Оршин суугч бүр төлбөрөө цаг тухайд нь өгдөггүйгээс СӨХ дорвитой ажиллаж чаддаггүй гэдэг. Тиймээс СӨХ-нд төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй, олон сар, жилийн өртэй өрхийн мэдээллийг Монголбанкны “хар жагсаалт”-д оруулах саналыг Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл гаргажээ. Үүний талаар тус зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодруулахад “Ганцхан СӨХ бус, орон сууцын контор ч айлуудаас хэрэглээний төлбөрөө авахад хэцүү байгаа. Тухайн өрх цахилгааны төлбөрөө төлөөгүй бол эрчим хүчний хэрэглээг нь хязгаарладаг. Гэтэл ус, дулаан, СӨХ-ны төлбөр төлөөгүй өрхөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Зөвхөн шүүхэд хандана гэсэн эрх зүйн зохицуулалт бий. Тиймээс өдгөө боловсруулж буй Орон сууцын ашиглалтын тухай хуулийн төсөлд төлбөрөө төлөөгүй иргэн, өрхөд хязгаарлалт хийх зохицуулалт оруулж өгөөч гэсэн саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн, хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарт хүргүүлсэн. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд эрчим хүч, гар утасны хэрэглээний төлбөрөө төлөөгүй иргэний мэдээллийг оруулах зохицуулалт, журам бий. Үүнд бас СӨХ болон ус, дулааны төлбөрөө төлөөгүй иргэний мэдээллийг оруулж өгөөч гэсэн саналаа Монголбанканд хүргүүлсэн” гэлээ.