“Ковид-19 вакцинаас хохирогчид болон эсэргүүцэгчид” гэх хөдөлгөөнийхөн умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлаажуулалтыг буруушааж, олон нийтээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, тус хөдөлгөөнийхөн нийтийн тээвэр болон олон хүн цугласан газраар явж, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг үхлийн хортой, охид, хөвгүүддээ битгий хийлгээрэй хэмээн “уриалж” буй аж. Ингэх болсон шалтгаан нь ирэх сард өсвөр насны охид, хөвгүүдийг улсын хэмжээнд тус вакцинд хамруулах гэж буй учраас үүнийг эсэргүүцэж буй гэнэ. Манай улс умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч HPV-ийн эсрэг вакциныг 10 гаруй жилийн өмнө нэвтрүүлэх гэж байгаад яг ийм эсэргүүцэлтэй тулж, бүтэлгүйтэж байв.
Тэгвэл саяхнаас тус вирусний эсрэг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд хамруулаад буй. Үүний дагуу ирэх сард вакцинжуулалтыг эхлүүлэх юм. Вакциныг ямар ч судалгаагүйгээр чанаргүй, хортой хэмээн олон нийтийн тархийг “угааж” болохгүй гэдгийг салбарын эмч, мэргэжилтнүүд ч хэлж байна. 50 гаруй жил туршсан, эмнэл зүйн бүх шат дамжлагыг “давж”, үр дүнтэй, чанартай гэдгийг нь олон улсад хүлээн зөвшөөрсөн атал хэдхэн хүний эрх ашгаар дээрх кампанит ажил зогсох ёсгүй гэлээ. Монгол Улс яагаад HPV-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх шаардлагатай вэ.
Зүүн өмнөд Азийн орнуудын дундах умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр манай улс тэргүүлдэг. 2023 онд эл хавдраар 425 хүн өвдөж, 160 нь нас барав. Жилд дунджаар энэ мэт200 гаруй хүн энддэг. Гэтэл дээрх вакциныг нэвтрүүлээд, уг өвчнийг 60-80 хувь бууруулсан, бүрмөсөн ангижирсан улс ч цөөнгүй. Тодруулбал, HPV-ийн эсрэг вакциныг өдгөө дэлхийн 137 оронд нэвтрүүлэн, 9-14 насны охид, хөвгүүдийг хамруулж буй билээ. Манай улсад хэрэглэх дөрвөн цэнт вакциныг АНУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын гэрчилгээтэй, НҮБ-ын Хүүхдийн сан, “UNICEF Mongolia”-ийн шугамаар оруулж иржээ.
Өсвөр насныхныг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө уг дархлаажуулалтыг хийснээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч вирусээр хүйс хамаарахгүйгээр халдварлахгүй, цаашлаад бэлгийн үү, шулуун гэдэсний хавдраас ч давхар сэргийлдэг тул улс орнуудыг вакцинжуулалтад аль болох идэвхтэй хамрагдахыг ДЭМБ-аас зөвлөж буй юм. Тус байгууллагаас дэлхий нийтээрээ сэргийлж болох эл хавдраас ангижрах, ингэхийн тулд 2030 он гэхэд 15 хүртэлх насны охидын 90 хувийг вакцинд хамруулах зорилт тавьжээ.
О.ОРГИЛОХ