ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн судлаач, мэргэжилтнүүд Хятад, Норвег, Герман, Польш, Шри-Ланка зэрэг 11 улсын их сургуулийнхантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон усны менежментийн чиглэлээр төгсөгчид” төслийг сүүлийн гурван жилд амжилттай хэрэгжүүлж дууссанаа олон нийтэд мэдээллээ.
Төслийн хүрээнд дээд боловсролын сургалтаар дамжуулан оюутан залуусын усны талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хөтөлбөр шинэчлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, багш нарыг чадавхжуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажил хийснээс гадна гидравлик (хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл дэх шингэний механик шинж чанартай холбогдсон салбар)-ийн судалгаа шинжилгээг хөгжүүлэх, лабораторийн орчин нөхцөлийг сайжруулахад анхаарчээ. Түүнчлэн хур тунадасны буюу борооны ус ашиглалтын менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн байна. Европын Холбоо тус төслийн хэрэгжилтийг хянаж, дүгнээд “сайн” үнэлгээ өгчээ.