УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Ирэх оны Төсвийн тухай хуулийг бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төлөвлөлттэй хамтатган оруулж ирснээрээ онцлогтой. Мөн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэснээс гадна бизнесийн орчныг дэмжих татварын таатай бодлого хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасаныг бүлгийн гишүүд дэмжлээ” гэв. Төсөв хэлэлцэх үед баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн хүлээлт нь ирэх жилийн татварын бодлого байдаг.
Бүлгийн хурлын дараа Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсөвт бүсчилсэн хөгжлийн хүрээнд татварын ялгаатай бодлого баримтлах болсноо танилцууллаа. Үүнд бүсчиллээр зарим аймагт татварын бодлогыг өөрчлөх, мөн технологийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг бүрэн чөлөөлөх зэрэг өөрчлөлт багтжээ. Зарчмын томоохон өөрчлөлт нь аж ахуйн нэгжүүд нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтад хандив, тусламж үзүүлсэн бол тухайн компанийн жилийн орлогын нэг хувиар хязгаарлаж татвараас чөлөөлөх хуулийн заалттай болох аж. Үүнд соёл, спорт, ногоон байгууламж зэрэг зардлыг тайлагнаад татвараас чөлөөлж болно гэв.