“Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг нь энэ юм. Тус төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас Сансрын бодлогын үндэсний зөвлөлийн дарга, ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учралд даалгав. Мөн төслийн бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хариуцан хянаж ажиллах чиг үүрэгтэй Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд өгчээ.
Хиймэл дагуул хөөргөснөөр Монгол Улсын газар нутгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй харилцаа холбооны бие даасан сүлжээ үүсгэх нь. Ингэснээр интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг бүх иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн зөвхөн шилэн кабелийн сүлжээнээс хамаарсан интернэтийн гарцын эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үед байнгын харилцаа холбоотой байх, гамшиг, ослын эрсдэлийг бууруулах, хот, хөдөөгийн ялгааг арилгах, орон нутгийн иргэд, малчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цахим сургалтад хамрагдах боломж олгоно гэв.
Ташрамд дурдахад, манай улсын газар нутгийн хүн амьдрах боломжтой нийт хэсгийн 23.8 хувьд газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй аж.
М.ОЧ