“Сант марал” сангийн “Улс төрийн барометр” ээлжит, шинэ судалгааны дүн гарчээ. Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлын эл судалгааг 1995 оноос тасралтгүй хийж буй. Тус сангийн захирал Л.Суматитай ярилцлаа.
-Шинэ судалгааны үр дүн гарчээ. Энэ удаагийн судалгааны үр дүнгээс та юуг онцлох вэ?
-Манай судалгааг өмнөх жилийнхтэй харьцуулж, тухайн зүйлийнхээ чиг хандлагыг харахад дөхөм болдог. Өөрөөр хэлбэл, 1995 оноос хойш Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, тогтолцоонд ямар өөрчлөлт гарч байгаа нь манай судалгаанаас харагддаг. Сүүлийн хэдэн жилд “Ковид- 19”-өөс шалтгаалсан өвөрмөц зүйл ажиглагдсан.
Тодруулбал, 2019 онд эрх баригч намын байр суурь нэлээд тогтворгүй болж, төрийн удирдлага, эдийн засгийн бодлогыг нь шүүмжилж, дургүйцэх хандлага нэлээд анзаарагдаж эхэллээ. Харин коронавирусийн халдвар тархсанаар энэ бүхэн дарагдсан. Үндсэндээ нийгмийн амьдрал тэр чигтээ зогссон шүү дээ. Хүмүүсийн амьдрал ч хэцүүдэж, бизнес, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд томоохон цохилт болсон. Төр, засгаас ч шийдэмгий алхам хийж, халамжийн чиглэлээр дэмжлэг үзүүлснээр өрхийн амьжиргааны хувьд гайгүй өөрчлөлт гарч, үр дүнгээ өгсөн. Аз жаргалын индекс тогтоодог байгууллагын судалгаагаар ч манай улс шилдэг арван орны тоонд орчихсон байсан л даа.
Одоо цар тахал намжчихлаа. Монголын төдийгүй дэлхий нийтийн өмнө эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэсэн том асуудал тулгарчихаад байна. Ийм үед Засгийн газар тааруу арга хэмжээ авч буй нь харагдаж байна. Зөвхөн энэ Засгийн газрын буруу ч биш л дээ. Олон жил хуримтлагдсан тогтолцооны хямралтай зайлшгүй холбоотой. Төрийн бүх институц, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, улс төрийн нам гээд багануудынх нь рейтинг нэлээд буурчээ. Ялангуяа намуудын үзүүлэлт маш муу байна. Манайх 2019 онд Азийн сантай хамтран авлигын талаар судалгаа хийсэн юм. Намууд авлигын үзүүлэлтээрээ нэгт орсныг тус судалгаанаас харж болно. Гэтэл тэрхүү судалгааг 2006 онд анх хийж байхад намуудын рейтинг харьцангуй гайгүй, газрын алба, гаалийн байгууллага энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Намуудаас гадна Засгийн газар, хуулийн байгууллагуудын үзүүлэлт буурсан нь тогтолцооны хямрал нэлээд ширүүсэж байгаагийн илрэл. Харин төрийн бус байгууллагуудын рейтинг өссөн байна. Монголын нийгэмд аажим ч болов тэднийг үнэлж байгаа нь сайн хэрэг.
ОЛОН ЖИЛ ЭРХ БАРЬЧИХААД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ НЬ ӨӨРСДИЙНХ НЬ Л БУРУУ БИЗ ДЭЭ
-Тогтолцооны хямралын үед нийгэмд илэрдэг өөрчлөлтүүд танай судалгаанаас ажиглагдав уу?
-Сүүлийн бүх судалгаанаас харагдаж байна. Жишээ нь, улс төрийн тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл эрс буурсан. Уг нь онолын хувьд энэ үзүүлэлт бол гол хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл, тогтолцоо нь ямар түвшинд байгааг үүгээр илэрхийлдэг. Итгэл нь гайгүй бол улс төрийн тогтолцоо нь хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Харин итгэл байхгүй бол миний хэлээд байгаачлан институц, баганууд нь ажиллахгүй, анхаарах шаардлагатайг сануулаад байгаа юм. Үүнийг улстөрчдийн зарим нь ойлгосон байх. Засах ажлыг нь Үндсэн хуулиас эхлүүлдэг сонгодог арга бий ч түүнийг өөрчлөх, шинэчлэх үйл явц миний хувьд их сонин санагдаж байгаа. Ер нь Үндсэн хуулийг засаж, сайжруулахаар ажиллаж байгаа, эсэх нь бодитой харагдахгүй байна. “Косметик” шинж чанартай, баглаа боодлыг нь солих төдий, цаад утга агуулгыг нь сайтар ухалгүй, үлдээж мэдэх талтай.
-Уг нь эрх баригчид тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж яриад байгаа шүүдээ.
-Тэд тогтолцооны өөрчлөлтийн талаар ярьж суух биш, хийх хэрэгтэй. Хийсэн зүйлийг нь би л лав харахгүй байна. Тэр тусмаа сонгуулийн өмнө дорвитой өөрчлөлт хийхээс айгаад байх шиг. Олон жил дараалж эрх барьчихаад юу ч хийгээгүй нь өөрсдийнх нь л буруу биз дээ. Уг нь томоохон өөрчлөлтийг сонгуулийн дараа хийдэг ч албан тушаал хуваарилах гэх мэт ажилдаа анхаарал хандуулаад гол асуудлаа орхичихдог нь манайд нэгэнт тогтсон жишиг болчихож.
НЭР ХҮНД НЬ ӨНДӨР ХҮМҮҮСИЙН ДУНД Л СОНГУУЛИЙН ГОЛ ӨРСӨЛДӨӨН ӨРНӨХ БАЙХ
-Намуудад асар их асуудал байгааг бас ч гэж ярьдаг болсон байна. Энэ удаагийн судалгаагаар тэдэнд “но” байгааг илэрхийлэх өөр ямар үр дүн гарав?
-Хэд хэдэн сонгуулиар тодорхой ажиглагдсан зүйл нь намаа дэмжих биш, эсрэг санал өгөх явдал. Өөрөөр хэлбэл, аль нэгэн намд өгсөн санал нь үнэндээ түүнийг дэмжиж буй хэрэг биш. Нэг намын эсрэг байгаагаа илэрхийлэхийн тулд нөгөөд нь саналаа өгч байгаа юм. Сүүлийн үеийн сонгуулиар ажиглагдаж буй “цагаан сонголт” хийж, хэнийг ч дэмжихгүйгээ илэрхийлж буй явдал ч үүний илэрхийлэл. Энэ удаагийн судалгаагаар ч хэд хэдэн үзүүлэлтээр тодорхой харагдлаа. Жишээ нь, аль намд саналаа өгөх вэ, алийг нь онцолж үзэж байна вэ гэсэн асуулт манай судалгаанд бий. 1990-ээд оны эхэн үеийн судалгаанд яг ийм асуулт байгаагүй. Гэхдээ “Хамгийн сайн нам нь аль вэ” гэж асуухад бараг 70-аас доошгүй хувь нь ямар нэгэн намыг нэрлэж байсан. Гэтэл одоо буурсаар 20 гаруйхан хувьд хүрлээ. Энэ нь нам гэдэг институц манайд хэцүүхэн хямралд өртсөнийг бас л харуулж байгаа юм. 2000-аад оны эхэн үе хүртэлх сонгуулиудыг харвал нөлөө бүхий хоёр нам суурь сонгогчидтой байсан. АН, МАН-ын аль алинд нь өгсөн саналын 20 орчим хувь нь суурь сонгогчдынх байсан бол одоо тэр нь үгүй болчихсон. Жишээ нь, Ардын намын суурь сонгогчдын нэлээд хэсэг нь хөгшчүүд байсан нь алга болсон. МАН бол инерцээрээ, социализмын үеэс шилжиж ирсэн сонгогчдынхоо хүчээр нэлээд явлаа шүү дээ. Гэвч тэд суурь сонгогчдоо бэлдэж чадаагүй. Ер нь эрх барьж байгаа нам төрийн албан хаагчдыг суурь сонгогч болгох гэж оролддог ч үүнд тэгтлээ найдаад хэрэггүй болов уу.
Мөн “Хэрвээ Засгийн газар таны хүлээж байгаа зүйлийг нь биелүүлж чадахгүй бол яах вэ” гэсэн асуултад “Сонгуульд оролцож энэ Засгийн газрыг солих талаас нь оролдоно” хэмээх хариултыг сонгох нь өссөөр бараг 30 хувьд хүрсэн байна. Түүнчлэн “Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэж асуусан. Үүнд маш том хэсэг нь буюу 61.2 хувь нь “мэдэхгүй” хэмээн хариулсан байна. УИХ-ын ээлжит сонгууль жилийн дараа болох ёстой. Ийм хариулт өгч байгаа хэсэг нь тун удахгүй болох гэж буй сонгуулиар яаж хуваагдах бол гэдэг нь сонирхолтой. Том гэгддэг хоёр намын хувьд рейтинг гэхээр зүйлгүй болчихоод байна шүү дээ. Ийм тохиолдолд тэд жижиг намууд болон бие даан нэр дэвшигчидтэй өрсөлдөхөд хэцүү. Өрсөлдүүлэх хүмүүсийнх нь хувь хүний нэр хүнд хангалттай өндөр, сонгуулийн кампанит ажлаа маш сайн явуулж чадах, эсэхээс ихээхэн хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хувийн нэр хүнд нь өндөр байгаа хүмүүсийн дунд л ирэх сонгуулийн гол өрсөлдөөн өрнөх байх. Тиймээс намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ сайн бодох ёстой. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг хумивал том, жижиг гэлтгүй бүх намд хэцүү. Төдийлөн танигдаагүй хүмүүсийг баг болгон нэр дэвшүүлж, хамтад нь сонгуулах аргыг өнгөрсөн сонгуулиар хэрэглэж байснаа ирэх сонгуулиар мартах хэрэгтэй.
АН-ЫН РЕЙТИНГ ЭРХ БАРИГЧДЫНХААС Ч ИЛҮҮ УРУУДСАН
-Намууд ямар байдалд буйгаа бодитоор хүлээн зөвшөөрөхгүй, тоохгүй, дорвитой арга хэмжээ авахгүй яваад байвал ямар хохирол амсах вэ?
-Манай намууд тулгамдаж буй хэцүү асуудлаа засаж, сайжруулсан нь тун ховор. Харин ч улам дордуулж, муутгахдаа сайн гэдэг нь олон зүйлээс харагддаг. Сонгууль болтол үлдэж буй нэг жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт гарна гэж бодохгүй байна. Нэр хүнд нь ерөнхийдөө уруудаж байгаа учраас намаас нэр дэвших эрх авч чадаагүй хүмүүсийн хувьд “тоглолт” хийх боломж бүрдэж байгаа юм. Энэ байдлаараа ирэх сонгууль их сонирхолтой болох байх. Төв Азидаа ардчиллын загвар, үлгэр жишээ болж байсан манай улс энэ байр сууриа алдах эрсдэл ч харагдаж байна. Саяхан Казахстаны сонгууль болж, олон жилийн турш сонгогчдоос 80 гаруй хувийн дэмжлэг хүлээж ирсэн эрх баригч нам нь 50 орчим хувийн санал авсан байна. Улмаар жижиг намууд олноор гарч ирлээ. Хөндлөнгийн ажиглагчдын хэлж буйгаар ардчилсан зарчмыг бодитой баримтлан сонгууль хийжээ. Энэ бол Казахстанд шинэ, сайн үе эхэлж, тогтолцооны хувьд зөв зүг рүүгээ явж байгаагийн шинж. Ардчиллын үлгэр жишээ орон хэмээх байр сууриа манайх энэ улсад шилжүүлэх цаг нь ирсэн ч байж магадгүй. 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Казахстанаас төлөөлөгчид ирж, манай тогтолцоог судалж байсан түүхтэй. Харин одоо бид тэдний туршлагаас суралцах нь үр дүнтэй бололтой. Яах вэ, сонгууль дөхөөд ирэхээр намуудын рейтинг нэмэгдэнэ л дээ. Гэхдээ нэр хүндийнх нь уналт олон жилийн турш үргэлжилж байгаа. АН-ын нэр хүнд эрх баригчдынхаас ч илүү уруудсан байгаа юм. Гол хоёр нам нь ингэж шалдаа бууж байхад тэр орон зайд орж ирэх хүчин ч алга байна шүү дээ. ХҮН намын рейтинг ч муу байна. Гуравдагч, жижиг намын орон зай Монголын улс төрд алга, тэрийг нь устгачихсан шүү дээ. Жижиг гэгддэг намууд нь хамтарч ажиллаж буй тохиолдолд нөхцөл байдал тэс өөр тийшээ явна.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр парламент хэлэлцэж байна. Та төслийг нь харав уу?
-Парламентын гишүүдийн талыг нь мажоритар, талыг нь пропорциональ тогтолцоогоор сонговол сонин дүр зураг ажиглагдах байх. Жишээ нь, хувь тэнцүүлсэн хувилбараар явуулах сонгуулийн босго ямар байх вэ гэдэг нь чухал. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгогчдын гурваас доошгүй хувийнх нь саналыг авах босго тавьсан байгаа нь өндөр биш ч Монголын хувьд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Ер нь жижиг намын рейтинг лидерийнх нь нэр хүндтэй шууд холбоотой байдаг.
МЭРГЭЖЛИЙН БАГААР УДИРДУУЛАХ НЬ ЗӨВ ГЭСЭН ХАНДЛАГА ӨСӨЖ БАЙНА
-Улс төрчдийн рейтинг тогтоосон судалгаа нэлээд анхаарал татдаг. Танай судалгаанд бас бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-1990-ээд оны эхээр хувь улстөрчдийн рейтинг ч нэлээд өндөр, зарим тохиолдолд 50 хувьд ч хүрч байсан. Манай судалгаа оролцогчдодоо нэр хүнд бүхий гурав хүртэлх улс төрчийг нэрлэх боломж олгодог юм. Харин жил ирэх бүр нэрлэх улстөрчгүй болж, энэ асуултад хариулахгүй үлдээх нь нэмэгдэж байна. “Ковид-19” цар тахлын үеэр улстөрчдийн нэр хүнд бага зэрэг өссөн ч энэ судалгаагаар бүгдийнх нь унажээ. Намын рейтингийг дагаад улстөрчдийнх нь нэр хүнд ч уруудаж байна гэсэн үг.
-Сүүлийн үед улс төрчид парламентын ардчиллыг бэхжүүлэх тухай их ярих боллоо. Засаглалын хэлбэрийн талаарх олон нийтийн санаа бодол ямар байна вэ?
-Бид судалгааныхаа хүрээнд 2008 оноос улс төрийн системийн загвар болгонд манай улс орныг удирдах боломжийн талаар асууж байгаа юм. Парламент болон сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байхыг дэмжсэн хандлага аажмаар буурч буй. Харин төрийн бодлогыг Засгийн газраас хамааралгүй боловсруулдаг мэргэжлийн буюу шинжээчдийг баг (элитийн удирдлага)-аар удирдуулах нь зөв гэсэн хандлага өсөж байна. Улс орныг ингэж удирдах нь “маш сайн” гэж 32.3 хувь нь хариулсан байгаа нь ард түмнээс сонгогдсон хүмүүсээс бүрдсэн ардчилсан удирдлагын системийг дэмжигчдээс давсан үзүүлэлт юм. Төрийн удирдлагад мэргэжлийн хүмүүс байх ёстой гэсэн шаардлага үүгээр илэрч байгаа юм.
АВЛИГАТАЙ ХОЛБООТОЙ АЖЛЫГ НЬ АМЖИЛТ ГЭХЭЭС ИЛҮҮ АЛДАА ГЭЖ ДҮГНЭСЭН НЬ ОЛОН
-Засгийн газрын амжилт болон алдаа нь юу вэ гэдэгт аль алинд нь авлигын асуудал тэргүүлсэн байна лээ. Энэ нь юуг илэрхийлж байна вэ?
-Засгийн газраас сүүлийн үед авлигатай тэмцэх арга хэмжээ авч байгаа болохоор гарцаагүй тэр нь үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын амжилтуудыг “авлигыг багасгах” чиглэлд хийж буй ажил нь 17.1 хувийн саналтайгаар тэргүүлсэн байгаа юм. Өмнөх жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлууд нь амжилт болж байсан. Гэтэл Засгийн газрын алдааг нь бас л авлигын асуудал 28.7 хувьтайгаар тэргүүллээ. Өөрөөр хэлбэл, авлигатайхолбоотойажлыгньамжилт гэхээс илүү алдаа гэж харж, дүгнэсэн нь олон байна. Хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь хүлээлтэд хүрэхгүй байна гэсэн үг шүү дээ. Иймд авлигыг багасгах чиглэлээр хийж буй Засгийн газрын арга хэмжээ нь сонгуульд хэр нөлөөлөх бол. Уг нь энэ чиглэлээр нарийвчилж судалмаар байгаа юм. Авлигын гэмт хэргийг олноор илрүүлж байгаа нь нэг талаас сайн. Зарим улс орон огт авлигагүй юм шиг атлаа далдуураа асар их байдаг ч тохиолдол бий. Гэхдээ “Транспэрэнси интернэшнл” байгууллага авлигын индексийг тооцож гаргахдаа хэдэн хэрэг илрүүлсэн бэ гэдгийг харгалздаггүй. Олон улсын томоохон байгууллагуудын үзүүлэлт, хуулийн хэрэгжилт гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг нэгтгэн тооцдог. Монголд авлига ийм хэмжээнд байхад хийсэн ажлынх нь үр дүн түүнийг гүйцэхгүй, тогтолцооны хэмжээнд арилахгүй байна гэсэн үг шүү дээ. Ганц, хоёр хүнийг шоронд суулгаад авлига арилахгүй. УИХ, Засгийн газар, хуулийн байгууллагууд, намууд нь авлигын жагсаалтыг тэргүүлсээр байгаа цагт “косметик ажил” хийж буй мэт хэдэн хүн баривчлаад үр дүнд хүрэхгүй.
“МӨНГӨ ТАРААЖ, ИРГЭН БОЛГОН ХҮРТЭХ ЁСТОЙ” ГЭСЭН НЬ БАРАГ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН
-Иргэдийн хувьд үнийн өсөлт том асуудал болсон нь судалгаанаас илт харагдаж байна. Та энэ тухайд тодруулахгүй юу?
-Тийм, үнийн өсөлт Засгийн газрын алдаа болж, хоёрдугаарт бичигдсэн. Үүнээс гадна манайд тулгамдсан асуудлуудын нэгдүгээрт үнийн өсөлтийг нэрлэсэн байна. Уг нь манай судалгаагаар олон жилийн турш Монголын тулгамдсан асуудлын нэгдүгээрт ажилгүйдэл бичигдэж ирсэн байдаг. Мэргэжлийн бус баг үнийн өсөлттэй тэмцэх арга байхгүй. Яагаад гэвэл өнөөгийн үнийн өсөлт зөвхөн манай асуудал биш, дэлхий даяараа үүнийг хэрхэн даван туулах вэ гэдгийг ярьж, жагсаж байна шүү дээ. Энэ байдал сонгуульд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодох л асуудал. Нөгөө талаас эрх баригч намын байр суурь хэцүүхэн байгаа нь эндээс харагдаж байна.
Мэдээж үнийн өсөлтөд ядуус түрүүлж нэрвэгдэнэ. Бас нэг анхаарууштай үр дүн бий. “Уул уурхайн ачаар төрийн төсөв нэлээд нэмэгдсэн. Энэ төсвийн зарцуулалтын талаар та ямар бодолтой байна вэ” гэж асуухад “Мөнгө тарааж, иргэн болгон хүртэх ёстой” хэмээх хариулт өгөх нь бараг хоёр дахин нэмэгдэж, 12.7 хувьд хүрсэн байна. Монголын нийгмийн дундаж давхаргынхны амьдрал бас хэцүүдэж байгаагийн нэг дохио нь энэ болов уу. Манай дундаж давхаргынхан Хятад, Оросынхтой нэлээд төстэй болж байгаа нь анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгөн дээр дундаж давхарга тогтож байна. Төсөв буурвал тэд бас дагаж хямарна гэсэн үг. Америкт дундаж давхаргыг нь жижиг, дунд бизнес эрхлэгчид түлхүү бүрдүүлдэг байх жишээтэй. Гэхдээ аль ч нийгмийн тогтвортой байдлынх нь гол баталгаа нь дундаж давхарга нь байдаг. Энэ давхаргад өөрчлөлт орж байгаа нь бас л тогтолцооны хямралын илрэл. Үүнийг тогтвортой болгоход мөн л мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Эрх баригчид ийм байдлыг өөрчлөхгүй бол сонгуулиар хатуухан зүйлтэй нүүр тулахаар байна.
-Манай улс ардчиллын индексээр байр ухарч буй. Ардчиллын үнэт зүйлсийн талаар ч танай судалгаанд байдаг юм билээ.
-Манай судалгаанд оролцогчид ардчиллын үнэт зүйлсийг эрэмбэлэхэд “хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг нь нэгдүгээрт бичигдсэн. Хуулийн өмнө эрх тэгш байх нь либерал нийгмийн тулгын чулуу юм. Энэ нь нэг талаас Монголын нийгэмд ийм шаардлага байгааг харуулж буй хэрэг. Улмаар хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна уу гэдэг асуултыг гаргаж ирж байгаа юм. Гэвч тэр нь алга. Өөр бусад асуултын хүрээнд ч хууль дээдлэх зарчим муу хэрэгжиж байгаа нь харагдаж буй.
Өнгөрсөн зуунд дэлхий хоёр системд хуваагдахдаа үнэт зүйлсээрээ ялгарсан юм. Америк болон барууныхан эрх чөлөө, ЗХУ, Хятад тэргүүтэй коммунист талынхан шударга ёсыг илүүд үзэж хуваагдсан. Уг нь эрх чөлөө, шударга ёс хоёр нь хоорондоо харш зүйл биш юм. Өнөөдөр эргээд харахад дэлхийд эрх чөлөө нь хангалттай үлдэж, шударга ёс бага зэрэг хумигдаж байгаа нь манай судалгааны үр дүнгээс ч бодитой ажиглагддаг. Монголын нийгэмд шударга, шударга бусын аль нь давамгайлж буйг асуухад 70 гаруй хувь нь шударга бус нь илүү байна гэж хариулж байсан бол энэ удаа 90 гаруй хувьд хүрлээ. Үүнээс болж эрх чөлөө нь хумигдвал нийгэм бас л сайнаар хүлээж авахгүй. Ялангуяа Монгол шиг нүүдэлчний нийгэмд эрх чөлөө юу юунаас илүү үнэ цэнтэй. Эрх чөлөө ч үгүй, шударга ёс ч үгүй болох үед хувьсгал гардаг.