Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны аав гэдгээр нийгэмд танигдсан, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын дарга, Байгаль орчны гавьяат ажилтан С.Төмөрсүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Баавгайн хөндий” баримтат киног Дэлхийн байгаль хамгаалагчдын 10 дугаар чуулганы үеэр толилуулахаар болжээ.
Уг киног египет гаралтай, Францын телевизийн нэрт найруулагч Хамид Сардар найруулж, зургийг нь Хөвсгөл аймагт авсан юм. Байгаль хамгаалагчийн амьдралаар дамжуулан байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны асуудлуудыг хөндсөнөөрөө уг бүтээл онцлог. “Баавгай хөндий”-г өнгөрсөн оны сүүлчээр Монголд албан ёсоор нээсэн бөгөөд үүнээс өмнө олон улсын нэр хүндтэй наадмуудад оролцуулж, 22 цом, шагнал хүртсэн билээ. Тэгвэл энэ удаа найруулагч Хамид Сардар эх оронд нь энэ сарын 7-11-нд болох томоохон хурлын зочид төлөөлөгчдөд бүтээлээ толилуулахаар шийджээ.