-Хоёр ч хүний гарын хээ шинээр олдов-
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш бүтэн 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд түүний амийг бүрэлгэсэн этгээдүүд олдсонгүй. Уламжлал ёсоор өчигдөр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг АН-ынхан зохион байгуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нийтэд ил болох боломжгүй мэдээллийг авах эрхтэй болсон хүний хувьд энэ хэргийг илэрсэн гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн мэдэгдсэн. Түүний амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар гэх гурван иргэнийг шалгаж шүүхээр хэлэлцэн ял шийтгэл оноосны эцэст цагаатгасан. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн үзсэн билээ.
Тэднийг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулах ажиллаж эхэлсэн байдаг. Тэгвэл эл ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан баг үргэлжлүүлэн шалгахаар болсныг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн юм. Уг нь Т.Чимгээ нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хүлээн авахгүй байгаа бөгөөд үүнд нь улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн оролцоо байж болзошгүй гэнэ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, цагдаа, тагнуулын ажилтнууд үргэлжлүүлэн мөрдөж буй.
Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Энхтөр өнгөрсөн тавдугаар сард “1998 оны аравдугаар сарын 3-нд хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд дотроос АНУ-ын шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж хариуг нь хүлээн авсан. Энэ ДНХ-ийн мэдээлэл нь дээрх хэрэгт холбогдон өмнө шалгуулж байсан бусад хүнийхтэй тохироогүй. Иймд тус ДНХ нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ ажлын хэсгийнхэн уг ДНХ болон шинээр цуглуулсан бусад нотлох баримтыг үндэслэн 7-8 хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Тэдгээрийн дунд хэрэг гарсны дараа тухайн хэргийн газарт оч¬ сон болон өмнө нь эл хэрэгт холбогдуулан шалгуулж байснаас өөр хоёр ч хүний гарын хээ олдсон гэнэ. Үүнтэй холбоотойгоор тэднийг хэн болохыг тогтоох ажиллагаа явуулж буй бөгөөд эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй.