээ.
-БНАСАУ-аас Чо Юн Хо багш Монголд ирж, шигшээ багийнхныг дасгалжуулахад Ч.Эрдэнэбаяр бид хоёр хамт бэлтгэл хийсэн юм. Бид насаар хамгийн бага нь тул ах нарынхаа бэлтгэл хангагч болдог байлаа. Багш биднийг жаахан гэж тал засахгүй ах нартай адилхан бэлтгэл хийлгэнэ. Түүний удирдлагад нэг жил хичээллэхдээ чамгүй их зүйл сурсан. Өглөө зургаан цагт кросст гүйлгэсний дараа өдөрт гурван удаа бэлтгэл шаргуу хийлгэдэг байв. Түүний өндөр шаардлага, хатуу, зарчимч байдал нь эхэндээ хэцүү санагдаж байсан ч сүүлдээ дассан. “Оч” клубт байрладаг байсан бид зөвхөн амралтын өдөр л гэрийн бараа харж, аав, ээжтэйгээ уулзана. Тэрбээр шигшээ багийн тамирчин бие, сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэж, бэлтгэл яаж хийх ёстойг сайтар ойлгуулсан даа. Багш гаднаасаа чанга, ширүүн мэт сэтгэгдэл төрүүлдэг ч зөөлөн зантай. Бидэнтэй хааяа хөгжилдөх дуртай ч эх орныхоо талаар нэг их ярьдаггүй байв. Би хэдий хүүхэд байсан ч ах нарынхаа хөлд чирэгдчихгүй юм сан гэж их хичээдэг сэн. Аав намайг хааяа нэг эргэхдээ шигшээ багийнханд зориулж хоол хийгээд ирнэ. Би айлын дунд хүү. Ах, дүү хоёр минь тамирчин болоогүй ч спортод дуртай. Тэд одоо миний тоглохыг байнга сонирхож үздэг үнэнч хөгжөөн дэмжигч болсон.
-Түүний удирдлагад бэлтгэл хийсний дараа үеийнхээ тамирчдаас ур чадвараар илүү болсон нь мэдрэгдсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Би өмнө нь өсвөр үеийнхний УАШТ-д оролцохдоо медалиас мултарч, IV байр эзэлдэг байсан бол дараа жил нь түрүүлж, аварга болсон юм. Тэр үеийг бодвол тэмцээнээс хүртсэн шагнал одоо олон болжээ. Медалиа тоолдоггүй ч алт, мөнгө, хүрэл медаль адил тэнцүүхэн бий. Үеийн эмэгтэй тамирчдаас шигшээ багт одоо Б.Должинзуу тоглодог. Бид дотоод, гадаадын тэмцээнд хосын төрөлд цөөнгүй оролцжээ. Би шигшээ багийнхаа эрэгтэй тамирчдаас ахмад нь. Миний хувьд тэдэнд тэмцээний үед зөвлөж хэлэх зүйл бишгүй гардаг.
-Таныг ширээ теннистэй нөхөрлөхөд юу тэгтэл их нөлөөлсөн юм бол?
-Би 2006 онд болсон ширээний теннисний ДАШТ-ийг үзчихээд сонирхож хичээллэхээр шийдсэн юм. Тэр цагаас өнөөг хүртэл 15 жил нөхөрлөсөн байна. Аав, ээж минь намайг хөтөлж ирэхдээ эхэндээ тамирчин болгох зорилгогүй байсан гэдэг. Хичээллэх тусам аажим аажмаар сайжирч нэг л мэдэхэд энэ спортоос холдож чадахааргүй болсон байлаа. Дасгалжуулагч С.Галбадрах, Б.Цэрэнтогтох багш нарын удирдлагад хэдэн сар бэлтгэл хийж, өсвөр үеийн УАШТ-ий 12-оос доош насныхны ангилалд ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэнээр спортын гараагаа анх эхэлсэн түүхтэй. С.Галбадрах багш тухайн үед бэлтгэл хийлгэхдээ шавь нарынхаа бөмбөгний эргүүлэг, тоглох техникт анхаарал их хандуулдаг байлаа. Намайг бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн цагаас гэрийнхэн минь дэмжиж, тусалсаар өнөөг хүргэсэн. Хэрвээ ойлгодоггүй байсан бол өдий зэрэгтэй амжилт гаргахгүй байлаа. Тамирчин хүнд хэзээ нэгэн өдөр карьераа өндөрлүүлэх өдөр ирдэг. Тэр үед дасгалжуулагчаар ажиллана гэж боддог.
-Ширээний теннисний лигийн АШТ өрсөлдөөн ихтэй, сонирхолтой болдог. Та шигшээ багийнхнаас Ч.Эрдэнэбаяртай цөөнгүй таарч байгаа харагдсан даа.
-Дээд лигийн АШТ-д тэмцээний медалийн төлөөх тоглолтод түүнтэй цөөнгүй таарсан. Тэрбээр БНСУ-д сурахдаа ширээний теннисний сургууль, клубт бэлтгэл хийсэн тул тун өвөрмөц тоглолттой. Тиймээс ялахад амаргүй хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Хамгийн сүүлд 2019 онд шилдэг 10 тамирчны тоглолт болоход шөвгийн дөрөвт Э.Лхагвасүрэн ахтай таарч хүрэл медалиас атгаж байлаа. 2017 онд лигийн тэмцээн ганцаарчилсан төрөлд болж шилдэг 12 тамирчин өрсөлдөхөд би Г.Алтаншагай ахад ялагдсан юм. Хэрвээ түүнийг хожсон бол шилдгүүдийн тоонд багтах байв. Монголд шилдэг 12 тамирчны тэмцээнийг гурван удаа зохион байгуулсан. Ч.Эрдэнэбаяр бид хоёр тус тэмцээнд нэгнээсээ нэг бус удаа даагаа нэхсэн. Тэрбээр 2020 онд болсон тэмцээнд түрүүлсэн бол би энэ жил түүнийг хожиж, аварга болсон доо. Миний хувьд дээд лигт “Мираж” багийнхантай нэгдэж өрсөлддөг юм. Өнгөрсөн жил манай багийнхан аваргын төлөө “Итгэлт санхүүгийн группийнхэнтэй тоглож, удааллаа.
-Та УАШТ-ээс хоёр ч удаа мөнгөн медаль зүүсэн. Тэдгээр тэмцээн аварга болоход ойрхон гэдгийг үзэгчдэд харуулсан гэж бодож байна.
-Ширээний теннисний тэмцээнүүдээс УАШТ өрсөлдөгч олонтой тул чанартай, өндөр зохион байгуулалттай болдог. Миний хувьд ганцаарчилсан төрөлд түрүүлээгүй ч хошой мөнгөн медальтай. 2020 оны УАШТ-д Ч.Эрдэнэбаяртай, дараа жил нь ОУХМ Б.Билэгт ахтай аваргын төлөө таарч тоглоод удаалсан юм. Надтай таарсан тамирчдаас Б.Билэгт ах биерхүү, өндөр тул хүч гаргаж, хурдтай тоглодог. Би хосын төрөлд Б.Должинзуутай оролцдог. Түүнтэй тоглоход илүү амар. Бид өмнөд хөршид ширээний теннисээр бэлтгэл хийдэг байсан болохоор адил техниктэй. Индонез улсын Иогякарта хотод 2019 онд Азийн АШТ-ий хосын төрөлд бид шилдэг 32-т үлдэж, шөвгийн 16-д БНХАУ-ын тамирчдад хожигдож байлаа. Миний хувьд гадаадын тэмцээнд оролцохоор очихдоо өмнөд хөршийнхний бэлтгэл хэрхэн хийж байгааг ажиглаж хардаг. Сүүлийн үед Тайвань, Казахстаны тоглогчид хүчтэй өрсөлддөг боллоо. Тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч теннисний спортын тамирчдаа бүх талаар дэмжиж, томоохон тэмцээнүүдэд оролцуулж байна.
-Монголд амжилт гаргасан шилдэг теннисчин олон бий. Тэднээс хэнийх нь тоглолт хамгийн сонирхолтой вэ?
-Хүүхэд байхдаа өмнөх шигшээ багийнхнаас Б.Билэгт ахын тоглолтыг их хардаг байв. Тэрбээр Чо Юн Хо багшийн удирдлагад бэлтгэл хийснээр ур чадвараа ахиулж, УАШТ-д түрүүлж байлаа. Түүнээс хойш дөрвөн удаа аваргаар шалгарсан. Тэрбээр одоо “New star” клуб байгуулж, гарынхаа шавь нарыг бэлтгэж байгаа. Гадаадын тамирчдаас өмнөд хөршийн домогт Ма Лонгийн тоглолт их сонирхолтой. Ширээний теннисний дэлхийн шилдгүүдээс ч түүний амжилтыг эвдэх тамирчин одоогоор гарч ирээгүй л байна. Тэрбээр Токиогийн олимпын наадамд аваргын төлөө нутаг нэгт тамирчин, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Фан Зэнг Донтой тоглож, онооны хол зөрүүгүй хожиж, түрүүлсэн. Олимпын наадмын үеэр үзэгчид Японы ширээний теннисний шилдгүүдээс ганцаарчилсан төрөлд Томоказү Харимотог Хятадын тамирчдын амжилтыг зогсоож, хожих магадлалтай гэж таамаглаж байлаа. Гэсэн ч тэрбээр Словений тамирчинд хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Хүрэл медалийг Герман, Тайванийн тоглогч хүртсэн шүү дээ. Японы теннисчдээс хосын төрөлд Жүн Мизүтани, Мима Ито нар Хятадын хос болох олимп, дэлхийн аварга Шу Шин, Лиу Шивэн нарыг эх орныхоо дэвжээнд буулган авч анх удаа олимпын аварга болж байв.
-Гэрийнхэн тань таныг тэмцээнд оролцоход хэр санаа тавж, зөвлөдөг вэ?
-Аав тэмцээн бүрийн өмнө “Аль болох тайван байж, өөртөө итгэлтэй, зоригтой тоглоорой” гэдэг юм. Ах минь УАШТ-ий медалийн төлөөх тоглолтын үеэр найзуудаа дагуулж ирээд намайг дэмжиж үздэг. Би ямар ч тэмцээнд оролцохдоо нойр, хоолоо маш сайн тохируулдаг. Миний хувьд УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн Я.Бэгз ахтай олон таарсан. Тэрбээр туршлагатай тамирчин учраас хурд, хүч нэг их зарцуулахгүйгээр өрсөлдөгчөө өөрийнхөө эсрэг довтлуулан эвийг нь тааруулж тоглоод хождог. Өрсөлдөгчдөө багагүй судлахдаа тооцоолон төлөвлөж, ухаан гаргаж ялах нь түүний тоглолтын гол тактик. Өнгөрсөн жил болсон Монголын бүх ард түмний спартакиад наадмын багийн төрөлд манайхан түүний багийнхантай тоглож түрүүллээ. Тэрбээр Хэнтий аймгийн тоглогчидтой нэг баг болж тус тэмцээнд өрсөлдсөн юм.