Засгийн газраас оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлд олгодог уламжлалт “Мөнгөн мод-2022” шагнал гардсан, “Guyuk metaverse”-ийг хөгжүүлэгч “Дижитал солюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Энхбаярыг ярилцлагад урьсан юм. “Guyuk metaverse” 10 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй боллоо”, “Аялал жуулчлалын ордон байгууллаа”, “Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах бол алийг нь сонгох вэ”, “Метаверс рүү нэвтрэхээс өмнө хэлээ сонго”. Тус байгууллагынхны ажилтай танилцаж эхлэхэд энэ мэт мэдээлэл, зөвлөгөөтэй таарав. “Guyuk metaverse” гэдэг нь монгол туургатны 3D виртуал орчинд суурилсан нийгмийн сүлжээ аж. Тэнд юу байдгийг мэдэхийг хүсвэл энэ талбар луу нэвтрээд үзмээр юм билээ. Хоёр жилийн өмнөөс “Мөнгөн мод” наадмын хүрээнд соёл урлагийн чиглэлийн цахим шийдлүүдээс онцолдог болсон нь дэвшил хэмээн ярьж эхэлсэн А.Энхбаяр багшийн хэлсэн бүхэн сонирхолтой байлаа.
-Та эхлээд байгууллагаа танилцуулна уу.
-Манайх бол МУИС-ийн дэргэдэх гарааны бизнесийн “Дижитал солюшнс” гэдэг компани. Сургуулийн компьютер графикийн судалгааны лабораторийн ажлын үр дүнд бий болсон технологийг хөгжүүлэн, инновацын бүтээгдэхүүнүүд гаргах зорилгоор багш, оюутнууд хамтарч байгуулсан. Бид бодит орчинд байгаа зүйлийг компьютерт хийсвэрээр бүтээх чиглэлийн ажлууд хийж байна. Урлагийн салбарт янз бүрийн технологи нэвтрүүлсний нэг нь музейг VR буюу виртуал реалити хэмээх баяжуулсан бодит мэт байдалд үзэх юм. Компьютероор үүсгэсэн орчинд тусгай төхөөрөмж зүүн аялж, танилцах боломжийг уг технологи олгодог.
-Ийм сүлжээ үүсгэх санал, санаачилга хэнийх вэ?
-Сургалтын ажлын л үр дүн юм. Бид “Виртуал Хархорин” төсөл хэрэгжүүлж, 800 жилийн өмнөх Хархорин хотыг байгуулсныг хүмүүс сайн мэддэг. Үүнтэй адил төрөл бүрийн музей үзэж, аялал жуулчлалын ордноор үйлчлүүлж, өв соёлын тухай мэдлэг олж авах боломжтой. Цагаан сарын баяр гэж юу болох, хэрхэн золгох тухай мэдээлэл бүхий орчин бий болгосныг хэрэглэгчид их сонирхсон. Олноор нэгдсэн. Оролцогч бүр ширээ зассан гэрт орж ирж золгосон. Мэдэхгүй хүн баганын хоорондуур гарах гэвэл явуулахгүй. Яагаад гэдгийг тайлбарлаж өгдөг. Ууц тавих ёсон болон янз бүрийн тоглоом, наадгайн тухай мэдээлэл ч бий. Шагай няслах, дөрвөн бэрх буулгах зэрэг тэмцээн зохион байгуулсан маань их сонирхолтой болсон. Цагаан сарын тухай мэдэх гэж 21 улсаас 10-аад мянган хүн холбогдсон шүү.
-Тийм олон хүнийг нэг гэрт яаж багтаадаг юм бэ?
-Гэрт хэдэн хүн багтдаг билээ, тэр тооны хүнийг оруулдаг. Нэг дор буюу нэг серверт 50 хүн байхаар тооцоолсон. Хүмүүс нэг өдөр, нэг цагт орох албагүй. Өглөө, өдөр, орой хэдийд ч хүн орж ирэхэд гэр нээлттэй байна л гэсэн үг. Ер нь түүх, өв соёл, Монголынхоо үзэсгэлэнт байгалийн тухай мэдээлэл, мэдлэгийг залууст сонирхолтой, өвөрмөц хэлбэрээр хүргэх зорилгоор янз бүрийн төсөл хэрэгжүүлж ирлээ.
-Улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Отгонтэнгэр хайрхан, Хяргас нуурт ч “зочилж” болох нь ээ?
-Эдгээр үзэсгэлэнт газрын алинд нь ч очиж үзэх боломжтой. Зураг биш, гурван хэмжээст ертөнц гэдгээр ялгаатай. Бүх талаас нь харж болдог. Хадны цаана юу байгааг харж ч болно. Бодит юм шиг мэдээлэл гэдэгтэй та санал нийлж байна уу. Байгаа газраасаа бодит юм шигээр мэдэрч, их мэдээлэл авах боломжтой. Тухайлбал, газар зүйн хичээлийн багш гэр гэртээ байгаа сурагчдаа энэ ертөнцдөө цуглаад, хамтдаа аялж болно гэсэн үг. Энэ аялал жуулчлалын ордныг Соёлын яамтай хамтарч байгуулсан юм. Ер нь бид компьютерт 25 км-ийн радиустай зай талбайд хот байгуулж эхэлж байна. Өнөөг хүртэл байгуулсан бүхэн энэ хотод байгаа гэсэн үг. Түүх, өв соёлоо өвөрмөц байдлаар, өөрөөр хэлбэл, технологийн дэвшил ашиглаж залуу үедээ түгээн дэлгэрүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх, тэгш байдлыг хангаж, түгээлтийг сайжруулах зорилгоор энэхүү метаверсийг байгуулсан. Энгийнээр хэлэхэд, компьютерт үүсгэсэн хийсвэр ертөнц. Хүмүүс ийшээ гар утас, компьютер зэрэг төхөөрөмж ашиглан өөрийнхөө 3D модельтой орж болно.
-Фэйсбүүкийн мессенжерээр ярьдагтай адил холбогдож болдог юм байна шүү дээ.
-Тийм. Дуу авианы тухайд тодруулахад, энэ хийсвэр ертөнцөд бүх хүн хоорондоо яривал шуугиан гэж замбараагүй болно. Тиймээс 20 метрийн дотор байгаа хүмүүс л хоорондоо ярих боломжтойгоор зохицуулдаг.
-Танай байгууллагын ойрын ирээдүйд хийх ажлыг сонирхъё.
-Бид удахгүй боловсролын экспо зохион байгуулахаар бэлтгэж байна. Дэлхийн, улсынхаа хаанаас ч үүнд нэгдэж болно. “Мишээл экспо”-д их, дээд сургуулиуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахад орон нутгийнхан хоцордог. Харин метаверс орчинд бүгдийг багтаах боломжтой. Экспог БШУЯ-тай хамтран зохион байгуулах юм. Сургуулиудыг танилцуулахаас гадна хүүхдүүдэд мэргэжил сонгоход нь туслах зөвлөгөө, мэдээлэл түгээнэ. Экспо ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх юм.
-Тэгэхээр ирээдүйд хүмүүс виртуал ертөнцөд амьдрах нь хэвийн зүйл болно гэсэн үг үү?
-Тийм. Цаг үеийн шаардлага юм даа.
-Хүн төрөлхтний ирээдүй ийм байх нь гэж ойлгож болох уу?
-Яг тэгж хэлэх аргагүй л дээ. Хүмүүс фэйсбүүк, инстаграм хэрэглэхийн оронд гурван хэмжээст ертөнцийг сонгох болжээ.
-Энэ технологи өндөр хөгжилтэй орнуудад өргөн дэлгэрсэн үү?
-Одоо ид хөгжиж эхэлж байна. Аль ч улс оронд хүүхэд, залуус төрөл бүрийн гурван хэмжээст тоглоом тоглодог шүү дээ. Тэр сонирхол, хэрэгцээнд нь тулгуурлаж түүх, өв соёлын мэдлэг олгох орчин үүсгэж байгаа юм.
-Энэ талбарт монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа бололтой. Хэрвээ та бүхэн үүнийг хийгээгүй, суралцаагүй бол гэж бодогдлоо.
-Шаардлагатай гэж үзвэл АНУ, Япон, БНСУ-ын технологичдын хийснийг өндөр үнэ төлж авах хэрэг гарах байх даа.
-Та энэ чиглэлийн мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
-Би математикч. МУИС-ийн математикийн анги төгссөн. Хожим Япон Улсын Ивата их сургуульд компьютер графикийн чиглэлээр суралцаж дүүргэсэн. Гурван хэмжээст загварчлал, виртуал орчинд соёлын өв байгуулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэндээ нэлээд хэдэн жил ажиллаж байгаад найман жилийн өмнө Монголдоо ирж, сургуулийнхаа дэргэд судалгааны лаборатори байгуулан, сурснаа оюутнууддаа зааж эхэлсэн юм. Удалгүй энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцаж, ажиллах сонирхолтой залуустайгаа хамтраад гарааны компани байгуулсан. Инновацын тухай хуульд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ гарааны компани байгуулж болно гэж заасан. Үүний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
-Виртуал орчинд соёлын өв байгуулах гэж ярьдаг юм байна, тийм үү?
-Тийм ээ, зурах биш, байгуулдаг.
-Танай тэнхимд хэдэн багш энэ чиглэлээр хичээл заадаг вэ?
-Гурван багш ажиллаж байгаа.