Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамж, “ДЦС-4”-ийн замтай холбосон зургаан эгнээтэй хоёр урсгалтай зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өчигдөр 14.00 цагт нээлээ.
Гүүр барих ажлыг 2022 онд, авто замыг нь өнгөрсөн жил эхлүүлснийг дуусгаж, ашиглалтад оруулсан нь энэ аж. Тус зам, гүүрэн байгууламж нь Яармагаас “ДЦС-4” хүртэл 2.84 км урттай. Үүнээс гүүр нь 391 метрийн урт аж. Эл үзүүлэлтээрээ нийслэлийн хамгийн уртгүүрэн байгууламжид тооцогдож байгаа гэнэ. Цаашид явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгахаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн.
Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт16 мянган автомашин зорчиж, тэр хэрээр замын түгжрэл, ачаалал өдрийн турш их байдаг. Тэгвэл шинэ гүүр ашиглалтад оруулснаар Яармаг орчмын замын түгжрэлийг 20-30 хувиар бууруулна гэж холбогдох албаныхан хэллээ. Мөн Сонсголонгийн болон Яармагийн хуучин гүүрний ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй гэв. Түүнчлэн гүүрний нээлтийн үеэр нийслэлийн ЗДТГ-ынхан ирэх оноос Улаанбаатарт хурдны зам барих ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн юм.