Сүүлийн үед манайд хуучин хувцасны солилцоо, хаягдлыг шатаах үйлчилгээг өргөн нэвтрүүлэх болжээ. Үүний зорилго нь байгаль дэлхийд удаан задарч, шимэгддэг энэхүү хог хаягдлыг бууруулах явдал юм. Тэгвэл нийслэлд хувцас шатаах үйлчилгээ явуулдаг хэд хэдэн газар байдаг аж. Тэд ихэвчлэн үйлчлүүлэгчдийн захиалгын дагуу гэрийн хаягаар нь очиж, шатаалгах хувцас, эд зүйлсийг жинлэж авдаг байна. Хувцас нэг кг-ыг 2500-3000, гутал, арьс болон нэхий эдлэлийг 4000 төгрөгөөр тооцон авч, шатаадаг аж. Иргэд ийм үйлчилгээг фэйсбүүкээс хайхад л хялбархан олдоно.
Та эдгээр газрын хаягийг ч лавлах шаардлагагүй, утасны дугаараар нь холбогдоод, гэрээсээ хогоо ачуулах боломжтой. Тэр дундаа хотын төвийн орон сууцын айл өрхүүдэд хувцас шатаах үйлчилгээ эрэлттэй байдаг гэнэ. Ил хувцас, хог шатаахад галын илч 600 хэмд хүрч, байгальд метан болон бусад хорт хий ялгардаг. Харин зориулалтын зууханд буюу 1000 хэмийн халуунд хувцас, хэрэгсэл бүрэн шатдаг тул байгальд ээлтэй гэсэн үг. Ташрамд, ганцхан цамц хөрсөнд ялзарч, задрах хугацаа 600 жил гэсэн судалгаа бий. Тиймээс хог хаягдлыг зориулалтын дагуу устгах хэрэгтэйг дээрх үйлчилгээг үзүүлэгч нар олон нийтэд зөвлөв. Тэд стандартын дагуу, зориулалтын тоног төхөөрөмжид үйлчилгээ үзүүлдэг байна.