Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсан цагаасаа л шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард батлаад, 2020 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн эл хуулиар 18 телевизэд илт давуу байдал олгосон юм. Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн гэх тодотголтой бизнесийн байгууллага болох 18 телевиз 780 мянган айл өрх, аж ахуйн нэгжээс “татаас” авч байгаа юм. Тэгвэл телевизүүд олон нийтээс “татаас” авахыг эсэргүүцсэн иргэн Б.Пүрэв Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Түүний өмгөөлөгч, “Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Телевиз үздэггүй хэрнээ хураамж төлж байгаадаа иргэд бухимддагч хаана хандахаа мэддэггүй. Бас яагаад, ямар үндэслэлээр энэ хураамжийг төлөөд байгаагаа ч ойлгохгүй байна. Тэгвэл хууль, эрх зүйн ямар үндэслэлээр хураамж бий болгосон бэ гэдэгт юуны өмнө тайлбар өгөхгүй юү?
-Телевизийн хураамжийн эхнийх нь 2005 онд баталсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу зохицуулагдсан. Үүний дагуу Улаанбаатар хотын айл өрх бүр сард 1100, албан байгууллага 1650 төгрөг төлж байна. Улмаар 2020 оны долдугаар сараас эхлээд олон нийтийн бус, өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд сард 2500 төгрөгийн хураамж төлдөг болсон. Гэхдээ энэ нь ерөнхий үнийн дүн. Тодруулбал, “Юнивишн”-ий хэрэглээний багцаас хамаарч, түүний үнийн дүнгийн 15 хувиар уг хураамжийг тогтоож байгаа. Жишээ нь, манайх багцаасаа хамаарч 2350 төгрөг төлдөг. Бид олон нийтийн телевизэд төлж байгаа хураамжтай холбоотой маргаан гаргаагүйгээ онцолмоор байна. Дэлхий дахинд ч иргэд нь олон нийтийн телевиздээ хураамж өгдөг жишиг бий. Энэ бол эрүүл үзэгдэл. Харин 2020 оны долдугаар сараас хэрэгжүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд хандсан. Яагаад гэвэл дэлхийн аль ч улс оронд өргөн нэвтрүүлгийн телевиз нь иргэдээсээ хөлс авдаг тогтолцоо байхгүй. Тиймээс үүнийг хуульчлагдсан хулгай гэж үзэж байна. Боловсон байдлаар, хууль нэрийн доор иргэдээс мөнгө хурааж байгааг л бид шүүмжилж буй юм.
-Эл хуулийн төслийг анхнаасаа л хуудуутай боловсруулсан гэдэг байх аа?
-Хуулийг батлахаас өмнө буюу 2019 онд хэлэлцүүлгийн шатанд хураамжтай холбоотой заалт байгаагүй. Өөрөөр хэлбэл, Монголын телевизүүдийн холбоо гэж төрийн бус байгууллага нь нийтийн эрх зүйт хуулийн этгээд нэрийн доор иргэдээс хөлс аваад, гишүүн 18 телевиздээ хуваарилах зохицуулалт хуулийн төсөлд байгаагүй юм. Гэтэл хуулийг батлах үед гэнэт оруулж, нууц байдлаар буюу олон нийтээр хэлэлцүүлэлгүйгээр тусгасан байсан. Үүнийг одоо ч мэдэхгүй байгаа иргэн цөөнгүй бий. Тухайлбал, “Юнивишн”, “Скай медиа”-гийн хэрэглээний багцынхаа төлбөр дээр 18 телевизэд нэмж мөнгө төлж байгаагаа иргэд ойлгодоггүй. Энэ нь байж боломгүй асуудал учраас Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
-Цэц уг маргааныг хэлэлцэх тов гаргасан уу?
-Цэц мэдээллийг хүлээн авснаа мэдэгдсэн. Хэлэлцэх тов хараахан гаргаагүй байна.