Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газрыг чөлөөлөх үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Үүний хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцын сан бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Дэд төв байгуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг буюу Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц барьж буй юм. Уг орон сууцыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх, Сэлбэ дэд төв орчмын бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртсөн газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчдөд хууль тогтоомжийн дагуу нөхөх олговор өгөх асуудлаар Засгийн газраас тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэх гэнэ.
Гэр хорооллын суурьшлын бүсэд зургаан дэд төв байгуулах шийдвэрийг нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. Үүний хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр инженерийн дэд бүтэц, барилга, байгууламжийг барьж эхлээд буй юм. Нэгдүгээр үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээний ажлыг 100 хувь гүйцэтгэж, барилгажуулах ажил нь өдгөө үргэлжилж байгаа гэнэ.
Инженерийн дэд бүтцийг нь бүрэн шийдсэн Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, 12 000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүнээс одоогоор 1238 нэгж талбарыг бүрэн чөлөөлж, 1235-ынх нь өмчлөгчид нөхөх олговор өгсөн гэнэ. Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах ажлын хүрээнд эхний ээлжид 13 га талбайд бүтээн байгуулалт хийхээр тендер зарласан байна.