Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театраас санаачлан соёлын салбарын уран бүтээлчдийн дунд "Амьд театр" хэлэлцүүлэг, үзэсгэлэн зохион байгууллаа. Монгол Улсад 1991 оноос энэ баярыг тэмдэглэдэг болж тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж, үзэсгэлэн дэлгэж, шилдэг бүтээлийн наадам зохион байгуулж ирсэн. Өөрөөр хэлбэл, жил бүрийн гуравдугаар сарын 27-нд бид дэлхийн “Театрын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Сүүлийн хоёр жилд “Ковид-19” цар тахлаас үүдэн эл үйл ажиллагаа тасалдаад байсныг өнөөдөр ийн сэргээв. Уран бүтээлчид, урлагт тайлангаа тавьдаг хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц, гэгээлэг баярыг театрынхан хэрхэн тэмдэглэж буйг сурвалжиллаа.
Улсын драмын театрт орон нутгийн театрын төлөөллүүд, хувьдаа театртай эзэд, залуус, драмын урлагт зүрх сэтгэлээ өгсөн уран бүтээлчид гээд олон эрхэм цугларчээ. Тэд театрын урлагийн ололт амжилт, ирээдүйд засаж сайжруулах зүйл, цаашдаа хүрэх зорилтын талаар ил тод ярилцаж мэтгэлцсэн билээ. Тодорхой хэлбэл, “Өнөөдрийн үзэгчдийн сэтгэлийг татахаас илүү агуулга дээр төвлөрч, ирээдүйд өв үлдээх хэрэгтэй”, “Өнөөдрийн үзэгчдийн зүрх сэтгэлд театр амьд байх ёстой”, “Өнөө цагийн үзэгчээ судал”, “Тэд хамгийн гоё хувцсаа өмсөөд сайн сайханд тэмүүлье гээд ирдэг. Тиймээс авьяас билгээ хурцал”, “Театрын түүх яриад яах вэ, ирээдүйгээ харъя. Ядмаг биш амьд театртай байя”, “Бид энд улсын драмын театрын тухай ярих гэж ирээгүй. Өргөн агуулгаар яръя”, “Монголын театр үхсэн Монголын театр дэлхийд тэргүүлэх боломжтой”, “Театр урлагийн багш нар 700 мянган төгрөгийн цалин авч байна. СУИС авьяастнуудыг шалгаруулж авч чадахгүй байна. Оюутан нь ихэссэн. Ангид багтахгүй А, Б, С гээд групп болоод хичээллэж байна. СУИС онцгой байх ёстой...” гэх зэргээр мэтгэлцэнэ. Товчхондоо, сайн муугаа ярилцаж, театрын ирээдүйг харж, ярилцлаа. Харамсалтай нь, эл уулзалт хэлэлцүүлэгт Соёлын яамны төлөөлөл ирсэнгүй, уран бүтээлчдийнхээ үгийг сонссонгүй.
Д.Цэрэнсамбуу: УДЭТ ирээдүйн үзэгч рүүгээ чиглэсэн ажлыг түлхүү хийнэ
УДЭТ-ын захирал, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуугаас Монголын драмын театрын хөгжил дэлхийн хаана яваа, цаашдаа театрын удирдлага юунд зорьж буй талаар тодруулаа.
-Олон улсын театрын өдрийн мэнд хүргэе. Манай улсын театрын хөгжил дэвшил ямар шатанд яваа талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Манай театр 1991 оноос Олон улсын театрын нийгэмлэгийн гишүүн болж, олон сайхан үйл ажиллагаанд оролцож ирсэн. Түүнээс хойш 30 гаруй жил олон улсын театрын өдрийг угтан янз бүрийн ажил зохиож, дэлхийн хэмжээний уралдаан, наадамд ч оролцож ирлээ. Өнөөдөр бид цаашид яах вэ гэдгээ хэлэлцэхээр “Театр амьд” хэлэлцүүлэг хийж байна. Дэлхийн театрын хөгжилтэй харьцуулахад Монголд шинэ цагийн театрт үүсэж хөгжөөд 90 жил болж байна. Хоцорсон зүйл бий. Гэхдээ монгол хүний оюун ухаан дэлхийд “тусгаар тогтносон”. Олон төрөл жанраар дэлхийн наадамд өрсөлддөг. Моно драмын төрлөөр амжилт гаргадаг. Одоо зөвхөн технологийн хоцрогдол байна. Үүнд бидний анхаарах зүйл бий, төр засаг дэмжих зүйл бас байна. Бид ард түмнийхээ оюуны хөтөч байсаар ирсэн. Цаашдаа соён гэгээрүүлэх ажлаа тасралтгүй хийнэ.
-Ирээдүйн үзэгчдээ хэрхэн бэлтгэдэг бол. Театрт дурлуулах яг ямар ажил хийж байна вэ?
-Аливаа улс үндэстний ирээдүй бол хүүхэд, залуус. Бид сүүлийн тав зургаан “Театр-үзэгч” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Эл хөтөлбөрөөр хүүхэд залууст театрын соёл заахаас гадна театрын аялал зохион байгуулдаг. Театрын тоглолтын дараа хүүхдүүдээ хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлдэг. Цар тахлын үед энэ ажлаа таслаагүй уулзалтуудаа хийж, “Цахим театр” төсөл хэрэгжүүлээ. Бидний ажилд хүндтэй байр суурь эзлэх бүтээл бол хүүхдийн уран бүтээл байдаг. Үүнийг бүр бодлогын хэмжээнд авч үздэг. Цар тахал намжиж, дэлхий нийтээрээ хөдөлгөөн арай нэг чөлөөтэй болж буй энэ үед УДЭТ ирээдүйн үзэгч рүүгээ чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөгөө гаргаад явж байна.