ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын нийслэлд өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон “Уур амьсгалын өөрчлөлт ба мөнх цэвдгийн хайлалт” сэдэвт олон улсын хуралд манай улсын ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын тэргүүлэх ажилтан, доктор С.Энх-Амгалан нар оролцжээ.
Уг үйл ажиллагааны үеэр ОХУ-ын дахь Мельниковын нэрэмжит Цэвдэг судлалын хүрээлэнд Монгол, Орос, Хятадын хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төвийг нээж буйгаа албан ёсоор зарласан байна. Ингэснээр гурван улсын судлаачид Мельниковын нэрэмжит олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нөөц, туршлагаа хуваалцах боломж бүрджээ. Цэвдэг судлаачид цаашид хэрхэн хамтран ажиллахаа хурлын үеэр хэлэлцсэн аж.