Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ян Вытопил өчигдөр “Монгол ньюс” компанийн байраар зочлон, “Өнөөдөр”, “UB post” сонины үйл ажиллагаатай танилцав. Найм дахь улсдаа томилогдон ажиллаж буй тэрбээр энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тус улсад өдгөө Монголын 12 мянга гаруй иргэн сурч, амьдарч байгаа аж. Элчин сайд “Манай улс Монголд арьс, ширний болон гутлын үйлдвэр байгуулж байв. Өнгөрсөн долоо хоногт тэдгээрийн үйл ажиллагаатай танилцсан. Эл томоохон гутлын үйлдвэр хаагдсан ч хувийн компаниуд худалданавч, одоог хүртэл ажиллуулж байна. Тэнд хуучин техник хэрэгслийг өдий хүртэл ашиглаж буйг хараад гайхсан. Энэ нь бидний бий болгосон аж үйлдвэрийн уламжлал хэвээр байгааг илтгэнэ. Гэвч үүнийг өөрчлөх хэрэгтэй” гэв. Түүнчлэн “Чех улс Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх болон аймаг, сумдын төвд ийм байгууламж шинээр барихад хамтран ажиллах сонирхолтой байгаа” хэмээн дурдлаа.