Тайзан дээр харах, сонсох дуртай уран бүтээлч гэж байдаг. Гадаад үгийг тэр чигээр хэрэглэх нь загвар болсон өнөө үед фаворит уран бүтээлч юм даа. Тийм хүмүүсийн нэгээр ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч Д.Нацагдоржийг нэрлэнэ. Тус театр өнгөрсөн гуравдугаар сард анх удаа 32 хунтайгаар “Хунт нуур”-ыг тоглоход тэрбээр Ротбард буюу санаа муут хар шувуу болохдоо хунгуудыг хуйлруулж, үзэгчдийг эзэмдэн байхад нь уулзах юм шүү хэмээн онилсон юм.
Дуурийн театрын үүдээр одоогоос сар гаруйн өмнө том том цаасан хайрцгууд чирч явахтай нь таарав. Юу хийж явааг асуухад “Байшин барих гээд ээ” хэмээгээд инээсэн. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн балетмейстерийн ангийг удахгүй төгсөх гэж буй тул дипломын ажлаараа Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет тавих сэдэв сонгон, ажиллаж буй аж. Хүүхэлдэй урлаач Коппелиусын байшинг цаасан хайрцгуудаар хийхээр шийдэж гэнэ. Балетыг өөрөө цоо шинээр дэглэн найруулахын сацуу тайзны зураачаар нь ч ажиллаж буй болохоор бүгдийг санаснаараа хийхээр зорьжээ. Ингэхдээ хямд төсөр арга, замаар хийхийг илүүд үзэж буй аж. Ирээдүйд балетмейстерийн амьдралаар замнах тул одооноос жүжгийг өөрийнхөөрөө яаж бүтээж болохыг, ямар зам туулдгийг, бэрхшээл тулбал яаж даван туулдгийг ч мэдэж, мэдрэх гэж ганцаараа ажиллахаар шийдсэн гэж байлаа. Залуу дэглээч балетаа энэ сарын 9-нд СУИС-ийн “Оюутан” театрт тоглуулах юм. Багш нар нь шалгаж дүн тавина.
Энэ жил тус сургуулийн балетмейстерийн ангийг 17 оюутан дүүргэх гэж байгаа нь түүхэн дэх хамгийн олон төгсөгч аж. Ангийнх нь андууд хэд хэдээрээ нийлж баг болсон бөгөөд нэг нь тоглолтоо хэдийн үзүүлжээ. Тэд “Корпорэйт конвеншн сентер”-т орчин үеийн бүжгийн “Энержи” хэмээн нэрийдсэн тоглолт хийсэн байна. Италийн суут хөгжмийн зохиолч А.Вивальдийн хөгжимд дөрвөн улирлын байдлыг харуулсан тоглолтыг орчин үеийн бүжгийн аргаар толилуулжээ. Нөгөө баг нь “Номадик продакшн”-тай хамтарч мөн орчин үеийн бүжгээр “Сүнс” гэж нэрлэсэн тоглолт хийх гэнэ. Эдний ангийн Америкт амьдардаг, эчнээгээр суралцдаг хоёр оюутан нь тэндээ бүтээл туурвиж, онлайнаар хамгаалах аж. Харин орон нутгийнхан нь өөр өөрсдийн ажлын байрандаа бүтээл төрүүлж, шалгуулах юм байна.
Д.Нацагдорж хүүхдийн жүжиг түлхүү хэрэгтэй, тэгээд ч амьдралын шинэ замналаа хүүхдийн бүтээлээс эхлүүлэх нь ерөөлтэй санагдаад “Цэнхэр нүдэн бүсгүй”-г сонгожээ. Балетмейстерийн мэргэжлийн багш нь Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл бөгөөд сонгодог бүтээл “барьж авсныг” нь сайшаасан аж. Дэглэх, тавих талд ерөнхий зөвлөгөөг театрынхаа уран сайхны удирдагч Д.Дашлхагваас аваад ажилдаа оржээ. Залуу дэглээч “Цэнхэр нүдэн бүсгүй” буюу олон улсад “Копелия” гэдэг уг балетыг цоо шинээр хийж буй. Гэхдээ мэдээж сонгодог балетын үндсэн дэгийг алдагдуулалгүй, техникүүдийг ч хэвээр байлгах юм байна. Хошин байдлыг тодотгохын тулд гол дүр Францын ээж гэж, бие хаа томтой, булчин шөрмөс сайтай эмэгтэйн дүрийг бий болгосон байна. Тэрбээр хүүхдээ хайж, зандрангуй дуугарч байгаагаар хэдхэн минут харагдаад өнгөрдөг, гуравдугаар үзэгдэлд эв хавгүйхэн халти бүжиглэх гэнэ. Бас гол дүр Францын эрэгтэй найзуудын тоог нэмжээ. Францын дүрд ДБЭТ-ын балетчин Ц.Мөнгөншагайг, харин түүний сэтгэлт бүсгүй Сванильдад шинэхэн төгсөгч Ундралсайханыг тоглуулахаар сонгосон.
Д.Нацагдорж сургуульд сурч байхаасаа театрт ажилласан бөгөөд төгсмөгцөө балетын гоцлоочоор ажилд орсон юм билээ. Өнөөдрийг хүртэл олон жүжгийн гол дүр бүтээсэн ч анхны дүр Францдаа илүү хайртай. Хүүхэлдэй урлаач өвгөн профессор Коппелиусийн нэгэн бүтээлийг ялдамхан Франц сайхан бүсгүй хэмээн андуурч, уулзахын хүслэн болдог. Өвгөний байшингийн цонхоор нь орохдоо тултал тэмүүлж, улмаар хайр сэтгэлтэй Сванильдагаасаа түрхэн зуур “урваж” орхидог гэнэн хонгор. Ийм дүрээр театрын балетын гоцлоочийн ажлыг эхэлсэн залуу өдгөө өөрөө балет бүтээхээр ажиллаж байна.
Балетын тэргүүн гоцлооч түүний уран бүтээлийн сан хөмрөгт ямар, ямар бүтээл байдаг вэ. П.И.Чайковскийн “Цөмөөхэй”-н Цөмөөхэй, цасны хаан, мөн хөгжмийн зохиолчийн “Хунт нуур”-ын ханхүү буюу Зигфрид, Ротбард, А.Аданы “Жизель”-ийн Алберт, Ф.Херольдын “Дэггүй лиз”-ийн Колас, Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын “12 жил”-ийн луу, И.Морозовын “Амттаны доктор”-ын усан үзэм, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой”-н Ноён, хүү, Л.Минкусын “Дон Кихот”-ын Базил, А.Хачатуряны “Спартак”-ын цэрэг, малчин, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Вацлав, А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур”-ын Атилла хаан, Ж.Бизегийн “Кармен Сюит”-ийн Хозе, “Ла ла ланд” мюзиклийн Йохан, H2O, O2 модерн балетын гээд гол дүрүүдийг нэрлэж болно.
2018 онд манай улсад анх удаа болсон Балетын олон улсын анхдугаар уралдаанд түүнийг оролцон, өрсөлдөж байхад “Сайхан балетчинтай болохньдээ” хэмээн бодож байлаа. Тэр уралдаанд Д.Нацагдорж мөнгөн медаль хүртэж, модерн төрөлд хүрлийн эзэн болсон юм. Дараа жил нь БНСУ-д болсон Солонгосын олон улсын уралдаанд амжилттай оролцож тусгай байрын шагнал хүртсэн. Тус улсын Бусан хотод болсон “Бусан” олон улсын бүжгийн уралдааны хүрэл медальтан. Орчин үеийн төрөлд шилдэг дэглээчийн шагнал авч байлаа. Мөн онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулсан Орос, Япон, Евразийн балетын уралдаанд тусгай байр эзэлсэн юм. Москва хотод хоёр жилийн өмнө болсон олон улсын А зэрэглэлийн уралдаанд театрынхаа гоцлооч, Гавьяат жүжигчин О.Анужинтай хослон бүжиглэж, манай улсад балетын урлаг аль хэр түвшинд явааг олон улсын шүүгчид, телевизийн сая сая үзэгч, сошиал ертөнцийнхөнд таниулсан уран бүтээлч бол тэр.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрж өссөн, тэндээ дунд сургуульд сурч байсан түүнийг ээж нь балетчин болгоно гэж Хөгжим бүжгийн коллежид шалгуулснаар алаг нүдэн хүү энэ л сургуулийн суралцагч, Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг багшийн шавь болсон түүхтэй.
Ээжийнх нь нэр А.Гантулга. Монгол бүжгийн багш, дэглээч, найруулагч мэргэжилтэй. Өдгөө Хөвсгөл аймагтаа хүүхэд, залуучуудын “Хөхөчү” хэмээх театр байгуулахаар зүтгэж яваа хөдөлмөрч нэгэн. Аавынх нь нэр Б.Дашдорж. Монголын түүх судлаач, лектор. Тэрбээр судалгаагаа гүнзгийрүүлсээр “Монголын нууц товчоо” дахь нууцын талаар мэдээлэх томоохон бүтээлийг тун удахгүй олны хүртээл болгохоор зэхэж буй. Ийм гэр бүлийн ганц хүү өнөөдөр ирээдүйн амьдралаа балет дэглэн найруулдаг уран бүтээлч байхаар харж, алхам алхмаар урагшилсаар буй нь энэ.
Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллагсад цалин хөлс тааруу, амьдрах амаргүй байна гэсэн яриа ид үргэлжилж буй энэ үед балетчнаас энэ сэдвээр асуусан юм. Тэрбээр “Мэргэжилдээ дуртай хүмүүс нь ажилладаг. Түүнээс сарын цалин бол хоолонд ч хүрдэггүй. Гэр бүл зохиогоогүй тулдаа болгож байна. Гэр бүл төлөвлөж буй хүмүүс ийм цалингаар амьдрах боломжгүй. Тийм ч учраас балетчид бүгд давхар ажил хийдэг. Өөрсдөө студи байгуулсан нь чбий. Зарим нь бусдын байгуулсан төвд багшилдаг. Би ч гэсэн ийм л бодлоор балетмейстер мэргэжил сонгосон. Театртаа хэдэн жил ажиллах байх л даа. Түүнээс цааш яах вэ, яаж амьдрах вэ, гэр бүлтэй болбол яах билээ. Бодох юм их. Өмнөх үеүдэд ах нар юу гэж ярьдаг байсан нь мэр сэр сонсогддог л доо. Тэд гол дүрд тоглосон ч, туслах дүрд гарч, олны хэсэгт явсан ч адилхан цалин авдаг юм чинь олны хэсэгт хөвөөд явж байя гэдэг байсан гэсэн. Бие биеэ “Чи гоцол” гэдэг ч байж. Харин одоо бол 50-100 мянган төгрөгийн зөрүүтэй цалингийн тухайд нэг их бодохгүй, гагцхүү гол дүр бүтээх хүсэлтэй байдгаараа ялгаатай юм уу гэж хардаг. Залуусын сэтгэлгээ өөр болсон гэх үү дээ. Миний хувьд ур чадвараа ахиулах, мэдлэгийн хүрээгээ тэлэх, өөрийгөө сорих шаардлагаар гадаадад ажилладаг юм бил үү гэсэн бодолтой болсон. Балетчин нь тайзан дээр үзэгчдийн сэтгэлд хүртэл тоглож хүмүүст аз жаргал мэдрүүлж, энерги өгдөг ер бусын мэргэжил. Тэр хэрээр өөрөө аз жаргалтай болж байдаг. Амьдралын сайн, муу, жаргал, зовлонгийн талаар үг хэлэхгүйгээр ярьж өгдөг мэргэжил бол балет. Тайзан дээр ямар ч хөдөлгөөн хийхгүй зогссон ч хүмүүст юм хэлж, ойлгуулж байдаг ажил. Хичээх болгонд, өдөр ирэх тусам нэгийг нэмж мэддэг, мэдэрдэг нь балетчны мэдрэмж. Балетын ангийн сурагч байхад ээж нэг удаа “Миний хүү хэр их хичээж байна” гэж асуусан юм. Тэгэхэд нь би “Би том юман дээр л хичээдэг, жижиг сажиг зүйл дээр хичээдэггүй” гэлээ. Тэгэхэд ээж “Миний хүү тэгж болохгүй. Жижиг юмнаас том юм үүсдэг, ургадаг. Тийм болохоор хамгийн өчүүхэн санагдах зүйлийг ч маш няхуур хийж, гүйцэтгэж байгаарай. Тэгвэл том асуудлыг шийдэх амархан байх болно. Дусал далай болдог гэж чи мэднэ шүү дээ” гэж хэлсэн юм. Түүнээс хойш би ээжийнхээ энэ үгийг байнга санаж, аливаад нямбай хандахыг хичээдэг болсон. Бас манай Х.Мөнгөнхөлөг багшийн цагийн юмыг цагт нь чанартай хийх ёстой гэж сургасан дадал их тус болдог. Ийм сайхан ажлаа хангалттай цалинтайгаар сэтгэл хангалуун хийдэг бол сайхан л байна” гэж байлаа.
2008-2015 онд одоогийн Консерваторын Балет, циркийн сургуульд балетын жүжигчин мэргэжлээр суралцан төгссөн, залуугаасаа балетын гоцлоочоор ажилласан ийм нэгэн гүйцэтгэгч уран бүтээлч удахгүй балет хэрхэн тавьснаа харуулах нь ээ.