Мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техник эзэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил Шинэ Зеландын “Шэйр Монголиа” ТББ-ын Монгол дахь салбарынхан тус улсын мэргэжлийн багш нартай хамтран Архангай, Завхан, Булган, Дорнод аймагт үнэ төлбөргүй сургалт явуулжээ. Уг сургалтыг амжилттай төгссөн малчдаас аймаг бүрээс нэгийг шилдгээр шалгаруулж, тус улсад ажиллангаа суралцах боломж олгосон билээ. Өөрөөр хэлбэл, дадлагажих хөтөлбөрийн хүрээнд монгол малчдыг мэргэжлийн хонь ноослогч болгон бэлтгэсэн юм. Шинэ Зеландад мэргэжлийн хонь ноослогчоор хоёр сарын хугацаанд суралцсан залуус өчигдөр эх орондоо иржээ. Тэд өдөрт 250 гаруй хонь хяргадаг болсон гэнэ. Тодруулбал, 07.00-17.00 цагийн хооронд 1000 хонь хяргадаг болжээ. Тэд зөвхөн хонь хяргах туршлага судлахаас гадна утас ээрэх сургалтад ч хамрагдсан байна.
“Шэйр Монголиа” ТББ-ын Монгол дахь салбарыг хариуцагч Ш.Дэлгэрмаа “Анх таван удаагийн сургалтад 74 хүн хамрагдаж, зургаан малчин Шинэ Зеланд руу явахаар болсон. Гэсэн ч хоёр хүний виз гараагүй тул дөрвүүлээ явсан юм. Анхны суралцагч дөрвөн залуу ирэх жил бас Шинэ Зеландад очиж ажиллах урилгатай ирлээ. 1950-иад оны үед малчид цахилгаан машинаар хонио хяргадаг байсан ч нэгдэл задарснаар уг арга орхигдсон. Одоо малчид хайчаар хонь хяргадаг шүү дээ. Хайчаар өдөрт дээд тал нь 30 хонь хяргах боломжтой. Харин цахилгаан машинаар 250 хонь хяргана. Цагийн бүтээмж, ноосны гарц нэмэгдэхээс гадна гологдол гарахгүй. Түүнчлэн ажлын байр бий болно. 1000 хоньтой айлд 5-6 хүн 15-16 хоногт хийх ажлыг нэг өдөрт л гүйцэтгэнэ гэсэн үг. Хонины ноосоор органик бордоо хийдэг “Мон пеллетс” ХХК-ийнхан уг түүхий эдийг газар дээр нь худалдан авдаг зэрэг олон давуу талыг манай хөтөлбөр олгодог” гэлээ. Сонирхуулахад, “Шэйр Монголиа” ТББ- ын хамт олон энэ зун хонь хяргах явуулын мэргэшсэн багтай, иж бүрэн тоноглосон чиргүүлийг танилцуулах гэнэ. Уг ажлын хүрээнд Шинэ Зеландаас хөдөлмөр хөнгөвчилсөн, ноос тээвэрлэх зардлыг гурав дахин хэмнэдэг шахагч-пресслэгч, гар машин болон ирлэгч машин хандивлажээ.