Иргэн Д.Ламжавтай ярилцлаа.
-Таныг “Үндсэн хуулийн цэцийг ажилтай байлгадаг хүн” гэлцдэг байсан. Цэцэд хэдэн удаа мэдээлэл гаргаж, хэдэд нь маргаан үүсгэн, таны “талд” шийдвэрлэж байв гэдгийг тоолж байв уу?
-Зарим хүн тэгж хэтрүүлдэг. УИХ-ын хоёр дахь сонгуульд ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, Цэц хоёр, энэхүү “Ардчилсан холбоо” эвсэл, Ерөнхийлөгч Н.Багабанди хоёр, парламентын зургаа дахь сонгуульд хамгийн олон суудал авсан АН, Цэц хоёрын хооронд “дайн”-тай зүйрлэж болохуйц том тэмцэл өрнөсөн байдаг. Сүүлчийнхээс нь хойш би Цэцэд мэдээлэл гаргаагүй. Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны блок схемийг хийж, бас мэдээлэл буюу хүсэлт гаргасан субъектээр нь ангилан, Цэцээр шийдвэрлэсэн маргааны статистикийг тооцоолж байснаас өөрийнхийг тусгайлан тоолсонгүй. Эдгээр нь нэлээд олон жилийн өмнө хийсэн ажил. Мэдээлэл бол нэхэмжлэл, тайлбараас эхлээд олон зүйлээс бүрддэг. Нэхэмжлэл гэдгийн цаана хамгийн товчоор хэлбэл, ямар хуулийн ямар заалт Үндсэн хуулийн ь заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзэж байгааг ойлгодог.
Ерөнхий ярихаар давсгүй хоол шиг санагдах байх. 1996 оны зун миний нэхэмжлэлээр гаргасан, “давхар дээл” өмсөж болохгүй” гэсэн Цэцийн шийдвэр нь эхний “дайн”-ыг өдөөсөн. УИХ “гуравны нэг нь “давхар дээл” өмсөж болно” гэсэн А хуулийг батлан, Ерөнхий сайд М.Энхсайханыг огцрохыг шаардсан юм. М.Энхсайхан “Би Цэцийн шийдвэрийн ард нуугдахгүй” гэж хэлээд, өөрөө огцорч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд, Баабар Сангийн, С.Зориг Дэд бүтцийн, С.Батчулуун Хууль зүйн сайдаар томилогдсон. А хууль батлагдсан даруйд Цэцийн анхны дарга Г.Совд “Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр л байдаг” хэмээн үг алдахын зэрэгцээ “А хууль, Цэцийн шийдвэр хоёул хүчин төгөлдөр” гэж мэдэгдсэн юм. Цэцийн хоёр дахь дарга Н.Жанцан 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-ын дарга Н.Энхбаярт “Хонь бүрэн, чоно цатгалан” хэмээн хэлж тайтгаруулсан алдарт үгээрээ “Бүгдээрээ “давхар дээл” өмсөж болно” гэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хууль зүйн бололцоо олгосон. УИХ 2019 онд “зөвлөлдөх санал асуулга” хэмээх хорлонтой арга хэрэглэн “таваас олон сайд “давхар дээл” өмсөж болохгүй” гэсэн хязгаарлалтыг Үндсэн хуульд оруултал Цэц 2022 оны зун “Бүгд “давхар дээл” өмсөж болно” хэмээх шийдвэр гарган, эрх мэдлээ хэтрүүллээ. УИХ ч хууль дээдлэгчийн дүрд тоглон, Цэцийн энэ шийдвэрийг дуртайяа хүлээн авснаар 2019 оны өөрчлөлтөөсөө ухарсан. Ингэснээр Цэц жирийн хуулиар үл барам Үндсэн хуулийг хянах эрхтэй мэт харагдах болов. Энэ бүхэн бол манай ардчилсан Үндсэн хуулийн түүхэнд тохиолдсон гайхам сургамжтай жишээ.
-Гурав болон хоёр дахь “дайн” гэснээ тодруулахгүй юу?
-Конрад Аденауэрын сангийн суурин төлөөлөгч (В.Прооль)-ийн урилгаар 1996 оны нэгдүгээр сарын 2-нд МҮАН, МСДН-ын Удирдах зөвлөлийнхөн МоАХ-ны байранд цугласан юм. Манай нэрт социологич Л.Сумати ирэх УИХ-ын сонгуулийг тандсан өөрийн судалгааг танилцуулсны дараа В.Прооль “Танай хоёр нам сонгуульд эвсэж орвол ялах бололцоо байна” гэж зөвлөсний дагуу “Ардчилсан холбоо” нэрийн дор эвсэл байгуулснаа Цагаан сараар нийтэд зарлахаар тохиролцсон. “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч, Цэцийн дээрх шийдвэрт захирагдан М.Энхсайханаар толгойлуулсан “давхар дээл”-гүй Засгийн газар байгуулсан юм. Гэвч удалгүй эхний “дайн” дэгдсэн. Сангийн сайд Баабар “Надаас болж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж огцрох юм бол чихээ огтолж өгнө” гэж мэдэгдэж байсан ч УИХ 1998 оны зун Ерөнхий сайдыг огцруулсан. М.Энхсайханы талыг баримтлагч “Ардчилсан холбоо” эвслийн 20 шахам гишүүн сөрөг хүчинтэй хавсран унагасан хэрэг. Баабар саявтар “М.Энхсайханыг ядаж тэнэг байсных нь төлөө шоронд суулгасан нь зөв байсан” гэсэн нь үүнтэй холбоотой болов уу. Ерөнхий сайдыг шинээр томилохтой холбогдон хоёр дахь “дайн” эхэллээ. МАХН-аас өрсөлдөж сонгогдсон Ерөнхийлөгч Н.Багабанди “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ес, үүний дотор Да.Ганболдыг долоон удаа УИХ-д оруулахаас татгалзсан юм. Эцэст нь С.Зориг, нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарыг оруулбал зөвшөөрнө хэмээн даварсан байдаг. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө сайд С.Зоригийг хөнөөж, хэрэг мандав. Би 2-ны өглөө “давхар дээл”-ийг зөвшөөрсөн А хууль нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн нэхэмжлэл бүхий мэдээллийг Цэцэд өгсөн байж таарсан юм.
Ингээд 1999 оны эхээр “давхар дээл”-ийг эс зөвшөөрсөн Цэцийн шийдвэр гарсан. УИХ Цэцийн эл дүгнэлтийг хэлэлцэлгүй 2005 он хүртэл хав дарсан ч эцэст нь хүлээн зөвшөөрсөн юм. Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн эцсийн шийдвэр гарч, УИХ уг хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх үүрэг хүлээнэ гэсэн утгатай заалтыг холбогдох хуульд оруулсан түүхтэй. С.Зориг амиа алдсаны дараа МҮАН-аас МоАН, Иргэний зориг нам салан тусгаарлаж, МСДН 15 гишүүнтэй өөрийн бүлгийг байгуулан, эрх баригч “Ардчилсан холбоо” эвслийн задрал эхэлсэн. Ж.Наранцацралтаар толгойлуулсан “давхар дээл”-гүй Засгийн газрыг унагах ажлыг Төрийн өмчийн хорооны даргаас халагдсан, УИХ дахь олонхын бүлгийн зөвлөх З.Энхболд зохион байгуулсан юм. Тэр “Сайд нарын тал нь огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг чадмаг ашиглаж чадсан. Ж.Наранцацралт огцорсныхоо дараагийн өдөр Цэцэд Ерөнхий сайдын хувиар хүсэлт гаргах талаар надаас асуухад нь “Цэц хүлээж авахгүй л болов уу. Учир нь таныг одоо Ерөнхий сайд гэж үзэхгүй байх” гэж хэлж байлаа. 2019 оны өөрчлөлтөөр онолын алдаатай энэ заалтыг хассан. Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзахаа сөрөг хүчинд амлан байж дөрөв дэх Ерөнхий сайдаар тодорсон бөгөөд “бослого” гаргасан найман сайдыг буцаан томилсон паянтай. 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд шиг санагдана, УИХ ердөө нэг өдөрт багтаан гэнэт Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийг МСДН-ын бүлэг оройлон, МАХН-ынхан болон УИХ-ын бусад гишүүн урьдчилан гарын үсэг зурж дэмжсэн байдаг. Энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид “дордуулсан долоон өөрчлөлт” гэж зарласан. Үндсэн хууль зөрчин уг өөрчлөлтийг хийсэн хэмээн академич С.Нарангэрэл Цэцэд мэдээлэл гаргаж, ялсан боловч дүгнэлтийг нь УИХ бас л хав дарсан түүхтэй.
Гурав дахь “дайн” нь УИХ Цэцийн гишүүнээр ажиллаж болох насыг 65 гэж тогтоон, тус байгууллагыг “цэвэрлэх” хууль баталснаас эхлэлтэй. Миний нэхэмжлэлээр уг хууль Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэрийг Цэц гаргасан. УИХ-ын дарга З.Энхболдын захиалгаар Цэцийн хашаанд хуучин солонгос машин хөлөглөсөн хүмүүс жагсаал зохион байгуулж байлаа. Эцэст нь Цэцийн дарга Ж.Амарсанааг Үндсэн хуулийн бус аргаар эгүүлэн татсан. Үүний эсрэг надаас гадна бараг гучаад хуульч Цэцэд мэдээлэл гаргасан ч гишүүн Т.Лхагваа, ер нь Цэц дээр түгжигдэн өнгөрсөн юм.
-Та Цэцэд удаа дараа мэдээлэл гарган, хууль, бусад шийдвэрдэх Үндсэн хуулийн зөрчлийг арилгуулах гэж явсны гол зорилго юу юм бэ?
-1990 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль ёсоор Ардын их хурал (АИХ) болон Улсын бага хурал (УБХ) таван жилийн бүрэн эрхийн хугацаатай, нэг том даалгавартай байв. Тэр нь шинэ Үндсэн хуулийг батлах. Энэ даалгавраа хоёр жилийн дотор биелүүлэх өнгө аяс нэгэнт бүрдсэн тул үлдсэн гурван жилийг хэрхэх нь байнгын ажиллагаатай УБХ-ын гишүүдээр үл барам АИХ-ын бусад депутатын эрх ашгийг ч зүй ёсоор хөндсөн асуудал байсан юм. Гэвч УБХ анхны УИХ-ыг даруй нийтийн сонгуулиар бүрдүүлэх, ингэснээр АИХ, УБХ үлдсэн гурван жилийнхээ бүрэн эрхээс татгалзах төслийг АИХ-д оруулсан түүхтэй. Б.Чимид их ухаантай хүн боловч Үндсэн хуулиа хэрэгжүүлэх асуудлыг “хонзогногчдын гарт” өгчихлөө, зүй нь УБХ-ын бүрэлдэхүүн дээр АИХ-ын депутатуудыг нэмэх замаар гурван жилийн бүрэн эрхтэй анхны УИХ-ыг байгуулах байсан юм гэх ноцтой яриа чих дэлсэж байсан. УБХ-ын гишүүн асныг төрөөс ажил, орон сууцаар хангах тухай хуулийн заалтыг горьдлого болгон шинэ эрх баригч буюу УИХ-ын Тамгын газрын даргад хандахад “УБХ-ын экс гишүүн Д.Ламжавт ажил олж өгнө үү” гэсэн утгатай хөөрхөн албан бичгийг МСДН-д хандан цохож өгч билээ. Би “МУИС-д” гэж цохох байх гэж горьдсон хэрэг. “МУИС-иас өөрөө гуйлтай биш” гэж нэрэлхээд, хуулийн чиглэлээр, шинэхэн батлагдсан Үндсэн хуулиа хамгаалах үйл ажиллагаа явуулахаар шийдэж, бидний үүсгэн байгуулсан “Цэх”, “Анд сан” ТББ Ерөнхийлөгч П.Очирбатын ивээл дор Монголын төрийн бус байгууллагуудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байлаа. Эцэст нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг “Цэх” зохион байгуулсан. Эдгээрийг АНУ-ын Азийн сангийн техникийн тусламжтайгаар хэрэгжүүлснийг тэмдэглэе. Энэ хуулийн төслийг УИХ 1997 онд баталсан. Мөн Азийн сангийн санхүүжилтээр Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн талаар онолын бага хурлыг “Цэх” зохион байгуулсан. Тус хурлын бүх материал “Цэх”- ийн нэгэн товхимолд нийтлэгдэн үлдсэн байсныг өнгөрсөн хавар бусад материалын хамт архивтаа хадгална хэмээн итгэж УИХ-ын Тамгын газрын хоёр албан тушаалтанд өгч явуулсан. Үлдсэн хугацааг өөртөө, математиктаа зориулъя, хуулиар хөөцөлдөхгүй гэж шийдэн, тэдгээр баримт материалтайгаа нэг ёсны салах ёс гүйцэтгэсэн хэрэг. Гэтэл Украины эсрэг ОХУ-ын түрэмгийллээс болоод үргэлж Youtube ухдаг, Үндсэн хууль хянасан Цэцийн хууль бус шийдвэртэй холбоотойгоор сонинд байн байн ярилцлага өгдөг болчихоод байна.
Нөгөө онолын бага хурал руугаа эргэе. Жижгэрүүлсэн гурван сэдвээр, сэдэв бүр нь хоёр зэрэгцсэн илтгэл, нэг шүүмжлэгчтэй. Илтгэл болон шүүмжийг бичгээр урьдчилан авч, хоёр өдөр хуралдсан. Илтгэгч, шүүмжлэгч бүрт хөлсөнд нь 20 000 төгрөг төлсөн. Тэр үед багш нар цалингаа 5000-д хүргэе гэж ажил хаяж байсантай харьцуулбал энэ нь бага биш мөнгө байж. Илтгэгч, шүүмжлэгч нар нь намайг эс тооцвол Цэцийн, УИХ-ын гишүүд байсан санагдана. Азийн сангийн суурин төлөөлөгч, “хашир чоно” Сейверенхауст сонирхолтой санагдаж байсан байх. Тэр үед Цэцийн гишүүдийн дийлэнх олонх нь “Шихихутаг” сургуульд цагаар багшилдаг, эсвэл тус сургуулийн оюутан байсан гэдэг. Эдгээр баримтыг хараад би ямар зорилготой байсныг хүссэн хүн өөрийнхөөрөө дүгнэж болох байх.
-Ер нь одоогийн хуулиар Үндсэн хуулийн зөрчлийг арилгуулахад иргэд оролцох эрх, боломж нь хэр зэрэг нээлттэй гэж хэлэх вэ?
-Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх УБХ баталсан. Би батлалцсан хэрэг. Иргэд зөвхөн албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд мэдээлэл гаргах эрхтэй гэж энэ хуульд заасан байв. Цэц миний нэхэмжлэлээр, иргэн хүсэлт гаргах эрхтэй бусад субъектийн нэгэн адил агуулгатай нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэн, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлсэн. Энэ бол Цэц дээр байгуулсан миний анхны ялалтуудын нэг. Би үүгээрээ бахархдаг. Цэцийн шийдвэрлэдэг Үндсэн хуулийн маргаан нь объект болон субъектийн хувьд хязгаартай. Иймд энэ хязгаарыг давсан, мөн чанартаа Үндсэн хууль зөрчсөн тухай олон маргааныг шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй. Гэхдээ иргэдийн өөрийгөө удирдах ёсны байгууллагад хуулиар хориглосон асуудлыг эс хөндсөн шийдвэрийг хянах бүрэн эрх шүүхэд ч, Цэцэд ч байх ёсгүй.
-Сүүлийн үед Цэцэд мэдээлэл гаргах иргэдийн тоо нэлээд нэмэгдсэн юм билээ. Энэ нь иргэдийн оролцоо сайжирсных уу, эсвэл эрх бүхий субъектүүд нь Үндсэн хуулийн зөрчилтэй хууль, тогтоол, шийдвэр гаргаад байна уу?
-Бусад улсын практикт байдаггүй, Үндсэн хууль зөрчигдсөн асуудлаар Цэцэд хандах өргөн эрхийг иргэндээ олгосон нь манай Үндсэн хуулийн алдаа биш, харин онцлог юм. Цэцэд хүсэлт гаргах эрх бүхий субъект өөрөө хүсэлт гаргахаас зүрхшээн, иргэдэд захиалга өгч, гаргасан шийдвэрийг нь нураагаад байна хэмээн нөгөө субъект нь харддаг. Үндсэн хуулиа сахин хэрэгжүүлэх нь үндэсний аюулгүй байдлыг хангах хамгийн чухал шалгуур мөн юм бол ингэсэн гээд ямар хохирол учрав. Залуу хуульчдын хувьд Цэцэд мэдээлэл гаргах нь хамгийн хариуцлагатай, амттай ажил байж таарна. Иргэний ялсан маргаанаар жишээ татах нь хуулиар мэргэжиж буй оюутнуудын сонирхлыг илүү татах нь ойлгомжтой. Зөрчсөн субъектэд төвөгтэй байх нь мэдээж. Цэцийн харьяаллын маргааны субъектүүд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах явдал санаатай буюу санамсаргүй байдлаар байнга тохиолдох нь ойлгомжтой. Хамгийн чухал нь эдгээр субъект зөрчил огт гаргахгүй байхад биш, зөрчлийг нь Үндсэн хуулийн дагуу хамтран ажиллаж, засаж байхад оршино. Энэ үйлсэд, Үндсэн хуулиа ойлгоход иргэний оролцоо онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Засгийн газраас боловсруулан, санал авч байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэн зөвхөн өөрийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудлаар Цэцэд өргөдөл гаргахаар тусгасан байсан. Хэдийгээр өргөн барьсан төслөөс үүнийг хассан ч энэ талаар та юу хэлэх вэ?
-Төслийн 66.1-т “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөөг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэж заасан байсан. Хууль зэрэг өөрт нь шууд хамаарахгүй асуудлаар иргэн Цэцэд мэдээлэл гаргах заалтыг хассан байна. Харин иргэн өөрийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг хамгаалуулахаар Цэцэд өргөдөл гаргах зохицуулалтыг төсөлд тусгасан байсан. Шүүх бас энэ эрхийг хамгаалан эцсийн шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Иймээс шүүх, Цэц хоёрын бүрэн эрх энд давхцаж байна. Энэ байдлаас гарахын тулд “хуульд заасан үндэслэл, журмын дагуу” хэмээн одоо байхгүй хууль, журам руу заажээ. Эдгээрийг нь хожим хуулийн биш, ордны профессорууд ихээхэн муйхар аргаар хийх бололтой.
Мөн төслийн 66.2-т “Үндсэн хуулийн цэц нь УИХ, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй нь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж, УИХ-д оруулна” гэсэн заалт байв. Үндсэн хуулийн маргааны объект болон субъектийн хязгаарыг авч хаясан байна. Цэцэд хүсэлт гарах эрх бүхий субъектүүдийн эрх маш ихээр нэмэгдэнэ. Энэ эрхийг одоо байгаагаас гадна Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын наандаж 16 гишүүн шинээр эдлэх гэнэ.
-Дээрх төсөлд Үндсэн хуулийн цэцтэй холбоотой өөр нэг өөрчлөлт байсан нь Цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглох тухай заалт. 2019 онд хэлэлцэж байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатайгаар нэг удаа томилж, улируулахгүй байхаар тусгасан ч хэлэлцүүлгийн явцад “унасан”. Иргэний хувиар энэ байгууллагатай ойр ажиллаж ирсэн хүний хувьд үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Цэцийн гишүүнийг дахин томилдог байх нь дахин томилогдохын тулд эрх баригчдад тал зассан шийдвэр гаргахад нөлөөлнө гэж шүүмжилдэг. Тиймээс нэг удаа урт хугацаагаар томилдог болъё гэж байсан хэрэг. Санал авч байсан төсөл ёсоор хоёр удаа Цэцийн гишүүнээр томилогдож болно. Үүнийг Цэцийн болон гишүүнийх нь хараат бус байдлыг дэмжих чиглэлд хийсэн алхам гэж үзэхгүй байна.
-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон, тэдний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгасан. Хэдийгээр санал авч байсан төслөөсөө ердөө энэ хоёр өөрчлөлтийг тусган өргөн барьсан ч өөр бусад заалтынх нь тухайд та ямар бодолтой байв?
-Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэсэн заалт байдаг. Энэ бол төрийн эрх мэдлийг хязгаарлах онолд харшилсан, алдаатай заалт. Үүнийг засахын оронд лавшруулан “УИХ оршин байгаа хотыг улсын нийслэл гэнэ. Улаанбаатар бол нийслэл мөн” гэж тусгасан байсан. 152 гишүүнтэй УИХ-ыг нэг дор багтаан маллах амаргүй. Орон зай хэрэгтэй. Төвлөрлийг сааруулах нэрийн дор хэл амтай Улаанбаатараас Хархорин, Дархан, Эрдэнэт руу Цэц, Хүний эрхийн үндэсний комисс, магадгүй Дээд шүүх зэрэг байгууллагыг нүүлгэх санаа цухалзаж байна. Цэцийн хувьд дийлдэхээ байх ачаалал нь багасах сайн талтай ч ингэж бужигнуулж байгаад улсаа тараачих вий гэж санаа зовох юм.