Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, чадавхыг бэхжүүлэх, тогтолцоог бүрдүүлэх” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь буюу хүүхдийн нас насны үечлэлээр үзлэгт хамруулж, ямар нэгэн согог, эмгэг илрүүлбэл цаг алдалгүй эмчилж, эдгэрүүлэх зорилготой. Манай улсад эл тогтолцоо төдийлөн хөгжөөгүй учраас эхний ээлжид хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын мэдлэг, чадварыг сайжруулах нь чухал байв. Салбарын яамныхан нийслэлийн дүүргүүд, зургаан аймгийн хүүхдийн болон сэргээн засах эмч нарыг дээрх төслийн хүрээнд сургаж байгаа аж.
Тодруулбал, Швейцарын Холбооны Улсаас Томас Бауман ахлагчтай хүүхдийн эмч нарын багийнхан Монголд ирж, хөгжлийн бэрхшээлийг хэрхэн цаг алдалгүй оношилж, эмчилдэг арга туршлагаасаа бидэнд хуваалцаж байна. Бүрэлдэхүүнд хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, хэл, хөдөлгөөн, хөдөлмөр засалч нар багтсан аж. Үүний үр дүнд манай эмч нар жишээ нь хараа, сонсголын бэрхшээлийг хүүхдийг есөн сартайгаас нь эхлэн гурав, зургаан сарын зайтай гэхчлэн үе шаттай шалгаж, оношлох шинэ арга техникт суралцаж буй гэнэ. Хөгжлийн хоцрогдлыг гэхэд л хүүхдүүдийн нас насанд нь тохирсон тоглоомоор тоглуулангаа мэдэх боломжтой зэрэг энгийн аргуудыг ч заалгаж байгааг албаныхан хэллээ.
О.БАТ