Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өчигдөр үдэш болж, шилдгүүдээ тодруулав. “Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг шалгаруулсан. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагнасан.
14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдөв. Наадмын энэ жилийн онцлог нь Мөнгөн мод цомыг хэн нэг улстөрчид олгохгүй байх шийдвэр байлаа.
2022 оны шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.
Шилдэг дуучин: Т.Баатархүү
Тэрбээр “Монгол кантри мюзик” урсгалыг танилцуулсан анхны бие даасан тоглолт хийсэн бөгөөд “Сэтгэл нэрнэ” анхны цомгоо АНУ, Япон, Солонгос, Герман, Австрали зэрэг улс болон itenes, spotify зэрэг 150 орчим цахим дэлгүүрээр цомог нь түгээн борлуулагджээ.
Шилдэг хөгжмийн зохиолч: Х.Алтангэрэл
1996 оноос хөгжмийн бүтээлүүд бичиж эхэлсэн бөгөөд Герман улсын Гамбург хотноо “Торгоны зам” төслийн долоо дахь тоглолтод төгөлдөр хуурын “Прелюди” бүтээл, ОХУ-ын Алтайн хязгаар “Олон улсын хөгжмийн зохиолчдын II наадам”-д “Чин ван Ханддоржийн ари”-гаар тус тус оролцжээ.
Тайз, дэлгэцийн шилдэг зохиолч: Ц.Бат-Оргил
Гэртүүн анимейшнийг 2019 онд үүсгэн байгуулсан бөгөөд Мөнх тунх 2D анимейшний 50 ангийн зохиолыг бичиж 2022 онд үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү зохиолоор бүтсэн анимейшн нь цахим орчинд нийт давтагдсан тоогоор 100 сая үзэлтийн хандалт аваад байгаа юм.
Шилдэг судлаач: Б.Баатархүү
Түүний судалгааны чиглэл нь Монгол угсаатны түүх, соёл, ёс заншил, соёлын биет бус өв бөгөөд судалгааны бүтээл 16, эрдэм шинжилгээний өгүүлэл 27, эрдэм шинжилгээний илтгэл 30, 2022 онд дотоод болон гадаадад болсон эрдэм шинжилгээний хуралд 12 илтгэл хэлэлцүүлснээс гурваас дээш оролцоотой эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.
Шилдэг бүжигчин: Ө.Мөнхжин
Тэрбээр ОХУ-ын Москвагийн олон улсын балетын 14 дэх удаагийн тэмцээнд тусгай байр, БНСУ-ын олон улсын балетын 15 дахь удаагийн тэмцээнд нэгдүгээр байрт шалгарчээ.
Шилдэг хөгжимчин: Э.Цэндсүрэн
ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, хуучирч тэрбээр улсын болон олон улсын мэргэжлийн уралдаанаас удаа дараа шагнал хүртсэн тэргүүний хөгжимчдийн нэг юм.
Шилдэг удирдаач: Д.Түвшинсайхан
Морин хуурч, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, удирдаач МУУГЗ тэрбээр Улсын филармонийн Морин хуурын чуулгын дотоод, гадаадын олон тоглолт, уран бүтээлийн удирдаачаар ажиллажээ.
Шилдэг жүжигчин: О.Энхтуул
Тэрбээр “Варьете” театрыг үүсгэн байгуулж байсан, тайз дэлгэцийн олон бүтээлд жүжигчний ур чадварыг мэргэжлийн хэмжээнд харуулсан жүжигчин юм. 2022 онд Орфей театрын “Опал” жүжгийн гол дүрийг амжилттай бүтээж, 13 жилийн дараа тайзнаа дахин гарч, ур чадвар, авьяас билэг, хөдөлмөр туршлага нь шилдэг жүжигчин болохыг баталсан юм.
Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг зураач: Э.Эрдэнэболд
2019 онд монголын хамгийн анхны 2D видео тоглоом болох Fragle-ийн ерөнхий зураачаар ажилласан. 2019 оноос Мөнх тунх 2D цуврал анимейшн, Онц дүмд, 2022 онд “Мөнх тунх ямар нэг юм аварсан нь” 50 ангит бүрэн хэмжээний анимейшн зэрэг олон ангит уран бүтээлд ерөнхий зураачаар ажиллажээ.
Шилдэг бүжиг дэглээч: Ё.Дамчаабадгар
Монголын анхны үндэсний балет Ж.Чулууны “Уран хас” балетын хөгжмийн зохиолыг нь албан ёсны зөвшөөрөл авч электрон хөгжмийн дуугаралт ашиглан шинэ дэглэлт, найруулгаар 2022 онд шинэчлэн тавьсан. Контемпорари бүжгийн хөдөлгөөнийг монголын бие биелгээний намба, биелгээгээр баяжуулан хүмүүн бичгийн домгийг уртын дуу, уран бичгийн гайхамшигтай хослуулсан бөгөөд монгол бичгийг зөвхөн бийрээр бичих бус биеэрээ зурж, уртын дуутай хослуулсан нь тоглолтын онцлог байв.
Шилдэг продюсер: М.Есөнмөнх:
Тэрбээр 2022 онд “Тамгагүй төр” үндэсний драмын жүжгийн ерөнхий продюсерээр ажиллажээ.
Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч: Э.Ёндоншарав
“Жангар” хүүхдийн жүжиг, “Сычуаний сайн хүн”, “Шөнө буусан аадар” жүжгийн найруулагчаар ажиллажээ.
"Тайзны урлагийн шилдэг бүтээл"-ээр “Херо” энтертайнментын “Тамгагүй төр жүжиг” физикл монгол драм бүтээл шалгарлаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Бавуугийн Лхагвасүрэн агсны бүтээл “Тамгагүй төр” жүжиг Монгол Улсын театрын урлагийн үе үеийнхний ур чадвар, авьяас хөдөлмөрийг сорьсон, үзэгчдийн хүлээлтийг үүсгэсэн, найруулга, дэглэлтийг шаарддаг өндөр босгыг тогтоосон бүтээл болсон юм. Найруулагч Б.Баатарын найруулсан энэ удаагийн хувилбар нь зөвхөн театрын уран бүтээлч төдийгүй ҮУИТ, орлон тоглогчдын багийн уран бүтээлчид болон театрын урлагийн физикл драмын урлагийг бүхий л төрлөөр нэгтгэж чадсан юм. Нийт 117 удаа Монголын театрын тайзнаа тасралтгүй тоглож 70 мянга гаруй үзэгчдийн хүртээл болон эдүгээ дэлхийд Монгол Улсыг сурталчлахаар бэлтгэж буй юм.
“Кино урлагийн шилдэг бүтээл”-ээр “Хаадын хаан пикчерс” компанийн “Трио” уран сайхны кино тодорлоо.
Соёлын өвийн шилдэг бүтээл:Чингис хаан музейн үзэсгэлэн үзүүлэг дэглэлт
Ном хэвлэлийн шилдэг бүтээл: Монголын Үндэсний музей “Нүүдэлчдийн агсарга бүс” каталог
Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл: МҮОНРТ “Нүүдэлчин зөн” арт медиа төсөл, “Ухамсар” бүтээл
Энэхүү төслийн “Ухамсар” бүтээлээрээ дамжуулан монгол язгуур сэтгэлгээ, соёл, өв уламжлал өнөөгийн нийгэмд хэрхэн тусаж, хэрхэн нөлөөлж байгааг үзэгч олонд хүргэх, сурталчлан таниулах, гадны зах зээлд гаргах зорилготой бүтээсэн төсөл юм.
Дуу хөгжмийн шилдэг бүтээл: “Монгол аялгуу хос пянз”
Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын “Монгол аялгуу хос пянз” нь чуулгын 30 жилийн түүхэнд бүтээн туурвисан шилдэг 23 бүтээлийн дээжсээс бүрдсэн бөгөөд тус пянзанд монгол ардын хөөмий, уртын дуу, ардын дууны найруулга, гоцлол хөгжмийн бүтээл багтсан нь уламжлалыг хослуулсан онцлог болжээ.
Зар сурталчилгааны шилдэг бүтээл: ЦЕГ-ын “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян
ЦЕГ-аас “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөлийн аяныг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан. Соёл урлагаар дамжуулан аюул ослоос сэргийлэхийг сануулж олон нийтэд хамгийн өргөн дэлгэр хүрсэн, нөлөөллийн эерэг үр дүн авчирсан цогц сурталчилгааны бүтээл болсон юм. Энэ хүрээнд 90 зурагт постер, 50 видео контент, 34 постерийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн нь олон нийтэд ихээхэн хүртээмжтэй болсон юм.
Дүрслэх урлагийн шилдэг бүтээл: Т.Одонгийн “Их эзэн Чингис хаан” уран зураг
Хувцас загварын шилдэг бүтээл: Д.Ариундэлгэр “Дэвил” коллекц
Дүрслэх урлагийн шилдэг бүтээл: Т.Одонгийн “Их эзэн Чингис хаан” уран зураг
Хувцас загварын шилдэг бүтээл: “Сэцэн фэйшн”компанийн загвар зохион бүтээгч Д.Ариундэлгэрийн “Дэвил” коллекц
Дизайны шилдэг бүтээл: Хүрээ лоунж интерьер дизайн
Архитектурын шилдэг бүтээл: Чингис хаан музейн зураг төсөл
Цахим шилдэг бүтээл: Гүюүк метаверс