“Үг хэлэхгүй бол үзэл бодол үгүй. Үзэл бодол үгүй бол эрх чөлөө үгүй”, “Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй” зэрэг уриалгыг Сүхбаатарын талбайд барин зогссон хүмүүс бол сэтгүүлчид. Тэд өчигдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд цуглаж, форумд оролцон, тулгамдсан асуудлуудаа ярилцлаа. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн 1993 онд тунхагласнаас хойш манай улс жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг болсон билээ. Энэ жилийн тухайд Монголд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, эвлэл, холбоод, 200 гаруй сэтгүүлч хамтран “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрхийн хөшүүрэг” уриатай форум зохион байгуулав. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг энэ үеэр хэлэлцлээ. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэ эрх чөлөөг хэрхэн хэрэгжүүлж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх нь ганц энэ өдрөөр хэмжигдэхгүйг форумд оролцогчид онцолсон юм.
МОНГОЛ УЛС 88 ДУГААРТ ЖАГСЛАА
Дэлхийд 135 улс мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан бие даасан хуультай. Харин манай улсад үйлчилж байсан Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчингүй болгож, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Гэсэн ч иргэдийн мэдээлэл авах эрх бүрэн хангагдахгүй хэвээрээ байна. Түүнчлэн “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас гаргасан 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 88 дугаар байрт жагслаа. Энэ нь өмнөх оноос хоёр байр урагшилсан үзүүлэлт. Гэсэн хэдий ч нөхцөл байдал сайжраагүй, хэвлэлийн эрх чөлөөгөөр манай улс “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд багтсаар байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөгөөр “хангалттай сайн” гэсэн ангилалд багтахын тулд үүнийг өргөн хүрээнд, бодитой хамгаалах зайлшгүй шаардлагатайг зохион байгуулагчид хэлэв.
МОНГОЛ УЛС ОРШИН ТОГТНОХ “ДАРХЛАА” НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
“Сэтгүүлчид ёс зүйн хариуцлага ярьдаг атлаа нөгөө талдаа мөнгө өгсөн хэн нэгэнд үйлчилдэг дабл стандарт тогтоод байна. Сэтгүүл зүйн салбар дабл стандартаас салах хэрэгтэй. Төрийн байгууллага, улстөрчид хэвлэл мэдээллийн салбарыг мөнгөөр “угжиж”, худалдаж авахаа болих хэрэгтэй”, “Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл Монголд төдийгүй дэлхий нийтэд буурч байна. Итгэлийн индексийг хэрхэн дээшлүүлэх вэ. Үүний тулд чанарын асуудлыг зайлшгүй хөндөнө. Чанар бол ёс зүй. Чанартай, ёс зүйтэй бол нэр хүндтэй байна” гэж форумд оролцогчид үзэл бодлоо илэрхийлэв. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ёс зүй, хууль, эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Монголд зөвхөн хэвлэл мэдээлэл төсвөөс хамаарч буй биш. Эдийн засаг бүхэлдээ төрийн хамааралтай болчихсон. Бид төрөөс бус, хувийн хэвшлээс санхүүжнэ гэж ярьдаг. Гэсэн ч бодит байдалд хувийн хэвшил нь бас л тендер, концесс гээд төрөөс хамааралтай. Төрөөс үлэмж хамааралтай болж байгаа нь аюул.
Төрийн байгууллагын Хэвлэл мэдээллийн алба яагаад томорч байна вэ, яагаад улстөрч бүр дэргэдээ хэвлэлийн албатай, зурагчинтай болсон бэ. Энэ нь хүссэн мэдээллээ түгээж, хүсээгүйгээ нуух арга. Төр хүссэн мэдээллээ л бидэнд өгдөг, цензуртэй боллоо. Нөгөө талаар хамгийн их орлоготой байсан шар хэвлэлүүд өнөөдөр хаачсан бэ. Ашиг өндөртэй байсан шар хэвлэлүүд өнөөдөр үгүй болсноор сэтгүүл зүйг зөвхөн бизнес гэдэг утгаар харж болохгүйг бидэнд ойлгууллаа. Тиймээс сэтгүүл зүй бол үзэл санаа юм. Шар хэвлэлтэй зэрэгцэн оршиж байсан өдөр тутмын сонинууд тэдэн шиг их ашиг олж чадаагүй ч өдий хүртэл тэсэж үлдсэн. Мөнгөтэй, улс төрийн хамаарал бүхий эзэнтэй хэвлэлүүд бус, үзэл санаатай хэвлэл мэдээлэл үлдэж байгааг өнгөрсөн 30 жилийн туршлагаас харж байна” гэв. Мөн “Глоб интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал “Сэтгүүлчдийн цалин хөлсийг хөндөхгүйгээр хараат бус сэтгүүл зүйг ярих нь учир дутагдалтай. Цалин хөлс, нийгмийн асуудлаар дорвитай ажиллах, эвлэлдэн нэгдэх нь маш чухал болохыг энэ өдөр зориуд хэлмээр байна” гэсэн юм.
Ийнхүү сэтгүүл зүйн “гал тогоо”-ны чухал асуудлуудыг олон талаас нь хэлэлцлээ. Эрх зүйн орчныг сайжруулах, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагатай, ардчилсан Монгол Улс оршин тогтнох “дархлаа” нь хэвлэлийн эрх чөлөө гэдгийг оролцогчид онцолж байв.