Монголын мөсөнд авиралтын тамирчдаас ОУХМ Ч.Мандахбаяр өдгөө дэлхийн шилдгүүдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болжээ. БНСУ-ын Чонгсон, Францын Шампаньи-Ан-Вануаз, Швейцарын Саас-Фи хотод болсон мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд амжилттай оролцож, иж бүрэн медаль хүртсэн билээ. Тэрбээр дээрх тэмцээний дараа Канадын Эдмонтон хотод өнгөрсөн хоёрдугаар сард болсон ДАШТ-д өрсөлдөхдөө гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн. Түүний хувьд 2022 он амжилт дагуулах эхлэл байв. Францын Шампаньи-Ан-Вануаз хотод зохион байгуулсан цуврал II тэмцээний хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, шагналын буухиаг үргэлжлүүлсэн юм. Тухайн цагаас Азийн орнуудаас Монголын тамирчид ур чадвараараа хүч түрэн орж ирж, авирах арга барил, техникээрээ Европын аваргуудыг хол хаяж гайхшируулах болов. Авиралтын олон төрлөөр хичээллэдэг түүний гаргасан амжилтуудыг дурдвал сонины нэгээхэн зай даанч хүрэлцэхгүй. Тухайлбал, дотооддоо 2018 онд байгалийн хаданд авиралтын УАШТ, Улаанбаатар хотын АШТ-ий хурдны төрөлд тус бүр түрүүлсэн түүний хувьд спорт авиралтын УАШТ-ий хурд, боулдеринг төрөлд хүрэл, техникийнхэд алтан медаль авсан. Мөсөнд авиралтаар 2020 онд Азийн АШТ-ээс багаараа мөнгөн медаль зүүсэн бол тэрбээр тэр жилээ ОХУ-ын “Горьк Байкал” клубийн тэмцээнд тэргүүлж байв. Дараа жил нь “Karakorum ice challenge 2021” тэмцээнээс хүрэл медаль гардаж, мөсөнд авиралтын ДАШТ-д багийнхантайгаа III байрт шалгарсан юм.
-Таныг БНСУ-д бэлтгэл базааж буй гэж сонслоо. Тус улсын тамирчид спорт болон мөсөнд авиралтын тив, дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлддөг. Тэдэнтэй бэлтгэл хийх цаг хугацаа хэр үр дүнтэй өнгөрч байна вэ?
-БНСУ-д хөл тавиад сар гаруйн хугацааг үдлээ. Нэг л мэдэхэд намрын улирал дуусаж, өвлийн сард зохион байгуулах тэмцээн дөхжээ. Энд цаг хугацааг уйдах завгүй өнгөрүүлж, спорт авиралтын залуучуудын шигшээ багийнхантай бэлтгэл хийж байна. Тэд тус улсын дараагийн залгамж, халаа нь тул бодлогоор дэмжиж, бэлтгэл хийх бааз сууриар хангахад анхаарал их хандуулж буй анзаарагдсан. БНСУ “Лос-Анжелес-2028” олимпын наадмын тэмцээнийг хоосон өнгөрөөхгүй гэсэн байр суурь хүмүүсийнх нь сэтгэл, зүтгэлээс харагдлаа.
-Тэнд очоод таны хамгийн их судалж буй гол зүйл юу вэ. Тамирчдын хувьд туршлага солилцоно гэдэг давуу тал болов уу?
-Тийм шүү. Энд ирээд удаагүй байхад спорт авиралтын залуучуудын шигшээ багийн тамирчид нь ДАШТ-д амжилттай оролцоод эх орондоо ирж таарсан. Миний хувьд Чонжү хотод бэлтгэл базааж буйгийн гол шалтгаан бол залуучуудынх нь багийн сургуулилалтын систем, арга барил, ачааллыг ажиглан судлахад чиглэж байна.
-Өрсөлдөгчтэй байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж тамирчдын ярихыг цөөнгүй сонссон. Манайхан ОХУ, Ираны багийнхантай хэр холбоотой байж, харилцан туршлага судлах тал дээр анхаарал хандуулж ажилладаг вэ?
-Өрсөлдөгч, өрсөлдөөн байхгүй бол өсөлт, ахиц дэвшил гарахгүй шүү дээ. Хамтран ажиллаж, харилцан туршлага судлах нь холбоод хоорондын шийдэх асуудал болов уу. Манайх шиг бааз тааруухан тамирчид бусад орны баазыг ашиглаж, тамирчидтай нь хамтарсан бэлтгэл хийх нь маш их үр дүнтэй юм. Энд ирснийх тамирчидтай нь танилцаж яриа өрнүүлэх зуураа ирэх сараас мөсөнд авиралтын баазад нь хамт бэлтгэл хийх боломжоо бүрдүүлж амжлаа.
-“Парис-2024” олимпын наадам өндөрлөөд хоёр сар болжээ. Та тэр үеэр спорт авиралтын тэмцээн үзсэн байх. Дэлхийн шилдгүүдээс энэ удаа хэнийх нь авиралтын техникийг сонирхож харав?
-Парисын олимпын спорт авиралтын тэмцээнийг “Централ” телевизэд тайлбар хийхдээ үзсэн. Н.Хэрлэн ахтай тайлбар эхлэхийн өмнө хоёр тамирчныг онцолж, таамаг дэвшүүлсэн юм. Бидний таамагласнаар ч болсон. Нэгдүгээрт, олимпын аваргаар тодорсон Британи улсын19 настай тамирчин Тоби Робертсын тэсвэр хатуужил, ур чадвар, техник үнэхээр сайн байлаа. Тэрбээр спорт авиралт бол залуу спорт гэдгийг бүх зүйлээрээ харуулсан. Хоёрдугаарт, мөнгөн медаль хүртсэн Японы тамирчин, 18 настай Сорато Анраку тэмцээний үед сэтгэл зүйгээ зөв залж, удирдсан нь гайхалтай байв. Залуу тамирчин гэхэд өмнөө тулгарсан бүхнийг хэдийн даван туулаад гарсан нь хүчирхэг санагдсан.
-Өвлийн улирал хаяанд ирлээ. Мөсөнд авиралтын тамирчдын хувьд бэлтгэл хийхээр яарч, цас орохыг догдолж хүлээдэг шиг санагддаг?
-Өнгөрсөн жилээс олон улсын хүүхдийн“Найрамдал” төвд бэлтгэл хийх боломжгүй болсон. Тиймээс тамирчид гадаадын тэмцээнд бэлтгэлгүй оролцох хүндхэн асуудалтай тулгарахад ойрхон байна. Энэ жил цаг хугацаа алдахгүйг хичээнэ. Анхны цас ороход мөсөн хана барьж эхлэх бэлэн суурьтай болох талаар, эсвэл хаана боломжтойг эртнээс ярилцаж шийдэх хэрэгтэй. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн тул бага зэрэг догдолж байна. Гэхдээ өмнөх жилийнхээ амжилтыг дахин шинэчлэхийг зорьж байгаа.
-Тамирчин хүнд тэмцээний талбарт цойлох цаг хугацаа гэж бий. Таны хувьд 2024 он аз, амжилт далласан өөдрөг жил байна. Та БНСУ-д нэгдүгээр сард болсон “Дэлхийн цом”-оос мөнгөн медальтай ирснийхээ дараа Швейцарын Саас-Фи хотыг зорьж, хурдны төрөлд тэргүүлэн алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон шүү дээ.
-Миний хувьд 2024 онололт амжилт ихтэй жил байлаа. Гэхдээ хойшид үүнээс илүү байх байр сууриа энэ жил маш сайн бэхэлж өгсөн гэж бодож байна. Би ийм амжилтыг ганцаараа хэзээ ч гаргаж чадахгүй. Намайг дэмжиж, миний төлөө гар, сэтгэл нэгдэж ажилладаг олон хүн байгаад баярладаг. Тэдэндээ маш их баярлалаа, хайртай шүү гэж уламжилъя. БНСУ-ын Чонгсон хотод болсон“Дэлхийнцом”-оос мөнгөн медаль хүртсэний дараа миний сэтгэл зүй хүчирхэгжсэн. Түүнчлэн Швейцарын Саас-Фи хотод дараагийн цуврал зохион байгуулахад нь түрүүлэх зорилготой явсан юм. Учир нь надад алтаас бусад медаль байв. Миний хувьд Саас-Фид гурав дахь удаагаа хөл тавьж, түрүүлсэндээ талархдаг. Өмнө нь зорьж очсон газруудаас тус хот хамгийн гоё, сонирхолтой нь. Тэнд тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулдаг нь их таалагддаг.
-Европын шилдгүүд хурдны төрөлд Азиас, тэр дундаа Монголын тамирчинд тэргүүн байраа алдана чинээ бодоогүй байх л даа.
-Сүүлийн хэдэн жилд мөсөнд авиралтын хурдны төрөлд Азийн тамирчид хүч түрэн орж ирсэн шүү дээ. Тэр дундаа Иран, БНСУ-ын тамирчид техникийн төрөлд дэлхийн аваргатай. Тэд чансаагаараа дээгүүр жагсдаг. Тэднийг дагаад хурдны төрлийн тамирчид нь ч богино хугацаанд ур чадвараа ахиулсан. Тэмцээний үед тамирчид нь сэтгэл зүй өндөртэй байгаа нь анзаарагддаг.
-Канадын Эдмонтон хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан ДАШТ-д гурван цуврал тэмцээний нийлбэр дүнгээр та амжилтынхаа чансаагаар тэргүүн байрт жагссан. Ийм өндөрлөгт хүрэхийн тулд өөрийгөө тал бүрээс дайчилж, амрах завгүй хөдөлмөрлөсөн гэдэгт эргэлзэхгүй байна?
-Тэгэлгүй яах вэ. Өөрийгөө завгүй байлгах тусам өмнөхөөсөө илүү эрч хүч авдаг минь миний зан чанартай их холбоотой. Завгүй байхад янз бүрийн зүйлд анхаарал сарнихгүй. Зөвхөн хийх ёстой зүйлдээ төвлөрөхөд амар байдаг юм. -Олон улсын уулын холбооны мэргэжилтнүүд БНСУ-ын Чонгсон хотод “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн эхлэхийн өмнө шилдгүүдээс өнгөрсөн жилийн аварга, Ираны тамирчин Мохсен Бехештийг түрүүлэх магадлалтай гэж онцолж байлаа. Тэдний тааврыг та будилуулж, шигшээд түүнийг илүүрхэж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Тэр үед танд төрсөн бодлоо хуваалцаач. -Дэлхийн аварга, Ираны тамирчинтай хагас шигшээд гарахын өмнө “Түүний амжилт гаргах хугацаа дуусчихсан” гэж өөртөө хэлсэн. Тамирчдад сэтгэл зүйгээ удирдах олон төрлийн арга байдаг. Миний хувьд ингэж өөртөө хэлсэн минь түүнийг энэ салбарт хугацаатай ирсэн, одоо ялж, явуулах ёстой гэсэн утгатай юм.
-Аваргын төлөө та Н.Хэрлэнтэй өрсөлдсөн. Монголын тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлдсөн нь олон орны үзэгчдийн анхаарлыг их татаж байв. Ямар ч тэмцээнд медалийн төлөө үзэлцэх тамирчдын өрсөлдөөн сонирхол татдаг шүү дээ.
-Бид хагас шигшээд шалгараад оноолтоо харсны дараа бүгдийг нь буулган авч, алтан медалийн төлөө уулзъя гэж ярилцаж тохирсон. Ярьснаа ч биелүүлсэн. Миний хувьд ялсан ч, ялагдсан ч Монгол Улс алт, мөнгөн медальтай боллоо гэж тайвширсан нь түүнд ялагдахад хүргэсэн байх гэж боддог. Энэ нь спортын хамгийн сайхан мөч байж магад. Олимпын тэмцээнд аваргын төлөө Монголын хоёр тамирчин уралдахыг үгүйсгэхгүй.