Сонгодог урлаг бол хүн төрөлхтний гоо сайхан, мөн чанар. Тиймдээ ч Ф.Шопены ноктюрн, этюд, прелюд төгөлдөр хуурын салшгүй хэсэг болж, Л.Бетховений сонатууд, А.Моцартын симфони бүтээлүүд зуун дамжин дэлхий даяар эгшиглэж байна. Энэ л авиа, хэмнэл нь өнө мөнхөд аялгуу, зохицлоороо ялгагдаж буй. Түүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, ойлгуулах нь чухал юм. “Фантазиа” студийн ээлжит тоглолт “Epic version” өнгөрөгч амралтын өдрүүдэд “Cor¬porate convention” төвд боллоо. Тус студи нь Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдээс бүрдсэн оркестроор дэлхийн дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн хөгжмийг албан ёсны эрхтэйгээр толилуулдаг. Үүсгэн байгуулагч, продюсер Д.Бат-Эрдэнэ, хөгжмийн найруулагч З.Мөнх-Өлзий нар “Pixar” болон “Ghibli” зэрэг анимейшн студийн хөгжмийг оркестроор тоглож, үзэгчдэд хүргэхийг багаасаа мөрөөджээ. Ийнхүү тэд анх 2022 оны есдүгээр сард “Anime in concert” тоглолтоор хөшгөө нээж байлаа.
Түүний дараа “Pixar in concert”, “Film in concert”, “Superheroes in concert”, “An¬imation in concert” зэрэг найман тоглолтын ард гарчээ. Эдгээр тоглолтод “Дисней”-н “Алладин”, “Үнсгэлжин”, “Tom and Jerry” зэрэг бүх цаг үеийн шилдэг 12 хүүхэлдэйн кино, “In the mood for love”, “La la land”, “Shape of water” зэрэг хайрын тухай киноны 15 хөгжмийг багтааж байв. Мөн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер, Жон Уильямс нарын уран бүтээл төдийгүй Холливудын шилдэг кинонуудын хөгжмийг толилуулсан удаатай. Тэгвэл энэ удаад тэд тоглолтоо “Film in concert-Epic version” хэмээн нэрлэжээ. Үүнд “Бөгжний эзэн”, “Биелэгдэшгүй даалгавар”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Цэрэг Райаныг аварсан нь”, “Хаан ширээний тоглоом”, “Гладиатор”, “Жеймс Бонд” зэрэг киноны хөгжим багтсан байлаа.
Товчхондоо, тэд өргөн цар хүрээг хамарсан адал явдалт, түүхэн, домог, туульсын сэдэвт киног сонгожээ. Танхимын хаалгыг хараахан нээгээгүй байлаа. Гэсэн ч танхимын үүд, угтах хэсэгт багтах зайгүй шахам үзэгч цуглажээ. Тоглолтыг ивээн тэтгэгчдийн сурталчилгааны хэсэгт үзвэрээ эхлэхийг хүлээх хүмүүс зургаа авхуулж харагдлаа. Үзэгчдийг угтах хэсэг маш даруухан аж. “Фантазиа” хэмээн бичсэн том самбар огт үзэгдсэнгүй. Үзэгчид хоёр эгнээгээр цуварсаар танхимд суудлаа эзлэхэд сул хэсэг огтхон ч харагдсангүй. Тоглолт шууд л Кристофер Нолан найруулагчийн “Inception” киноны хөгжмөөр эхлэх нь тэр. Хөгжим тэр чигтээ Ноланы зүүдээр аялуулах мэт. Ийнхүү хөгжмөөс хөгжмийн хооронд хөтлөгчид үзэгчдэд уран бүтээлийн тухай мэдээлэл өгч, чиглүүлж байлаа. Ийм тоглолтод дуугаралт хамгийн чухал. Оркестрын тайз бүх л талаас харагдах дэлгэцтэй агаад хөгжмийн дуугаралт өө сэвгүй, төгс байсан нь бусад тоглолтод тогтоох жишиг мөн байв.
Түүнчлэн “Dune”, “No time to die” зэрэг хөгжмийг толилуулах үеэр дуучин Б.Маралжингоо, Ц.Энгүүн нар дуулав. Дан оркестр хөгжмөөс бүрдэх тоглолтод удирдаач бол гол дүр. Алдарт хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглодог “Фантазиа” студийн уран бүтээлчид энэ удаад ДБЭТ-ын удирдаач Ц.Тэлмүүн-Очиртой хамтарч ажиллажээ. Түүнчлэн Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Баянмонгол” чуулга, “Fat cat” жазз клубийн хөгжимчид оролцлоо. Ц.Тэлмүүн-Очир удирдаачийн хувьд уран бүтээлийн судалгаа хийж, найрал хөгжмийг дэлхийн шилдэг уран бүтээлд чиглүүлж ажиллана гэдэг амаргүй байсан нь дамжиггүй. Тэр маш хариуцлагатай, нямбай ажиллажээ. Сэтгэл хөдлөл, оюун ухааныг хослуулсан ийм нэгэн гайхалтай үдшийг “Фантазиа” студийнхэн үзэгчдэд бэлэглэлээ